Ц.Энхбаавгай: Томхон аймгийн хүн амтай тэнцэх тооны өвчтөнг эмчилсэн байна

-БУРУУ БАЙРЛАЛТАЙ ХҮҮХДИЙГ ЗҮҮ ТАВИАД ЭРГҮҮЛЧИХДЭГ ЮМ-

Дондогийн Цэвэгмид гэж улс төр, нийгмийн томоохон зүтгэлтэн, нэрт дипломатч, зохиолч нэгэн байлаа. Түүний хүү Ц.Энхбаавгай “Өргөө” амаржих газрын онош зүйн хэсгийн физик эмчилгээнд их эмчээр ажиллаж байна. Түүнтэй ярилцлаа.

 -Таны хүүхэд нас, сургууль соёлоос яриагаа эхлэх үү? 

-Би Улаанбаатарын уугуул, эмээ, эцэг, эхийн гар дээр хүүхэд нас минь өнгөрчээ. Намайг сургуульд ороход аав Хятадад Элчин сайд байлаа. Тиймээс би тэнд Зөвлөлтийн Элчингийн сургуульд орсон. Төдөлгүй соёлын хувьсгал гарч, 1967 онд эх орондоо ирж, Зөвлөлтийн нэг, гуравдугаар арван жилийн сургуульд сурч төгссөн дөө. Ингээд Германы Лейпциг, Фрейберг хотноо герман хэлний бэлтгэлд суралцсан. Удаа нь Хумбольдтын их сургуулийн Анагаах ухааны факультетийг дүүргэж хүний их эмч болов.

-Дараа нь хаана ажиллав аа? 

-АУДС-ийн дотор, онош зүйн тасагт бараг есөн жил багшилсан. Энэ хоорондох бүх төгсөгчийг миний шавь гэхэд болно. Дунд нь буюу 1985-1987 онд Берлинд ординатурт суралцан мануальтерапи буюу гараар засах мэргэжил эзэмшсэн юм.

-Таны энэ аргатай төстэй монгол бариа, европ массаж, аарцаг, нурууны засал гээд эмчилгээ байх юм. Тус тусад нь тайлбарлана уу. Хүмүүс төөрөлдөөд байх шиг? 

-Гараар засахыг Бүдханд эмч бид хоёр Монголд анх оруулж ирсэн юм. Аливаа өвчин тархи толгой, нуруу нугастай холбоотой гэсэн онолд тулгуурладаг эмчилгээ юм. Монгол бариа дэлхийд хаана ч байдаггүй. Тархи нь доргисон хүний толгойны баруун хэсэгт нь хүйтэн жин тавьж, нугасны ус аваад харанхуй өрөөнд хэвтүүлчихдэг. Монголчууд ганц хоёр бариад л босгоод ирнэ. Европ массажийг эмчилгээ, гоо сайхан, спортын гэж ангилдаг. Цусны эргэлтийг сайжруулан, бодисын солилцоог идэвхжүүлж, тайвшруулахын зэрэгцээ өвчин намдаадаг иллэг л дээ. Японы аарцаг, нурууны бариа нь аарцаг, нуруу гажсанаас дотор эрхтэн өвчилдөг гэх онолтой. Эдгээрийг рефлекс эмчилгээ гэдэг. Засалч хүн гудамжаар яваа улсыг хараад л ямар өвчтэй болохыг нь тодорхойлж чаддаг. Хөл нь урт, богино, эсхүл гутлын өсгий нь аль нэг талдаа илүү элэгдсэн, өрөөсөн талын өмдний шуумаг нь сэмэрсэн байх жишээний.

-Энэ чиглэлээр хэзээнээс хаана ажиллав? 

-Ардчилал эхлэнгүүт арай чөлөө тэй болсон доо. Тэр цагаас нэгдүгээр эмнэлгийн физик эмчилгээний тасагт ажиллалаа. Завсар чөлөөндөө уламжлалт эмнэлгийн курст сууж зүү, төөнүүр, хануур, самнуур, монгол барианд суралцсан. Эдгээрийг гараар засахтай хослуулахаар үр дүн нь улам сайжирдаг юм билээ. Сонирхуулахад, намайг Германд сурч байхад зүү, төөнүүрийг ойшоодоггүй байв. Одоо хүсэмжилдэг болж. Дэлхий нийтээрээ эмийн бус эмчилгээг дээдэлдэг болсон байна шүү дээ.

-Та энд яг ямар эмчилгээ хийж байна вэ? 

-Бүгдийг л хийнэ. Гэхдээ энэ чинь төрөх эмнэлэг шүү дээ. Илүү тээлтэд зүү тавьдаг. Жирэмсэн эмэгтэй 37-41 долоо хоногтоо төрөх ёстой. Үүнээс хэтрэхээр илүү тээлт болж байгаа юм. Зүү тавихаар савны амсар нь нээгдэж, савны агшилт сайжирснаар амархан төрдөг. Хүчтэй эм тариа хийх шаардлагагүй. Буруу байрлалтай буюу өгзгөөрөө гарах гээд байгаа хүүхдийг зүү тавиад эргүүлчихдэг. Гараар эргүүлэх гэж зүдрэхээ больсон гэсэн үг. Хүчтэй суулгаж байгаа хүний хүйсэнд зүү тавиад төөнөхөд босоод л ирдэг. Зүү бол Хятадаас гаралтай 5000, түүнээс чинагш жилийн өмнөөс үүсэлтэй эмчилгээ юм.

-Төөнүүр гэдэг нь юу вэ?

-Зүү тавиад эмийн ургамлаар халаахыг хэлнэ. Тамхиар төөнөсөн ч болно. Дулааны үйлчилгээ үзүүлдэг. Суудлын болон мэдрэлийн гаралтай бусад эмгэгт нэн сайн даа.

-Одоо хануур, самнуурын тухай ярихгүй юу? 

-Хануур нь венийн судсыг хатгаж цус авахыг хэлнэ. Өвөг дээдэс маань амьтныг ч ханадаг байж. Одоо ч хатгадаг. Самнуур нь бумба тавиад тэнд нь хатгаж цус аваад буцаагаад бумба тавьдаг арга. Энэ хоёрын үйлчилгээ адилхан даа. Толгой өвдөх, хөөрөх, хуян, хуйх бамбалзахыг энэ хоёр аргаар илааршуулдаг юм.

-Мартсанаас ган, алт, мөнгөн зүү гээд байх юм билээ. Тус бүртээ онцлогтой юу? 

-Ган нь ердийн эмчилгээний зүү. Алт, мөнгөн эд биш л дээ. Алтадсан зүүг халуунтай өвчтөнд тавихад сайн, мөнгөлсөн нь хавдарт тохиромжтой. Зэс зүү гэж бий. Халдварт өвчинд тустай гэдэг юм билээ. Надад аль аль нь бий.

-Өөрт тохиолдсон сониноосоо хуваалцана уу? 

-Сонин зүйл бишгүй л дээ. Хөвсгөлд ажлаар явж байтал нэгэн эх “Хүү минь гэнэт хэлгүй болчихлоо” гээд 20 настай залуу дагуулж ирэв. Үзлэгээр, хэл нь бүтэн гарахгүй булталзаад байлаа. Хэл, ярианы рефлекс нь алга. Миний хэлэхийг ойлгоод байх юм. Зүү хоёр дахиа тавиад “За үг хэл дээ” гэсэн чинь “Ээж ээ” гэдэг байгаа. Ингээд л хэлд орчихсон. Хамт ажилладаг залуустайгаа муудалцаад хүрзээр толгой руугаа цохиулснаа ярьсан. Энэ бол ид шид биш, эмчилгээ гэдгийг онцлох хэрэгтэй. Амьтанд нэг удаа зүү тавьсан. Нохой маань гударгатаад хэцүүдэв. Зүү тавьтал, хоёр хоноод босоод ирсэн шүү.

-Та өнгөрсөн жилүүдэд хичнээн хүнийг эмчилсэн бол?

-Бүртгэлээ тоолж суух зав алга. Манай сувилагч Төгсөө тоолоод 100 мянга гарчээ гэсэн. Нэг томхон аймгийн хүн амын тоотой тэнцэх өвчтөн эмчилсэн юм уу даа. Цаашид ч хэдэн жил ажиллах зай байна даа.

Г.Мөнхнасан


URL:

Сэтгэгдэл бичих