Ш.Одонтуяа: Монголын бүжгийн урлаг ямар төвшөнд байгааг харуулаад ирлээ

ӨМӨЗО-ы Хөх хотод болсон монгол туургатны бүжгийн наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид оролцож, зургаан алтан цомтой ирсэн билээ. Тэр дунд орчин цагийн монгол бүжгийн төрөлд Монгол Улсын гавьяат жүжигчин А.Даваахүү дэглэж, соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч М.Бирваа аяыг нь туурвисан “Салхит шувуун” бүтээл алтан цом хүртсэн юм. Бүжгийн гол дүрийг бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Одонтуяатай ярилцлаа. Тэрбээр Цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлч, гавьяат жүжигчин З.Шагдарын охин юм.

-Монгол туургатны наадамд оролцсон зорилгоо танай чуулгын уран бүтээлчид бүрэн биелүүлээд иржээ. Туурга нэгтэй монгол бүжигчдийн наадам өрсөлдөөн ихтэй болов уу?

-ӨМӨЗО-ы Хөх хотод Чингис хааны нэрэмжит монгол туургатны бүжгийн наадам боллоо. Наадамд манай чуулга зургаан бүжгээр өрсөлдөөд зургаан алтан цомтой ирлээ. ҮДБЭЧ-ын тайзнаа “Жороон жороо”, “Салхит шувуун”, “Угсаатан” гэсэн томоохон бүтээлийг туурвисан. Эдгээр бүтээлийг төр засгийн томоохон арга хэмжээний үеэр тоглуулдаг. Өөрөөр хэлбэл, Монголын бүжгийн урлаг ямар төвшинд явж байгааг тодорхойлдог уран бүтээлүүд байгаа юм. Энэ утгаараа монгол туургатны наадамд Монгол Улсын бүжгийн урлаг ямар төвшинд байгааг харуулаад ирлээ. Наадамд манай чуулгын 35 бүжигчин оролцсон.

-Та “Салхит шувуун”-ыг гоцлон бүжиглэсэн. Наадамд оролцсон бусад бүжигчний хувьд онцлог зүйл байв уу?

-Өвөрмонгол бүжигчдийн хувцасны хормой нь их урт байдаг. Гэтэл манай “Салхит шувуун” бүжгийн хувцас богино хормойтой учраас бүжигчдийн хөлийн хөдөлгөөн тод харагдаж байсан. Энэ нь өвөрмонгол бүжигчдийн хувьд анхаармаар зүйл байсан болов уу. Өвөрмонгол бүжигчид тоглолт сайтай. Энэ утгаараа өвөрмонгол бүжигчдэд биднээс сурах зүйл их байсан. Бас манайханд ч гэсэн тэднээс сурах зүйл олон байлаа.

-“Салхит шувуун” бүжиг уран бүтээлчээс ямар чадвар илүүтэй шаарддаг гэж та боддог вэ?

-Шувуу ангаа маш богино хугацаанд шүүрдэг шиг бүжигчнээс хурд шаарддаг бүтээл юм. Манай “Жороон жороо” бүжиг ч гэсэн тал дээр асгасан будаа мэт 35 бүжигчин тайз дүүрээд гараад ирж байгаа нь үнэхээр сайхан харагддаг. Мөн “Угсаатан” бүжгийг өвөрмонголчууд “бүжгийн сургаал” гэж онцолсон. Учир нь олон үндэстний бүжгийн онцлогийг нэгэн тайзан дээр үзүүлдэг. Хамгийн гол нь Өвөрмонголын бүжгийн урлагт олон үндэстний бүжгийг багтаасан бүжиг байдаггүй гэсэн. Тиймээс олон бүжгийг холиод гаргасан юм шиг сонирхолтой санагдсан байх.

-Монгол туургатны наадамд оролцсон бүжигчдэд ямар нэгэн боломж нээгдсэн үү?

-Наадамд Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд удаагүй байгаа арав гаруй бүжигчнийг бодлогоор авч явсан. Эдгээр залуу бүжигчин наадамд оролцсоноор туршлага хуримтлуулж, цаашдын тоглолтдоо амжилт тай оролцох эх суурийг нь энэ удаагийн наадам тавьсан гэж бодож байна. Наадамд орол-цож байгаа бүжгийн хамтлаг хамгийн багадаа 28 хүний бүрэлдэхүүнтэй байлаа. 2016 онд зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн мэндэлсний зуун жилийн ой болно. Энэ ойн хүрээнд нэрэмжит бүжгийн наадам зохион байгуулна. Түүнд Өвөрмонголын бүжигчид оролцохоор болсон. Уг нь бүжгийн наадмыг өнгөрсөн жил зохион байгуулах ёстой байсан ч мэндэлсэн өдрийг нь давхцуулж хийхээр төлөвлөсөн юм.

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга үүсч хөгжсөний 65 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд чуулгын бүжгийн анги ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Чуулгынхаа ойн хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс бид наадамд явж ирснийхээ дараа хоёр хоноод л ажилдаа орлоо. Энэ удаад“Монголын их хатад” бүжгэн туульс, “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжиг, үндэсний хөгжмийн их найрлын“Монголын их нүүдэл” концертыг тавихаар бэлтгэл ажил даа ороод байна.

-Та чуулгадаа хэд дэх жилдээ бүжиглэж байна вэ?

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад 1988 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Монгол үндэсний хамгийн анхны бүжгэн жүжиг амилсан энэ чуулгынхаа тайзан дээр Монголын сор болсон уран бүтээлчидтэй хамт ажиллаж байгаагаараа үргэлж бахархдаг. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга миний хоёр дахь гэр. Тиймээс сэтгэлд дулаахан ягаан байшингаа үргэлж санадаг.

-Хорь гаруй жилийн өмнө тайзан дээр гарсан охин мөрөөдөл, зорилгоо биелүүлж чадсан уу?

-Хүн их шуналтай байдаг юм байна. Сургуулиа төгсөөд ирж байгаа залуу бүжигчдийг харахаар хамт бүжиглэмээр санагдах юм. Манай чуулгын бүжгийн өв сан дундаршгүй гэж боддог. Энэ сайхан уран бүтээлүүдийг туурвидаг бүжиг дэглээчдээрээ бахархдаг. Бидний уран бүтээлийг Өвөрмонголын алдарт бүжиг дэглээч Цэцэнтархи гэж90 гаруй настай хүн үзсэн. Тэр хүн “Бид Ар монголын бүжгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Ур чадварыг нь хүлээн зөвшөөрч, өгөх ёстой шагналыг нь өгөх хэрэгтэй” гэсэн.

 

-Ярилцлагын төгсгөлд бүжгийн урлагт хайртай хүмүүс болон ирээдүйн бүжигчдэд хандан зөвлөгөө өгнө үү?

-Мэргэжил бүхэн сайхан. Хамгийн гол нь хүн өөрийнхөө сонгосон мэргэжилдээ дурлаж, эцсийг нь хүртэл түүнийхээ төлөө хичээх хэрэгтэй. Тэгвэл эргээд хөдөлмөрийн үр шимээ хүртдэг. Үүнтэй адил бүжгээр хичээллэдэг, энэ урлагийн сайхныг мэдэрсэн хүн бүр залуу байдаг юм шиг санагддаг. Тиймээс би бүжгийн урлагтаа хайртай.

Б.СэлэнгэЭх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Нэр: Zojin Огноо: 5 November 2015

Ta bugded bayr hurge.Manai bujug uneheer zoglog uran hodolgoon erj hujtei Burhanlag bdag.Setgel gegelzeed bie ooriin erhgui hodolono.

Сэтгэгдэл бичих