Эрүүгийн цагдаагийнханд баяр хүргэе

Цагдаагийнхан сүүлийн үед үнэхээр сайн ажиллаж байна. Томоохон хэргүүдийг шалгаж байгаагаа олон нийтэд зарлаад л.

Саяхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан “Самсунг С&Т” компанийг өөрийн эрх мэдлийг ашиглан тендер зарлалгүйгээр шалгаруулсан байж болзошгүй гэж шалгаж байгаа гэх.

Үүнийхээ шанд Б.Батзаяаг тус компаниас их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй гэж хардаж байгаа аж. Улмаар тухайн үед Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх ч энэ хэрэгт холбогдож магадгүй байгааг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мэдээлсэн.

Энэ бүхнээс Эрүүгийн цагдаагийнхан Х.Баттулга гишүүнтэй дайн зарлажээ гэж хардах хүн цөөнгүй бий боллоо. Харин энэ бүхнийг УИХ-ын гишүүн Х.Баттулга “Улс төрийн явуулга. Асуудал цаашдаа ч хөвөрнө” хэмээн мэдэгдээд буй.

Бас нэгэн дуулиан тарьсан хэрэг бол мөн л Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхний илрүүлээд байгаа гэх10 гаруй мянган талийгаачийн тэтгэврийг нийгмийн даатгалын байцаагчид, банкны ажилтнууд хуйвалдан авч буйг илрүүлсэн явдал. Энэхүү гэмт хэргийг жил гаруйн хугацаанд үргэлжлүүлсэн бөгөөд бүх дүүргийн нийгмийн даатгалын байцаагч, банкны ажилтнууд холбогдоод байгаа гэх. 1 хүнийг сард 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан гэж үзвэл 1 жилийн 3.6 сая төгрөг болж байгаа юм. Энэ хэмжээний мөнгийг 10 мянга гаруй хүнээр тооцвол дээрх нөхдийн улсад учруулсан хохирлын хэмжээ нь 36 тэрбум төгрөг болж байгаа юм.

Хэдийгээр хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад мөрдөн байцаалтын нууцыг задруулах ёсгүй гэдгээрээ хэл аманд орооцолдож байгаа ч Эрүүгийн цагдаагийнханд баяр хүргэх нь зүйн хэрэг биз ээ.

У.Жанцан

Эх сурвалж: Tsenzurgui.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 4 November 2015

Тэгээд л тэр хэрэг нь замхардаг биз дээ.

Сэтгэгдэл бичих