Ирэх Олимпийн наадмын зүлэгний хоккейн төрөлд оролцох шигшээ багууд тодорлоо

2016 оны наймдугаар сарын 5-наас 17-ны өдрүүдэд зуны Олимпийн XXXI дэх наадам Бразилийн Рио де Жанейро хотод болно. Тус наадамд оролцох баг, тамирчдын сонгон шалгаруулалт үргэлжилж байна.

Зүлэгний хоккейн төрөлд Африк тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд ӨАБНУ-д боллоо. Тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд зохион байгуулагч орон түрүүлж, Олимпийн наадамд оролцох эрхээ авсан юм.

Ингэснээр 2016 оны зуны Олимпийн наадамд оролцох эрэгтэй, эмэгтэй 12 багийн нэр тодорхой болсон байна. Эрэгтэйчүүдээс Бразил, Энэтхэг, Аргентин, Голланд, Австрали, Герман, Бельги, Англи, Канад, Испани, Ирланд, ӨАБНУ, эмэгтэйчүүдээс БНСУ, АНУ, Австрали, Голланд, БНХАУ, Герман, Аргентин, Шинэ Зеланд, Япон, Англи, Австрали, ӨАБНУ-ын шигшээ эрхээ авлаа.

1908 онд Английн Лондон хотод болсон зуны Олимпийн наадамд анх удаа зүлэгний хоккей хөтөлбөрт орж байсан. Түүнээс хойш 20 улс Олимпийн медаль хүртсэн юм. Тэдгээр нь Энэтхэг 8 алт, 1 мөнгө, 2 хүрэл, Голланд 5 алт, 5 мөнгө, 6 хүрэл, Австрали 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл, Герман 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл, Пакистан 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл, Англи 3 алт, 2 мөнгө, 6 хүрэл, Испани 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл, Баруун Герман 1 алт, 3 мөнгө, Шинэ Зеланд 1 алт, Зимбабве 1 алт, БНСУ 3 мөнгө, Аргентин 2 мөнгө, 2 хүрэл, БНХАУ, Чехословак, Дани, Япон тус бүр 1 мөнгө, Хуучнаар ЗХУ, АНУ 2 хүрэл, Бельги, Нэгдсэн Герман тус бүр 1 хүрэл медаль авч байсан түүхтэй.

Г.Төмөр


URL:

Сэтгэгдэл бичих