Ахмадууд МАН, МАХН-ыг УИХ-ын 2016 оны сонгуульд хамтарч орохыг уриаллаа

82ba416e9b086ef2original

МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай МАН, МАХН-ын ахмадуудын төлөөлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд уулзлаа. Тэдний зүгээс УИХ-ын 2016 оны сонгуульд МАН, МАХН-ыг эвсэл байгуулж, хамтарч сонгуульд орохыг уриалсан өргөх бичгийг МАН-ын удирдлагуудад гардуулаа.

Энэхүү өргөх бичигт “Өнгөрсөн хугацаанд МАХН-ын гишүүдийн нэг хэсэг нь АН-тай хамтарч нөгөө гишүүд нь МАН нэрээр сөрөг хүчин хэмээж хүчээ сарниулсны улмаас эрх баригчдын хууль бус хариуцлагагүй үйл ажиллагаа газар авч төрийн алба төрлийн алба болж Монгол Улсын нэр хүнд бүрэн уналаа.

Монголын газар нутгийн бараг 60 гаруй хувь хайгуулын лиценз нэрийн дор гадаадынхны гарт орж, улсын гадаад өрийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэлийн орлогын 70 хувиас хол давлаа. Төр засгийн буруутай бодлогоос үүдэн 5000 гаруй аж ахуйн нэгж үүд хаалгаа барилаа.

Тиймээс үзэл бодол, угшил үндэс нэгтэй МАН, МАХН-ын дарга Ерөнхий нарийн бичгийн дарга нар эх орон, ард түмний эрх ашгийг бодолцож үл ойлголцлоо зогсоож, аливаа асуудалд ухаан тэвчээр гарган 2016 оны сонгуульд хоёр нам эвсэж орох саналыг та бүхэнд өргөн барьж байна” гэжээ.

Уг өргөх бичигт төр нийгэм, урлаг, спортын салбарт нэр хүнд бүхий МАН, МАХН-ын 44 ахмад гишүүн гарын үсэг зуржээ. МАН-ын дарга М.Энхболд ахмадуудын өргөн барьсан албан бичгийг өнөө, маргаашгүй МАХН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, тоймтой хариу өгнө гэдгээ хэлсэн юм.

 

 

С.Пуужин


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих