АН-д задрал эхлэхийн дохио биш биз байгаа?
Өнөөдөр эрх барьж буй АН 2000 оны сонгуулийн дараа таван намын нэгдлийн үр дүнд бий болсон харьцангуй “залуу” улстөрийн хүчин. Энэ утгаараа дотоод зөрчил нь үе үе цухалздаг. Өөрөөр хэлбэл, бие даасан намын шинжээ санагалзсан амбиц нь фракц хэлбэрээр илрэх нь олонтаа.
Ялангуяа одоогоос арваад жилийн өмнө АН бүлэглэлүүдийнхээ зөрчлөөс болж бараг л задрах бутрахдаа тулж байсныг Монголын улстөрийн түүх хэзээ ямагт гэрчилнэ.
2004 оны сонгуулийн дараа УИХ-д тэнцүүхэн суудал авсан МАХН /МАН/, “Эх орон-Ардчилал” эвсэл хоёр хамтарч Их эвслийн Засгийн газар гэгчийг байгуулж, Ц. Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилов. Удалгүй “Эх орон-Ардчилал” эвсэл задарч М. Энхсайханыгаа “өшиглөөд” намын дарга болсон Р. Гончигдорж тэргүүтэй УИХ дахь “Алтан гадас”-ын төлөөллүүд МАХН-ын бүлэгт оров. 62 -ын бүдүүн бүлэг ийнхүү үүссэн түүхтэй.
Харин Э. Бат-Үүл, Р. Амаржаргал хэдхэн “эсэргүүн” энэ хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж бүлгийн гадна үлдэв. МАН-д “урвасан” АН-ын 25 гишүүн “Тэлээ хурганууд” гэдэг “алдар” хүртэв. Үүнээс болоод л АН дотор үл ойлголцол бий болж эхэлсэн.
Тухайн үед АН-д “Алтан гадас”-аас гадна Баабар тэргүүтэй Зүүн хойд Азийн нийгэмлэг, Р. Амаржаргал нарын МҮДН, Х. Баттулга нарын “Ардчилсан холбоо”, Н. Нанжид, Д. Хишигбат нарын “Намаа аврах хөдөлгөөн”, Э. Золбаяр, Д. Болдхуягийн “Намаа шинэчлэх бүлэг” зэрэг хэд хэдэн бүлэглэл нийгэмд нэгэнт ил болоод байлаа. Тэд “Алтан гадас”-тай туйлын хүч тэнцвэргүй тулаан хийж эхэлсэн.
Гэвч “Алтан гадас”-ын цар хүрээ тэлж, нөлөө нь хэдийнээ бэхжсэн байсан учир бусад фракцдаа боломж олгоогүй. “Алтан гадас” бүхэл бүтэн улстөрийн намын бодлогыг тодорхойлох хэмжээнд хүрсэн юм. Энэ л хандлага тус намын дотоод зөрчлийг улам гааруулж эхэлсэн бөгөөд АН дахь олонх байнга шахам довтолгоонд өртөх болов. Үүнээс болоод ч тэрүү 2008 оны сонгуулийн дараагаас “Алтан гадас”-ынхны байр суурь харьцангуй зөөлөрч, улмаар бусад фракц бүлэглэлүүдтэйгээ хамтарч ажиллах болсон.
Түүний нэг илрэл нь МАНАН-гийн Засгийн газар байгуулагдахад МоАХ-ны тэргүүн Х. Батулгад сайдын суудал өгсөн явдал юм. Гэхдээ л С. Эрдэнэ, Н. Батбаяр, Д. Ганхуяг нар намынхаа удирдлагууд руу болоод нам нэгт сайд нар руугаа үе үе дайрсаар байлаа. 2012 оны сонгуулийн дараа эдгээр хүмүүс бүгдээрээ Засгийн газрын гишүүн болсноор байдал арай намжив. Гэхдээ 2013 оны намар нэр бүхий хүмүүс АН-д шинэ жигүүр байгуулж байгаагаа зарласан. Бас л нэг фракц нэмэгдэж байна гэсэн үг.
Ингэснээр тус нам “Алтан гадас”, “Кроун”, “МҮДН”, “Шонхор”, “Ардчилсан холбоо” гэсэн бодитой хэд хэдэн бүлэглэлтэй болоод амжсан. Хэдийгээр намын харьяалал шаардахгүй гэж зарласан ч гэсэн З. Энхболд, Ж. Батзандан нарын тэргүүлдэг Ардчилсан хүчний холбоо үйл ажиллагааны шинжээрээ АН доторх нэгэн бүлэглэл мэтээр ойлгогддог нь нууц биш.
Шинэчлэлийн Засгийн газар огцорч, АН-ын дарга солигдсоноор Р. Гончигдорж, Н. Алтанхуяг, С. Баярцогт нарын тэргүүлдэг “Алтан гадас” фракцийн АН-ын бодлогыг тодорхойлсон байр суурь харьцангуй суларсан билээ. “Алтан гадас”-ын хувьд юм бүхэн цаг хугацаатай байдаг шиг өөрсдийнхөө хаанчлалын хэмжээ хязгаарыг тооцоолоогүйд гол алдаа нь байсныг өрнөөд өнгөрсөн тодорхой үйл явцууд харуулж байна.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард АН-ын шинэхэн дарга З. Энхболд “Манай нам фракцгүй улстөрийн хүчин боллоо” хэмээн сүр дуулиантайхан мэдэгдсэн. Мэдээж ингэж зарласнаар тус нам доторх үзэл бодол, эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүд бүр мөсөн алга болчихгүй л дээ. Сая “Женкогийн” хүнийг саатуулчихлаа. АН-д том задрал явагдахын дохио биш байгаа?
Д. Лхагвадорж
sonin
URL: