Тоглоомын хааны түүх

Шведийн программ зохиогч Маркус Перссоны тухай “Форбес” сэтгүүл өнгөрсөн гуравдугаар сарын дугаартаа нийтэлснээр түүнийг дэлхийн “Тоглоомын хаан”-д өргөмжилжээ.

Түүний зохиосон “Minecraft” компьютерын лего тоглоом “Google” хайлтын системд “Библи”, “Жастин Бибер”, “Харри Потер” зэрэг нэрнээс ч олон тандалт хийлгэсэн байдаг. Хэдэн арван сая хэрэглэгчтэй энэхүү тоглоомыг Маркус ашиг орлогын төлөө бус зүгээр л уйдаагаа гаргах гэж зохион бүтээжээ.

Тэрбээр үүсгэн байгуулсан “Mojang” программын компаниа 2,5 тэрбум ам.доллараар “Microsoft” корпарацид худалдсанаар “Форбес”-ын тэрбумтнуудын жагсаалтад 35 насандаа багтах болсон юм.  

Сургуулиа орхисон тэрмбумтан

Цахим тоглоом зохиогчдын дунд хамгийн авьяаслагт тооцогддог Маркус 1979 онд Шведэд мэндэлжээ. Түүний бага нас жижигхэн хотод өнгөрсөн байна. Маркусын аав төмөр замын ажилтан, ээж нь орон нутгийн эмнэлэгт сувилагчаар ажилладаг байв. Маркусыг бага ангид орохын өмнөх жил гэр бүл нь Стокгольм руу нүүжээ.

Маркусын аав хүүгээ долоон нас хүрсэн жил“Commodore 128” буюу тухайн үедээ хамгийн дэвшилтэт компьютер худалдан авчээ. Энэ тухай Маркус “Форбес”-д өгсөн ярилцлагадаа “Аав минь компьютер анх удаа худалдаж авсан нь намайг программист болоход нөлөөлсөн.

Бид компьютерын талаар ямар ч мэдлэггүй байсан учраас аав минь сурах бичиг худалдан авч өгч билээ. Би анхны программаа долоон настай байхдаа бичиж, дараа жил нь өөртөө зориулж тоглоом зохиосон” хэмээн дурссан байдаг. Маркусын эцэг мансууруулах бодист хэт донтогч байсан бөгөөд Зул сарын баярын өмнөх орой амиа хорлосон байна.

Эцгийнх нь үхэл Маркуст хүнд цохилт болж, 12 настайдаа дунд сургуулиа орхижээ. Ээждээ дэм болох гэж Маркус тоглоомын салбарын жижиг компанид программистаар ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр компьютерын видео тоглоомын тэргүүлэх компани болох “King Digital Entertainment”-д 2005 онд ажилд оржээ. “Candy crush” тоглоомыг зохиосон тус компанид дөрвөн жил ажилласны дараа Маркус Перссон хувийн “Mojang” программын компаниа үүсгэн байгуулсан байна.

Улмаар Перссон тоглогчдод зугаатай байх зорилгоор “Хөгжилтэй ферм”, “Luxor”, “Carnival Shootout” зэрэг тоглоомоо зохиожээ. Маркус “King Digital Entertainment”-д хамтран ажиллаж байсан Якоб Порсерыг “Mojang” компанидаа урьж ажиллуулсан байна. Порсер хамтрагчийнхаа тухай“Маркус анх уулзахад бага зэргийн аймшигтай мэт сэтгэгдэл төрүүлдэг ч хөгжилтэй залуу шүү” гэж“Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Тоглоомыг мөнгөний төлөө биш зугаацах гэж зохиодог

Маркус 2009 онд Стокгольм дахь орон сууцандаа чөлөөт цагаараа зугаацах гэж нэгэн тоглоом зохиосон нь тэрбум ам.доллар авчирна гэж зүүдлээ ч үгүй байна. Тэрбээр “Minecraft” тоглоомын программаа долоо хоногийн дотор бичжээ. Тоглоомынхоо талаар Маркус “Би ямар нэгэн төвшин, зорилгогүй тийм нэг хязгааргүй ертөнцийг мөрөөддөг.

Энэ хүслээ тоглоомоор илэрхийлэхийг хүссэн” гэсэн байдаг. “Minecraft” видео тоглоомоо хөгжүүлэхийн тулд Маркус шинэ баг бүрдүүлжээ. Улмаар бүрдүүлсэн багаа удирдах ажлыг Ян Бергенштейнд даалгасан байна. Удалгүй видео тоглоомоо андройд болон iOS үйлдлийн системд зориулсан“Pocket Edition” хувилбараа гаргасан.

Харин “Xbox 360” дахь “Minecraft” хувилбарыг 2012 оны тавдугаар сард гаргажээ. “Minecraft” видео тоглоомыг 100 сая хэрэглэгч татсан байна. Өөртөө зориулсан видео тоглоомын эрхээ худалдах болсон шалтгаанаа тэрбээр“Мөнгө чухал байгаагүй. Би зүгээр л тайван амьдармаар байсан юм” гэж тайлбарлажээ.

Лас-Вегасын хаан болсон нь

Компаниа худалдаж, тэрбумтнуудын жагсаалтад багтах болсон Маркус Лас-Вегасын шөнийн клубт үдшийг өнгөрөөх болжээ. Тэрбээр хамтрагч Якоб Порсертай эргэн нийлж “ Rubberbrain”-аа байгуулах хүртэл шөнийн клубүүдийн хүндэт зочин байв.

Лас-Вегасын шоумен байсан үеэ Маркус “Энэ бол миний өөрийгөө шинээр хайсан цаг хугацаа байсан. Би нэг үдэш180 мянган ам.доллараар зугаацаж байсандаа харамсдаггүй” хэмээн “Форбес” сэтгүүлд хуучилжээ.

Х.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих