С.Эрдэнэ, Д.Зоригт нар нэг ширээнд багтаж ядав

Саяхан УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын үүсгэн байгуулсан «Отгонтэнгэр» их сургуулийн 20 жилийн ой болоход УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нар уригдаж, тэгээд бүр нэг ширээнд тухалсан гэнэ. Нэг ширээнд таарч, тухална чинээ бодоогүй зочилж ирсэн тэд бүтэн оройжин хялалзаж, зэхэлзэж суухдаа туллаа гэсэн яриа хүлээн авалтаас хойш «Отгонтэнгэр» их сургуулийн багш нарын дунд өрнөх болж. С.Эрдэнэ гишүүний хувьд Д.Зоригт сайдыг огцруулах тухай саналыг хоёр ч удаа өргөн барьсан боловч амжилт олоогүй. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар Таван толгойн талаар Д.Зоригтод асуулга тавьсан. Энэ утгаараа ажил төрлийн хувьд таарч, тохирдоггүй гишүүн, сайд хоёрыг «Отгонтэнгэр»-ийнхэн нэг ширээнд суулгачихсан нь тэднийг тавгүйтүүлсэн юм байх. Дашрамд сонирхуулахад С.Эрдэнэ гишүүн «Отгонтэнгэр» их сургуулийн хуулийн ангийг төгссөн юм билээ.


URL:

Сэтгэгдэл бичих