Х.Тэмүүжин: Шүүгчдийг прокурор, цагдаатай адилтгах хэрэггүй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн “Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Шүүгчдийн цалингийн хэмжээг тогтоох тухай хэлэлцэхэд УИХын гишүүн Х.Тэмүүжин “Төсвийн хөрөнгийг хэрхэн хуваарилж хууль тогтоох нь УИХ-ын эрх мэдлийн асуудал, гэтэл эрх мэдлийн аль нэг байгууллага өөрсдөө цалингаа тогтоох ёсгүй. Хуулиар эрх мэдэл олгоогүй заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл барьж байгаа нь буруу шүү дээ. Нөгөө талаар шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудын цалингийн хэмжээг цагдаатай жиших, прокурортой барьцуулах байдлаар ярьж болохгүй. Шүүгчдийн цалингийн хэмжээг хатуу тогтоох хэрэгтэй” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Шүүгчдийн цалингийн хэмжээг прокурорынхоос 2-3 дахин их байхаар асар их зөрүүтэй тогтоох нь. Би хувьдаа шүүгчдийн цалин нь прокурорынхоос 20-30 хувь илүү байх нь зөв гэсэн саналтай байгаа. Мөн шүүгчдийн цалингийн хэмжээг итгэлцүүрээр, бусдыг нь хатуу тоогоор тогтоож болохгүй” гэсэн юм.

Ингээд санал хураалт явуулж гишүүдийн 58 хувийн саналаар бүх шатны шүүхийн шүүгчдийн албан тушаалын цалингийн хэмжээг 2.7- 3.3 сая төгрөг байхаар тогтоосон тогтоолын төслийг хүчингүй болгосон юм. Мөн шүүгчдийн цалингийн хэмжээг тогтоох асуудлыг, тус байнгын хорооны гишүүдпийн саналын хамтаар Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих