П.Мөнхтөр захирагч Чойбалсан хотыг чөлөөт бүс болгохоор санаархаж эхэлжээ

Халх голд чөлөөт бүс байгуулах тухай яриа өнгөрсөн хоёр сарын хэрүүлийн гол сэдэв байв. Гэтэл бидний энд чөлөөт бүс байгуулах нь зөв, буруу гэж маргаж суух зуур нутгийн удирдлагууд аль хэдийнээ Хятадын компаниудад их хэмжээний газар өмчлөх эрх олгосон гэдгийг Р.Бурмаа сайд илчилсэн.

Халх голд чөлөөт бүс байгуулна гэдэг сургаар улс төр хийгчид нь улстөржүүлж, нутгийн иргэд нь эцэг өвдгийн газрыг маань харийханд хэдэн арван жилээр нь түрээслүүлэх нь гэж ихээхэн бухимдаж яваа. Гэтэл өнөөдөр “дайны хажууд дажин” гэгчээр Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагч бөгөөд Хэрлэн сумын засаг дарга П.Мөнхтөр гэгч эрхэм нэгэн хачирхалтай гэмээр зүйл ярьж явна.

Тэрбээр, Чойбалсан хотыг аж үйлдвэрийн чөлөөт бүс болгох гэнэ. Үүндээ зориулж иргэдээсээ санал авч байгаагаа зарлажээ. П.Мөнхтөр захирагч “Миний бие Чойбалсан хотод аж үилдвэр, хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах талаар санал авч байна.Чөлөөт бүсийн тухай Монгол улсын хуульд чөлөөт бүс байгуулах зорилгыг “Тухайн бүсэд эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэхэд оршино”.Чөлөөт бүсийг байгуулахын хамгийн гол зорилго нь экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжих юм. Чөлөөт бүсэд байрлалтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх арга хэмжээ авдаг. Үүнд гаалийн татвар, нэмүү өртөгийн албан татвар, орлогын татвар гэх мэт татвараас чөлөөлөгдөх эсвэл хөнгөлөлт эдлэх боломжууд орно. Иргэд хөдөлмөрчид та бүхэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ үү” гэв.

Чөлөөт бүс байгуулах шийдвэрийн УИХ-аас гаргах ёстой. Гэтэл нутгийн удирдлагууд нь чөлөөт бүс байгуулах тухай дур мэдэн ярьж байх юм. Энэ улс орны чинь хөл толгой нь мэдэгдэхгүй болжээ. Эсвэл Дорнод аймаг бие даах гэж байна уу. “Том толгойлсон” нутгийн удирдлагууд гаргаж буй энэ бүх үйлдлүүдээ хууль ёсонд нийцэж байна уу гэдгийг анхаарч, түр зогсолт хийх хэрэгтэй мэт.

Энэ хүн өмнө нь Дорнодынхоо шинээр гэрлэгсдэд “Хамтын хариуцлагын гэрээ” байгуулахыг уриалж байсан. Хосууд гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулахын тулд дээрх гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан байх ёстой. Гэрээнд хосуудын гэр бүлийн өмнө хүлээх хариуцлага, өмчийн болон бусад харилцааг хэрхэн зохицуулах талаар тусгахаас гадна салж, хүүхэд өнчрүүлсэн тохиолдолд хэдэн төгрөгийн нөхөн төлбөр төлөхийг ч тодорхой тусгасан байсан. Үүнийг нь хүний эрхийн үндэсний комиссоос “хүний эрх зөрчсөн үйлдэл. Яаралтай шийдвэрээ хүчингүй болго” гэж сануулсан ч мань эр тас зөрж байгаад эцэст нь нэг юм хүчингүй болгосон түүхтэй.

Г.Лхагваа

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих