Домогт Том Жонс ДНК-н шинжилгээ хийлгэнэ

“Секс бөмбөг” дуугаараа манайхныг байлдан дагуулж байсан Том Жонс одоо ДНК-н шинжилгээ хийлгэхээр болжээ. Цагтаа дэлхийг галзууруулж явсан Том Жонс ийм шинжилгээ хийлгэн, африк гаралтай эсэхээ тогтоох юм байх. Уг нь хүмүүс голдуу эцэг тогтооход энэ шинжилгээг ашигладаг билээ.

75 настай Жонс саяхан “Times” сонинд ярилцлага өгөхдөө “Олон хүн намайг африк гаралтай гэдэг. Дуу хоолойн өнгө, тембр ч гэсэн хар арьстай хүнийх шиг гэцгээдэг. Иймэрхүү яриаг нэг мөр болгохын тулд би ДНК-н шинжилгээ өгөх гэж байгаа” хэмээжээ. Тэгээд ч Жонсын буржгар үс олны яриа ортой гэдгийг батлах мэт. Түүнийг анх удаа Африкт очиж дуулах үед хүмүүс алдарт дуучныг цагаан арьстан гэдгийг хараад их гайхаж байсан гэдэг.

Том Жонсын гайхалтай баритон хоолой олон арван жилийн турш үзэгчдээ бишрүүлсээр байгаа. Алдарт дуучныг тайзан дээр дуулж байхад шүтэн бишрэгч хүүхнүүд яг л ховсдуулсан мэт болж, түүн рүү хөхөвч, бүр дотоожоо хүртэл шиддэг байсансан. Бүр өнгөрсөн зууны дунд үеэр шүү. Одоо тэдгээр бүсгүйн үр хүүхдүүд, ач зээ нар хүртэл Жонсыг шүтэн биширсээр байна.

Уг нь Жонс валли гаралтай юм байна. ДНК шинжилгээ хийлгэхэд 300 фунтын төлбөр төлдөг аж..


URL:

Сэтгэгдэл бичих