“Эрдэнэс Тавантолгой” компани 5.5 тэрбумаар Америкийн хуулийн фирмийн зөвлөгөөг авчээ

da1cd4db-b152-4b45-9073-0ad9c4bf633bЭдийн засаг хүндрэлтэй, иргэдийнхээ цалинг хасах дээрээ тулаад байгаа энэ үед төрийн өмчит томоохон компаниуд гаднын нөхдөөс өндөр үнээр зөвлөх үйлчилгээ аваад байгааг юу гэж ойлгох вэ. Дотоодынхоо эрдэмтэн мэргэдээс зөвлөгөө авалгүй, өндөр “үнэ”-тэй харь иргэнийг сонгож байгааг нь харахаар эдийн засагт тэгтлээ муудчихаагүй ч юм шиг. Гэсэн атлаа төсөв хэлэлцэж байгаа энэ үед аль болох хасч танах бодлого барихгүй бол ирэх жилүүдэд хэцүүдэхээр байна гэх.

Гаднаас өч төчнөөн тэрбумаар нь зөвлөх үйлчилгээ аваад байгаагийн цаана мөнгө угаах ажиллагаа өрнөж байгаа юм биш биз гэсэн хардлага явж эхэлсэн нь нууц биш. Үнэндээ заавал гаднын иргэнээс зөвлөгөө аваад, байдгаа бариад байгааг нь харвал эргээд өнөөх төсөв хөрөнгөнийх нь зарцуулалтад ч гэсэн хяналт тавих боломж хомс гэдэг үүднээс сонгоод байна уу гэж хардахаар байгаа нь нууц биш.

Үүний хамгийн сүүлийн жишээ нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани болж байна. Тодруулбал, тус компани энэ онд нийтдээ 5.5 тэрбум төгрөгөөр Америкийн нэгэн хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авсан байх юм.

Тус компани энэ мөнгийг АНУ-ын “Boies shchiller Flexner” гэх компанид энэ оны нэгдүгээр сараас эхлэн нийт таван удаагийн давтамжтайгаар зөвхөн хуулийн зөвлөгөө буюу зөвлөх үйлчилгээний төлбөрт төлсөн байх юм.

Гэтэл тус компанид хуулийн хэлтэс, хуульчид бий. Дотоод ажилчдадаа итгэдэггүй юм гэхэд манай улсад дэлхийн хэмжээнд үнэлэгдэх хуульч, өмгөөлөгч баймаар л юм. Эсвэл улсын хэмжээнээс хэтэрсэн маргаан үүссэн учраас ийнхүү чимээгүйхэн гаднаас зөвлөгөө авч шийдсэн болж таарч байна уу. Үгүй бол дотоодынхноосоо нуух шаардлага үүссэн юм болов уу.

Цаашлаад ийм их мөнгөөр ямар хуулийн маргаан хийв, тэдэнд үнэхээр ийм их хэмжээний мөнгө зарцуулах хуулийн ямар зөвлөх үйлчилгээ хэрэг болов гэдэг нь эрхгүй анхаарал татаж байгаа юм. Энэ бол олонд ил болсон хамгийн сүүлийн жишээ. Харин үүнээс өмнө манай томоохон компаниуд гаднаас өндөр үнээр зөвлөх үйлчилгээ авч байсан тохиолдол хэд хэд гарсан.

Тухайлбал, олны сайн мэдэх нь мөн л АНУ-ын эхнэр, нөхөр хоёрын хуулийн фирмээс хуулийн зөвлөгөө авахын тулд 17 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлснийг гишүүн С.Ганбаатар ил болгож байв. Тодруулбал, ЗГХЭГ- дарга С.Баярцогтын гарын үсэгтэй АНУ-ын “Пэнтер лоу” фирмээс “Оюу толгой”-н тал дээр хуулийн зөвлөгөө авахаар 17 тэрбум 500 сая төгрөгийг төсөвлөсөн байдаг.

Харин үүнээс өмнөх жишээ татвал 2011 онд төрийн өмчит компани болох “Монголын төмөр зам” мөн л АНУ-ын алдарт “McKinsey & company” гэдэг компанийг Даланзадгад-Чойбалсангийн чиглэлийн 1100 км замын зөвлөхөөр авч байсан.

Энэ зөвлөх компанийн ажлын хөлс жилийн 5.650.000 ам.доллар болж байсан түүх бий.

Мөн “МИАТ” компани Хонгконгийн “Seabury” гэx зөвлөх үйлчилгээний компаниас бизнес төлөвлөгөө буюу зөвлөх үйлчилгээг авч байсан зэрэг жишээ бий. Харин энэ бүхний эцэст асар өндөр өртөгтэй зөвлөх үйлчилгээний үр дүн хаана байгааг асууя. Гарт баригдаж, нүдэнд харагдаж, ажлын үзүүлэлтэд нөлөөлсөн зүйл бий юү гэдэгт хэн хариулт өгөх вэ. Бид энэ мэтээр олсон хэдэн төгрөгөө салхинд хийсгэсээр байх уу.

Үнэндээ тайлбан балансдаа гаднаас зөвлөх үйлчилгээ авсан гэж байгаа ч цаана нь ямар үр дүн гарсныг хэн ч эргээд тайлагнадаггүй. Тэр дундаа эдийн засаг хүнд байгаа энэ үед төсөвт багагүй хэмжээний орлого төвлөрүүлдэг компаниуд ингэж үрэлгэж хандаж боломгүй санагдах. Тиймээс ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Батбилэгээс асууя. Эрх баригчдын алдаатай бодлогын горыг жирийн иргэд үүрэлцэж, амьдралдаа арай ядан хүргэж байгаа цалингаа хасуулах дээрээ тулаад байна.

Гэтэл та, танай компанийнхан ямар шалтгаан, үндэслэлээр төсөвт төвлөрүүлэх учиртай таван тэрбумаа гаднынханд барьчихав. Элгээрээ хэвтэхдээ тулаад байгаа эдийн засагт 5.5 тэрбум гэдэг багагүй хөрөнгө. Ядаж л ажилгүй болохгүй, Хятадын компани руу шилжихгүй гэж тэмцээд байгаа ажилчдаа авч үлдэхэд анхаарал хандуулаач. Бодит үр дүнгүй зөвлөх үйлчилгээнд юуны учир 5.5 тэрбумыг цацсанаа тайлбарлаач, Б.Батбилэг дарга аа.

М.Өнөрөө

gereg.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 3 November 2015

Энэ зураг хийлгэх , Судалгаа хийлгэх, Зөвлөгөө авах ажлууд чинь ямар нэгэн хяналт гэж байдаггүй юм уу. Хөрс хуулаад л энгийн ил уурхай ашиглахад тйим их үнэтэй зөвлөгөө гадаадаас авах шаардлагатай байдийм уу

Сэтгэгдэл бичих