Б.Бямбасайхан: “Оюутолгой” бол Монголын компани

173236-02112015-1446434530-473267308-12015 онд “Оюутолгой” Монголд 800 гаруй сая ам.доллар оруулж ирэх төлөвлөгөөтэй

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-“Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий банкууд, хөгжлийн байгууллагуудтай эцэслэх шатандаа орсон гэж Ерөнхий сайдын “Шийдлийн цаг”-аар мэдээлэл хийсэн. Санхүүжилт нь шинэ оноос өмнө шийдэгдэх үү?
-Оюутолгой дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг уурхай болж чадсан. Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж байна.

Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” төсөлд нэн шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газрын зүгээс болон холбогдох байгууллагуудаас олгосон. Гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэхэд хувь нийлүүлэгч болох Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлж, шаардлагатай бүх алхмыг цаг хугацаанд нь хийгээд явж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн эхний ээлжийн 4.2 тэрбум ам.долларыг олон улсын 19 банк, санхүүгийн байгууллагаас зээлэх ажлыг 2015 онд багтаан эцэслэх боломж бий. Одоо процедурын шатандаа явж байна.

-Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд “Оюутолгой”-н санхүүжилтийг энэ ондоо багтаад шийдлээ гэхэд энэ мөнгө Монголын эдийн засагт хэзээ орж ирэх вэ?
-Гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт эхнээсээ ороод эхэлчихсэн. 2015 онд “Оюутолгой” дотоодын эдийн засагт 800 гаруй сая ам.долларыг оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Есдүгээр сарын байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байна. “Оюутолгой”-н оруулж ирсэн ам.доллар дотоодын эдийн засагт цалин, татвар болоод зарцуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засагт шууд бус эерэг нөлөө бий болж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд жил бүр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт ойрын зургаан жилд хийгдэнэ. Энэ бол гадаадаас хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирэх мөнгө юм.

-Гүний уурхайн санхүүжилт шийдэгдэх нь хүндрэлд ороод байгаа эдийн засгийг сэргээнэ гэсэн хүлээлт нийгэмд байгаа. Эдийн засагт бий болгох эерэг нөлөөллийг та хэрхэн төсөөлж байна вэ?
-Олон улсын арилжааны болон хөгжлийн банкууд хамтраад уул уурхайн салбар дахь хамгийн том төслийн санхүүжилтийн зээлийн багцыг Монголд өгч байгаа. Олон улсын зах зээлээс том хэмжээний санхүүжилт татаж чадаж байна гэдэг бол төсөл сайн, стандартад нийцэж байгаагийн илрэл. Оюутолгойн гүний уурхайн ажил эхлэхээр Монголын эзэмшлийн 34 хувь үнэд орно гэсэн үг. Гүний уурхайн санхүүжилт шийдэгдэхэд “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны үнэ өссөнтэй адил олон улсын бусад хөрөнгийн биржид гаргасан Монголын компаниудын хувьцааны үнэ өснө.

Ингэснээр Монголд итгэх итгэл сэргэж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнесийн шинэ боломжууд нээгдэнэ гэж манай эдийн засагчид, хувийн хэвшлийнхэн тооцоолж байгаа. Энгийнээр тайлбарлавал, “Оюутолгой” төсөлд санхүүжилт хийж буй банкууд, хөгжлийн байгууллагууд Монгол хэмээх “хаалттай” зах зээлийг олон улсад нээж байгаа хэрэг. “Оюутолгой” өнөөдрийн байдлаар 10 тэрбум ам.долларын балансын үнэлгээтэй компани. Түүний 34 хувийг Монгол эзэмшдэг гэхээр 3.4 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгийг бий болгосон гэсэн үг. Нэг талдаа зээл авч байгаа ч нөгөө талдаа ийм үнэ цэнэ бий болгожээ. Монголыг зорих хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байна.

-“Оюутолгой”-н анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д тусгаснаас 3.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн, ногдол ашиг хойшлогдож байгаа гэж бие даагчдын зүгээс мэдэгдэл хийсэн. Энэ ямар учиртай вэ?
-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 онд хүлээж авсан ТЭЗҮ-д тусгаснаар “Оюутолгой” төслийн анхан шатны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар байсан. Гэвч аливаа бүтээн байгуулалт, барилга угсралт, уул уурхайн төслүүдэд учирдаг зардлын өсөлт ч энэ төслийг тойроогүй. Төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаас цахилгаан станц барих зэрэг зарим ажил хийгдээгүй нөхцөл байдалд нийцүүлж тооцож үзэхэд 4.7 тэрбум ам.доллар болж байсан.

Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэл нь 6.1 тэрбум ам.доллар болж анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д тусгаснаас 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн. Хэдий энэ хэтрэлт нь хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлж байгаа ч Монгол Улсын хувьд 243 сая ам.долларын НӨАТ-ын нэмэлт орлогыг 2010-2012 онуудад “Оюутолгой”-гоос авсан байгаа. Мэдээж энэ хэтрэлтийн шууд бус эерэг нөлөө нь илүү өндөр байх боломжтой. Өнөөдрийн байдлаар “Оюутолгой” Монголд 10 их наяд гаруй төгрөг зарцуулсан байна. Хоёр их наяд гаруй төгрөгийн татвар улсын болон орон нутгийн төсөвт төлөөд байгаа.

“Оюутолгой” ашиглалтад ороод дөнгөж хоёр жил болох гэж байна. Монголын талын ногдол ашиг авах хугацаа хүдрийн агууламж, борлуулалтын хэмжээ, зэс, алтны үнэ, санхүүжилтийн өртөг, зээлийн эргэн төлөлт, хөрөнгө оруулалтын хэмжээ зэргээс хамаарч байдаг. Зэсийн үнэ доогуур байвал ногдол ашиг авах тооцоо нь хойшилж байгаа боловч төслийн нийт хугацаанд бид ногдол ашгаа нөхөж авах бүрэн боломжтой. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байх үед ТЭЗҮ-д тусгагдсан 53:47 гэсэн өгөөжийн харьцааг Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу Монголын тал 55 болгож өсгөж авахаар албажуулж тохирсон.

-“Дубайн гэрээ” гэх гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө зарим нэг маргаан дагуулж байгаа. Энэ төлөвлөгөө нь Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулсан эрхзүйн акт мөн үү?
-“Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар ч өөрчлөлт оруулаагүй, харин тодотгосон. Уг төлөвлөгөөний 8.3-т “Энэхүү төлөвлөгөөг Монгол Улсын хууль тогтоомж, 2009 онд УИХ-аар батлуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд зохицуулж, тайлбарлана” гэж тусгасан байгаа. Анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрын гишүүд гарын үсэг зурсан, харин энэхүү төлөвлөгөөнд хувь нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд гарын үсэг зурсан.

-Монголчуудын хувьд “Оюутолгой” төслөөс ойрын хугацаанд ашиг хүртэх сонирхол өндөр байгаа. Санхүүжилтийг шийдсэний дараа хийх алхам юу вэ?
-Хувь нийлүүлэгчдийн зүгээс компанийн үр ашигтай ажиллах боломжийг хангах зорилгоор хамтран ажиллаж, шаардлагатай шинэчлэлийг хийж байна. ТУЗ-ийн зүгээс “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад зардлыг маш нарийн хянана. Тухайлбал, Монголын тал “Оюутолгой” компанийн санхүү, аудит, худалдан авалтыг хариуцсан ТУЗ-ийн байнгын хороог даргалдаг болсон. “Оюутолгой” компани Монголын санхүү, нягтлан бодох бүртгэлийн хуулиудыг дагаж мөрдөх талаар тодорхой зөвлөмжүүд гаргаж мөрдөж байгаа. Мөн дотоодын худалдан авалтыг системтэйгээр нийлүүлэх чиглэлд ажиллаж байна.

Жил бүр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт ойрын зургаан жилд хийгдэнэ

Ер нь бид нэг зүйлийг сайн ойлгох учиртай. “Оюутолгой” бол Монголын компани. Бид нэг эзэн нь, хувь нийлүүлэгч нь. Дэлхий нийтээрээ “Samsung”-ийг Солонгосынх, “Sony”, “Toyota”-г Японых, “Apple”, “Ford”-ыг Америкийнх гэж мэддэг. Гэтэл эдгээр нь дэлхий дахины хөрөнгө оруулагчдад нээлттэй, олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтэд хувьцаагаа гаргасан компаниуд. “Samsung” компанийн нийт хувьцааны 20 хүрэхгүй хувийг солонгосчууд эзэмшдэг бол үлдсэн 80 хувийг дэлхийн олон орны хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Гэсэн хэдий ч “Samsung” компани Солонгосоор овоглогддог. “Оюутолгой” бол УИХ-аас баталсан хөрөнгө оруулалтын гэрээтэй компани, Монгол хүн бүрийн компани гэдгийг ахин хэлье.

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд “давхар дээл өмслөө”, “Оюутолгой”- н ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод жилд 100,000 ам.долларын цалинг хувааж авдаг, Монголын хамгийн өндөр цалинтай хүмүүс гэж сүүлийн үед яригдах болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ бол бидний буюу манай компанийн хийх ёстой ажил. Компанийн хуулийн дагуу, засаглалын зарчмаараа бид ажлаа хийж байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтнууд охин болон бүрэлдэхүүн компаниудынхаа ТУЗ-ийн гишүүнээр томилогдож компанийн үр ашигтай удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратегийг баримтлан ажиллах дүрэмтэй. Үүний дагуу Д.Ганболд, Ч.Отгочулуу бид гурав Монголын талын 34 хувийг төлөөлж “Оюутолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлд ажилладаг.

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн зардалд жилд 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө төсөвлөдөг гэсэн. Гэхдээ миний хувьд “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа гээд ямар ч цалин, урамшуулал одоогоор аваагүй. Хувь нийлүүлэгчдийн дараагийн хурлаар “Эрдэнэс Оюутолгой” ХХК нь “Оюутолгой” ХХК-тай удирдлагын гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Ингэхдээ уул уурхайн салбарт мөрдөгддөг нийтлэг жишгийн дагуу ТУЗ-ийн гишүүд зохих цалингаа “Эрдэнэс Оюутолгой” ХХК-иас авдаг болно.

-“Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн форум болно гэж сонссон. Энэ форумын гол зорилго нь юу вэ?
-Арваннэгдүгээр сарын 4-нд “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн форум болно. Гүний уурхайн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хүргэх, боломжит ханган нийлүүлэгчдийг тодорхойлох, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээ болон чадавхийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү форумыг зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, форумд оролцогчдод гүний уурхайн бүтээн байгуулалтад хэрэгцээтэй бараа, үйлчилгээний талаарх ерөнхий ойлголт, мэдээллийг өгөх юм.

Одоогийн байдлаар энэхүү форумд 26 улсаас 1000 орчим аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн байна. “Оюутолгой”-н худалдан авалтын болон ханган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа нээлттэй байдаг. Энэ форум нь найдвартай, өрсөлдөхүйц үнэ бүхий дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох давхар зорилготой тул Монголын компаниудад, өмнө нь хамтарч ажиллаж байсан компаниудаас гадна шинэ компаниудад хамтран ажиллах боломжийг олгож байгаа юм.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд одоо ямар ажил хийгдэж байгаа вэ?
-“Оюутолгой” дээр ажил өөдрөг байгаа. Зорьж очсон хэн ч тэнд бүтээн байгуулалт тасралтгүй өрнөж байгааг харж болно. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх бэлтгэлийг одоогоор хангаж, энэ зунаас шинээр 100 гаруй иргэнийг ажлын байртай болгосон. Гүний уурхайн бүтээн байгуулалт дараа жилээс эрчимжсэнээр шинээр 3000 ажлын байр бий болно гэсэн төлөвлөгөөтэй. Ямартай ч эхний ээлжинд захиалагчийн болон гол гэрээлэн гүйцэтгэгчийн багийг сонгон шалгаруулах, тооцооллыг нягтлах, нарийвчилсан инженерингийн тооцооллыг гаргаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих