Нөөцөлсөн бодисоо цацаж, халтирахаас сэргийлье

Халтиргаа гулгаа жилийн жилд иргэдийн хөлний өвчин болсоор. Өнгөрсөн өдрүүдэд хүйтний эрч чангарч, халтиргаа гулгаа эрс нэмэгдсэн. Үүний улмаас ГССҮТ-д бэртэж, гэмтсэн хүн өдөртөө хэдэн арваараа очиж буй нь тодорхой.

Халтиргаанаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай гэдгийг эмч нар хэлдэг. Энэ жил хатуухан өвөл болно гэж олон түмэн ярьсаар байгаа. Хүйтэрч, цас их орвол хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч, малчид зутарна.

Хотын бид ч яах вэ, мал гэж санаа зовох биш. Гэхдээ бас бидэнд нэг том бэрхшээл бий. Тэр нь цас орсны дараа үүсэх халтиргаа гулгаа. “Энэ жил 20 удаа цас орно гэж тооцоолоод 550 тонн бодис нөөцөлсөн” хэмээн Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн ерөнхий инженер, Шуурхай удирдлагын төвийн дарга С.Баяр-Өлзий хэлж байв.

Гэтэл хэд хоногийн өмнө орсон цас нь мөс болчихоод байхад яагаад нөөцөлсөн бодисоо цацаж халтиргаа гулгаанаас сэргийлэхгүй байна вэ. Хадгалах гэж нөөцөлсөн юм уу. Үүнээс шалтгаалж авто осол ихэсч, явган хүн унаж бэртэх нь олширлоо. Хэдий болтол шүүр барьж, хүрзээр зэвсэглэсэн хэдхэн хүнд нийслэлийн авто болон явган хүний замын цас цэвэрлэх ажлыг даатгах юм бэ.

Тиймээс цас цэвэрлэдэг машин оруулж ирэх, нөөцлөөд байгаа цас хайлуулах бодис, давсаа тухай бүрт нь цаг алдалгүй ашиглаж байх шаардлагатай байна.

Дөнгөж орсон цас нь хайлаад оройн сэрүү орохоор буцаж хөлдөөд юу ч болоод байгаа юм бүү мэд. Өвлийн резинэн ултай гутлаа гаргаж өмсөөд, өөртөө итгэлтэй гэгч нь гараад нэг алхахад савж унах жишээтэй. Манайх шиг дор бүр нь цас мөсөө цэвэрлэдэггүй улсад хүн гэрээсээ гарсан л бол унахаас өөр аргагүй болчихоод байна.

Х.Заяа

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих