Тодотголоор “тодотгол” хийгдсэн үү?
УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол эцэслэгдэн батлагдлагдлаа. Ингэснээр 2015 оны төсөв хоёр удаагийн тодотголоор орж, үлдсэн 60 хоногийн хугацаанд төсвийн алдагдлыг ДНБ-ийн 5 хувьд барих хатуухан үүрэг хүлээж буй нь энэ.
Тодотголын эцсийн хувилбараар улсын нэгдсэн төсвийн орлогын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 51.1 тэрбум төгрөгөөр, Хэнтий, Сүхбаатар аймгийн суурь орлогыг 2.9 тэрбум төгрөгөөр буюу нэгдсэн төсвийн орлогыг нийт 54.0 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон байна.
Мөн Төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан урсгал зардлыг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, улсын төсвөөс санхүүждэг бүх төсөвт байгууллагуудын 2015 оны 11, 12 дугаар саруудын төлөвлөгдсөн цалингаас бусад тэвчиж болох урсгал зардлыг 15-20 хувиар бууруулах замаар 8.1 тэрбум төгрөгийг урсгал зардлаас хасжээ.
Улсын төсвийн хөрөнгийн бусад зардлаас 47.0 тэрбум төгрөгийг хасаж, хөрөнгө оруулалтын зардалд 9.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг 2015 онд нэмж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 6,074.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт зардал 7,263.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 30.8 хувь болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 1,179.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 5 хувьтай тэнцэхээр байгааг онцлоод буй.
Улсын төсвийн алдагдал оны эцэс гэхэд 1.3 их наядад очихоор байгааг тодотголын төсөл өргөн баригдан үеэр Сангийн яамнаас онцолж байсан. Гэтэл тодотголоор алдагдал 1.1 их наяд давах хэмжээнд батлагдав.
Тодотголоор тодотгол хийсэн гэхээсээ илүүтэй зардал нэмэгдсэн хэмжээнд орж, ирэх оны төсөвт хүндрэл үзүүлэх нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл төсвийн тодотголоор дэд сайд нарын орон тоог цомхотгосноос өөр дорвитай өөрчлөлт гарсангүй. Одоо он гартал алдагдлагаа 5 хувиас хэтрүүлчихэлгүй барих ганц л арга зам байна.
Ж.Мядагбадам
URL: