Б.Батзаяаг яагаад саатуулав?

11-2-1_700x700

Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг баасан гаригт цагдаагийнхан саатуулсан талаарх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим ертөнцөд гол мэдээлэл байлаа.

Төмөр замтай холбоотой томоохон хэргийг эрүүгийн цагдаагийнхан шалгаж эхэлсэн хэмээн баасан гаригт цагдаагийн албаны эх сурвалж хэлж байсан нь Б.Батзаяатай холбоотой асуудал байсан бололтой.

Түүнийг холбогдуулж байгаа асуудал нь төмөр замтай, тэр дундаа “Монголын төмөр зам”-д ажиллаж байх үед хийгдсэн зарим нэг гэрээтэй холбоотой гэсэн албан бус мэдээлэл байна. Хэрэв энэ нь үнэн бол өмнө нь яагаад шалгаагүй юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. “Монголын төмөр зам” болон “Samsung CТ”-ийн хооронд хийсэн 483 сая ам.долларын өртөгтэй гэрээний тухай сүүлийн жилүүдэд хэвлэлээр олонтаа гарч байсан.

Уг гэрээний дагуу хийгдэх ёстой ажлаас 134 сая доллар сох дутаад байна гээд баримт сэлттэйгээ бичигдээд гарч байхад хууль цагдаагийн байгууллагууд хөдлөөгүй атлаа өнөөдөр гэнэт шалгаад, баривчлаад, саатуулаад байгаа нь яах аргагүй анхаарал татаж байна.

Б.Батзаяаг улс төрийн хүрээнийхэн Женко Х.Баттулгын хүн гэж үздэг. АН дахь хуваарилалтаар Х.Баттулгын фракцад ногдож байсан  албан тушаалуудад тэрээр ажиллаж байсан. Тиймээс Б.Батзаяаг саатуулсны цаана цагдаагийнхан ажлаа хийж байгаа гэдгээс гадна бас эрх баригч АН дотор томоохон “зодоон” болж буйн илрэл гэж тайлбарлах хүн олон байна.

 Б.Батзаяа ба төмөр замтай холбоотой асуудал цаашаагаа АН дахь бужигнаантай яаж холбогдох бол?

Д.Гал

Эх сурвалж: “Зууны мэдээ”  сонин


URL:

Сэтгэгдэл бичих