“Эрдэнэс Тавантолгой” Америкийн хуулийн фирмээс 5.5 тэрбумаар зөвлөгөө авчээ
Эдийн засаг хүндрэлтэй, иргэдийнхээ цалинг хасах дээрээ тулаад байгаа энэ үед төрийн өмчит томоохон компаниуд гаднын нөхдөөс өндөр үнээр зөвлөх үйлчилгээ аваад байгааг юу гэж ойлгох вэ. Дотоодынхоо эрдэмтэн мэргэдээс зөвлөгөө авалгүй, өндөр “үнэ”-тэй харь иргэнийг сонгож байгааг нь харахаар эдийн засаг тэгтлээ муудчихаагүй ч юм шиг. Гэсэн атлаа төсөв хэлэлцэж байгаа энэ үед аль болох хасч танах бодлого барихгүй бол ирэх жилүүдэд хэцүүдэхээр байна гэх.
Цаашлаад ийм их мөнгөөр хуулийн ямар маргаан хийв, тэдэнд үнэхээр ийм их хэмжээний мөнгө зарцуулах хуулийн ямар зөвлөх үйлчилгээ хэрэг болов гэдэг нь эрхгүй анхаарал татаж байгаа юм. Энэ бол олонд ил болсон хамгийн сүүлийн жишээ. Харин үүнээс өмнө манай томоохон компаниуд гаднаас өндөр үнээр зөвлөх үйлчилгээ авч байсан тохиолдол хэд хэд гарсан.
Тухайлбал, олны сайн мэдэх нь мөн л АНУ-ын эхнэр, нөхөр хоёрын хуулийн фирмээс хуулийн зөвлөгөө авахын тулд 17 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлснийг гишүүн С.Ганбаатар ил болгож байв. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын гарын үсэгтэй АНУ-ын “Пэнтер лоу” фирмээс Оюутолгойнасуудлаархуулийн зөвлөгөө авахаар 17 тэрбум 500 сая төгрөгийг төсөвлөсөн байдаг.
Харин үүнээс өмнөх жишээ татвал 2011 онд төрийн өмчит компани “Монголын төмөр зам” мөн л АНУ-ын алдарт “McKinsey & company” гэдэг компанийг Даланзадгад- Чойбалсангийн чиглэлийн 1100 км замын маргаанд зөвлөхөөр авч байсан. Энэ зөвлөх ком- панийн ажлын хөлс жилийн 5.650.000 ам.доллар болж байсан түүх бий. Мөн “МИАТ” компани Хонгконгийн “Seabury” гэx зөвлөх үйлчилгээний компаниас бизнес төлөвлөгөө буюу зөвлөх үйлчилгээг авч байсан зэрэг жишээ бий. Харин энэ бүхний эцэст асар өндөр өртөгтэй зөвлөх үйлчилгээний үр дүн хаана байгааг асууя.
Гарт баригдаж, нүдэнд харагдаж, ажлын үзүүлэлтэд нөлөөлсөн зүйл бий юү гэдэгт хэн хариулт өгөх вэ. Бид энэ мэтээр олсон хэдэн төгрөгөө салхинд хийсгэсээр байх уу. Үнэндээ тайлан балансдаа гаднаас зөвлөх үйлчилгээ авсан гэж байгаа ч цаана нь ямар үр дүн гарсныг хэн ч эргээд тайлагнадаггүй. Тэр дундаа эдийн засаг хүнд байгаа энэ үед төсөвт багагүй хэмжээний орлого төвлөрүүлдэг компаниуд ингэж үрэлгэн хандаж боломгүй санагдах.
Тиймээс ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Батбилэгээс асууя. Эрх баригчдын алдаатай бод- логын горыг жирийн иргэд үүрэлцэж, амьдралдаа арай ядан хүргэж байгаа цалингаа хасуулах дээрээ тулаад байна. Гэтэл та, танай компанийнхан ямар шалтгаан, үндэслэлээр төсөвт төвлөрүүлэх учиртай таван тэрбумаа гаднынханд барьчихав.
Элгээрээ хэвтэхдээ тулаад байгаа эдийн засагт 5.5 тэрбум гэдэг багагүй хөрөнгө. Ядаж л ажилгүй болохгүй, Хятадын компани руу шилжихгүй гэж тэмцээд байгаа ажилчдаа авч үлдэхэд анхаарал хандуулаач. Бодит үр дүнгүй зөвлөх үйлчилгээнд юуны учир 5.5 тэрбумыг цацсанаа тайлбарлаач, Б.Батбилэг дарга аа.
М.Өнөрөө
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: