Шангри-Ла д зочилсон миний 4 удаагийн түүх
ТҮҮХ 1
Шангри-Ла Монголд нээгдээд хэдхэн хонож байсан юм. Монголын нэр хүндтэй нэгэн банк харилцагчдадаа хүндэтгэл үзүүлж, хүлээн авалт хийлээ. Уригч талын нөлөө бүхий нэгэн хүнийг зүс мэдэхийн хувиар мэнд мэдэн ярилцав. Энэ зуур зочдын дундуур үйлчлэн байх зөөгчид хандан эзэн тал миний уухыг хүссэн зүйлстэй нэгтгэн хоёр хундага цагаан дарс захиаллаа. Хэсэг хугацааны дараа хундагалсан улаан дарс ирж, цагаан дарс захисан, андуурчихав уу гэсэн асуултад зөөгч хэнэг ч үгүй, “Цагаан дарс дуусчихаж, удахгүй ирнэ, иртэл нь улааныг ууж бай” гэлээ. Шангри-Лад байтугай шар айрагны жирийн нэг мухлагт мөрдөгдөх энгийн дүрэм энд зөрчигдөж байгааг хараад хэлэх ч үг олдолгүй зөөгчийн зөвлөснөөр хүсээгүй улаан дарсаа уусан нь Шангри-Лад зочилсон миний эхний түүх байлаа.
ТҮҮХ 2
Үүдний хүлээлгийн танхимд нь аяга кофе уунгаа ажил хэрэг ярихаар орох удаах тохиолдол минь аз болж өмнөх хүлээн авалт шиг бум бужигнаж, түм түчигнээгүй хэд гурван хүн холхисон үдийн хойно 15 цагийн үе байлаа. Үнэндээ үйлчилгээний ажилтнуудын анхаарал сарниж, орсон гарсан харилцагчаа хольж сольж будилахааргүй байсныг тодотгохын тулд өмнөх өгүүлбэрийг нуршив. Уусан кофеныхоо төлбөрийг төлөхөөр үйлчлэгч бүсгүйд картаа өгч явуулах зуур, хамт явсан хүмүүсийн зарим нь хажуу зэргэлдээ танхимуудыг сонирхохоор одлоо.
Тэдний араас хүлээн авалтын танхим руу орохдоо төлбөрөө хийхээр картаа явуулчихсан байснаа мартаж орхиж. Миний буруу. Гэхдээ тэр том хүлээлгийн танхимд үйлчилгээ авч байсан ганцхан ширээнийх нь хүмүүс босоод явж байхад араас хүүе хүн гуай ч гэж сануулаагүйд өмнө нь нэгэнтээ бүтэлгүй үйлчилгээ авсны хувиар багагүй гомдсон бас гайхсан юмдаг. 17 цагийн орчимд өөр газар тооцоо хийх гэж картаа хайгаад эцэст нь кофены тооцоонд үлдээснээ санаж хүн явуулан байж авсан юм.
ТҮҮХ 3
Ахиад л нөгөөх хүлээлгийн танхимдаа орж ирлээ. Энэ удаа бид олуулаа, бас ч үгүй цайны урлагийн гайхамшгийг мэдрэхээр, нэгэн брэндийн намар өвлийн загвар сонирхохоор уригдан ирсэн юм. Дэлхийд нэр нь түгсэн тэр нэгэн брэндийг Монголын урдаа барьдаг, нэртэй, зүстэй загвар өмсөгчид, төлөвлөсөн аялгуунд танилцуулах байв. Гэвч Шангри-Лагийн хөгжимд алдаа гарч таг болов.
Азаар зохион байгуулагч талын урьсан авъяаслаг шанзчин бүсгүй энэ удаа аварч, шанз хөгжмийн зөөлөн аялгуунд намар, өвлийн загвараа сонирхсон нь зочдод харин ч таатай мэдрэмж төрүүлсэн юм. Шангри-Лагийн хоёр удаагийн бүтэлгүй түүхтэй миний хувьд, хөгжим мэддэг хүн нь бас алдаа гаргадаг юм байна гэсэн гурав дахь таагүй дурсамжаа тархиндаа хадгалсаар гарлаа.
ТҮҮХ 4
Тун саяхан “Монголд үйлдвэрлэв” нэртэй Аж үйлвэрийн яамнаас зохион байгуулсан хуралд, анх зочилсон их танхимдаа шинэ сонин зүйл сонсчих санаатай дахин очлоо. Зочлохоосоо өмнө, арга хэмжээ эхлэхэд биш эхний цай, кофены завсарлага дундуур орсноо тодотгох нь зүйтэй. Аливаа арга хэмжээний эхний завсарлагаар нийт зочдын нэжгээд нь гараад явдаг талтай ч миний анзаарснаар 30 орчим хувь нь гарах, орох хөдөлгөөнд шилжсэн байсан юм. Харамсалтай нь хувцас өлгүүрт хөл толгой нь алдагдсан замбараагүй явдал болж гадуур хувцсаа өлгүүлэхээр хүлээсэн 20 минутад Соёлын Төв Өргөөний өлгүүрт ч үзэхээргүй “гайхамшгийг” мэдрэв. Гадаад дотоод нийлсэн 20 гаруй хүний хувцасны учрыг олж чадахгүй гэдгээ мэдмэгцээ өлгүүрт ажиллаж байсан бүсгүй, залуу хоёр, зочдыг өлгүүрийнхээ өрөөтэй танилцаж, өөрсдөө хувцсаа таниад авахыг санал болгосон юм.
Ажил хэрэгч уур амьсгал үнэртүүлсэн аятайхан арга хэмжээнд очно гэж төлөвлөн арай олигтойхон гадуур хувцсаа сонгож өмссөн би, хувцас минь алга боллоо гэхэд хариуцах хүн байхгүй юм байна гэсэн битүүхэн айдастайгаар бас өлгүүрчинг надад ирж үйлчлэхийг хүлээж дийлэлгүй хувцсаа гартаа барьсаар хуралдаа орсон юм. Шангри-Лагийн надад барих дараагийн гайхамшиг юу байх бол гэсэн бодол өөрийн эрхгүй үе үе бодогдох юм даа.
Б.Солонго http://profile.mn/content/113
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
bas ulaaniig uusan ni hund garaa