ХӨГЖЛИЙН БАНКНЫ БОНДЫГ ШИРЭЭН ДООГУУР НАЙМААЛЦАХЫН УЧИР
Монголын эдийн засаг хөгжиж, хөгжлөөрөө овоглосон банктай ч болов.
Банкаа гадныхнаар удирдууллаа. Банкин дахь мөнгө нь ч бас гаднаас олдох бололтой. Уг нь эхний ээлжинд 800 тэрбум төгрөг хэрэгтэй гэж байгаа. Тэр мөнгө нь манайд бий. Бүр нэг их наяд төгрөгийн илүүдэл хөрөнгө сул хэвтэж буйг эх сурвалжууд хэлсээр байтал гаднаас авах сонирхол давамгайлаад байгаа нь илт байна.
Гаднаас санхүүжиж болно. Хамгийн гол нь манай улсын хөгжлийг хэн, хаанаас, ямар хүүтэй, хэчнээн төгрөгөөр санхүүжүүлж байгаа нь иргэн бүрт биш юм аа гэхэд УИХ-д тодорхой ил тод байх ёстой. Тухайлбал, иргэн надад үүнийг мэдэх бүрэн эрх бий. Гэтэл одоогоор Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагад төлөөлж буй хүмүүс үүнээс өөр санаатай байгаа нь цухалцзаж эхлээд байна.
Монголчууд улсаа хөгжүүлэх мөнгө олохын тулд хоёрхон замыг туулах ёстой. Нэг нь зээлэх, нөгөө нь бонд гарган арилжих. Эцсийн бүлэгтээ аль нь ч зээл мөн. Олон жилийн турш бид шууд зээлдэг байсан. Хүү нь өндөр, хугацаа нь богино.
Арай урт хугацаатай томоохон санхүүжилтийг багахан хүүтэй авах арга замыг сүвэгчилсээр Хөгжлийн банкийг байгуулахаар болсон. Засгийн газрын бондыг арилжаалах замаар Хөгжлийн банкаа санхүүжүүлээд, түүгээрээ авто зам, төмөр зам, эрчим хүч гээд “мөнгө уудаг” томоохон ажлуудыг гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэрийг бий болгоё гэж шийдсэн. Энэ муу арга биш ээ. Гэхдээ асуудал байна.
Бондыг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар (Public placement) буюу далд аргаар (Private placement) худалдаалж болдог. Хөгжлийн банкны монгол удирдлагуудын ярьж байгаагаар манайхан Private placement буюу ширээн доогуур наймаалцдаг далд аргыг нь сонгочихоод байна. Хөгжлийн эх үүсвэрээ далдуур тохиролцож улс орноо хөгжүүлнэ гэдэг л Азийн анхны ардчилсан улс гэж цээжээ дэлдэх дуртай Монголын олон нийтэд таалагдахгүй байгаа юм.
Ер нь Монголын эдийн засагт “жаахан” мөнгө ороод, өнгөтэй өөдтэй болоод ирэхээр л улстөрчид нь “ширээн доогуурх наймаа”-ны аргаар цөлмөчихөөд байдаг. Үүнийг хэд хэдэн Засгийн газрын түүх харуулдаг. Хэрэв манай гадныхантай хийж буй наймаа ил тод байсансан бол манайх одоогийн орж ирээд байгаа мөнгөтэй аль хэдийнэ учран золгох байсан билээ. Гэвч өнгөрснийг дурслаа гээд боломж эргэж ирэх биш урагшаа харцгаая.
Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэр болох 800 тэрбумыг нь дотоодоосоо ав гэж УИХ даалгасан санагдах юм. Тэгэхээр гаднаас л авах сонирхолтой байна. Гаднаас авахдаа хаанахын хэнээс, ямар хүүтэй авах вэ гэхээр үүнийгээ нууцална гээд байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын бондыг далд аргаар худалдъя гээд бүр шийдчихсэн байгаа. Яагаад ил аргаар худалдаж болдоггүй юм бэ гэхээр “Хүү нь өндөр байна” гэх юм. Хачин байгаа биз дээ. Ил наймаалцахаар хүү нь өндөр, далд бол хүү нь багасдаг гэнэ. Энэ “но”-той биш үү.
Далд аргаар хүү багатай зээлэхийн цаана нэг том барьцаа байж таарна аа даа. Үүний учрыг Засгийн газар, Хөгжлийн банк хоёр л мэднэ. Тэгэхээр Засгийн газраас томилогдон агентлагийг хариуцаж байгаа, нөгөө талаар “Хөгжлийн банк” гэдэг компанийн удирдлагад Засгийн газрыг төлөөлж буй, ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун, тэргүүн дэд захирал Л.Болормаа нар дээр фокусаа тааруулах болж байгаа юм.
Ч.Хашчулуун дарга энэ сарын 14-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж л дээ. “Хөгжлийн банк санхүүжилтийн асуудлыг энэ сараас эхлэн шийдвэрлэж хэрэгжүүлэхээр болоод байна. Хүмүүс дээрхи санхүүжилтийн асуудлыг яагаад удаагаад байгаа юм бэ гэж багагүй шүүмжилдэг. Гэтэл Хөгжлийн банк маань саяхан байгуулагдсан. Нэг үгээр хэлбэл, зургаан сартай хүүхдээс 600 сая ам.доллар нэхээд байгаатай адил зүйл болох гээд байна. Гэхдээ асуудлыг хурдан шийдэхийн төлөө ажиллаж байгаа. Ер нь зах зээл дээр санхүүжилт, мөнгө босгох ажилд наанадаж 2-3 сарын хугацаа орж байна” гэсэн байна.
Товчхондоо Хөгжлийн банкны удирдлагууд санхүүжилтийн эх үүсвэр хайсаар байгаа гэнэ. Тэдний арга ажиллагааны схем нь тун сонин. Төр мөнгө өгье гэхээр авдаггүй. “Гаднаас авч болно, гол нь ил тод байлга” гэхээр зөрүүдлээд байдаг. Цорын ганц боломж нь нууц байлгана гэвэл бага хүүтэй мөнгө олоод ирье гээд байгаа. Одоохондоо Ч.Хашчулуун дарга “Бид маш бага хүүтэй зээлийн санхүүжилт хайж байгаа учраас нэг хоёр сар ч хүлээх шаардлага гарч болно. Дайралдсан санхүүгийн эх үүсвэрээс өндөр хүүтэй мөнгө оруулж ирэх юм бол үндсэн зорилт маань хангагдахгүй. Өөрөөр хэлбэл, иргэдэд бага хүүтэй зээл олдохгүй болно гэсэн үг. Тийм болохоор эх үүсвэрээ олтол хугацаа шаардагдана” хэмээн олон нийтийг “хуураад” байгаа юм. Монголын ард түмэн зам, эрчим хүч зэрэг хөгжлийн чухал санхүүжилтээс мөнгө харамлахгүй ээ. Дэлхийн улс орнууд ийм хөрөнгө оруулалтыг яаж шийддэг юм бэ. Өндөр ч гэсэн тэр жишиг үнээр нь зээлээ ав. Гол нь ил тод бай.
Нууцаар тохироод бага хүүтэй олоод ирье гэдгийн цаана Монголын ард түмний ямар ч том эрх ашгийг барьцаалах бол гэсэн хардлага зүй ёсоор төрөөд байгаа юм. Бидний ирээдүйг барьцаалж зээл авахдаа юуг нь нууцаар хийх гээд байгаа юм бэ гэдэгт л иргэнийхээ эрхийн дагуу бухимдаад байна. “Хүү өндөр байна” гэдэг үгээр битгий хуур. Зөв зүйлд шударгаар зарцуулсан, түүнийгээ олон нийтэд ил тод мэдээлсэн байхад ард түмэн хvлээн авна.
Харин бага хүүтэй мөнгө олж ирэх гээд ямар нэг үнэт зүйлээ далдуур барьцаалсан байвал асуудал өөр болно. Тэр үед бага хүүгийн тухай тэнэг тайлбарыг сонсох ч хэрэггүй. Яагаад Вьетнам, Филиппин, Малайзын авч болоод байгаа хүүгээр Монгол Улс зээл аваад автозам, төмөр зам, эрчим хүчээ найдвартай болгоод гаднаас хараат байдлаа багасгаж болохгүй гэж. Хойч үе баярлана. Одоохондоо Монгол Улс дэлхийн хамгийн эерэг төсөөлөлтэй эдийн засагтай орнуудын тоонд орж байгаа. Энэ бол тэр бүр тохиодоггүй ховор боломж. Ийм үед зээлийн хүү өндөр байх нь хэвийн үзэгдэл гэж хэлж болно. Өндөр хүүтэй мөнгө зээлээд зохих санхүүжилтээ хийсний эцэст Монгол Улс л хожно. Эдийн засаг сайжирна. Үүнийг дагаад Монголын зээлжих эрхийн зэрэглэл ахина. Банкнаас найдвартай зээл аваад хугацаанд нь найдвартай төлөөд байвал дахин зээл өгөхдөө дуртай байдаг шүү дээ. Түүнтэй л адил.
Мөн Засгийн газрын бондын үнэлгээ өссөнөөр Монголын компаниудын бондын үнэлгээний түвшин ч дээшилнэ. Үүний үр дүнд аажмаар зээлийг хүү буурна. Гэтэл иргэд биржийн мэдээлэл авдаг шигээ компаниудын үнэлгээг өдөр тутам хянаад байж болдог тэр тогтолцооноос зугтаад, нуух гээд байгаагийн шалтгаан юунд байна вэ. Дашрамд дурьдахад Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ баталж, бондоо доллараар, далд наймаалцаж болно гэдгийг нь Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулаад эрх олгочихсон болохоор Засгийн газрыг энэ асуудалд хардахаас өөр аргагүй.
Товчхондоо, Засгийн газар нь баталгаа гаргаад, “Монгол Улсын хөгжлийг нууцаар наймаалц” гээд хоёр солонгос нөхөрт өгчихлөө шүү дээ. Эх орныхоо төр, засгаас цалин, хангамж авч буй тэр хоёр солонгос Монгол Улсын хөгжлийн төлөө монгол хүн шиг ажиллаж чадах уу. Бид улсынхаа хөгжлийн талаарх мэдээллийг хэрэв тэд хүсвэл, орчуулгаар сонсох болж байна уу гээд бухимдал дагуулсан олон асуулт байна. Үүнд Засгийн газар хариулж дөнгөхгүй л байх. Тиймээс яарч гаргасан шийдвэрээ эргэн харж, засах л шаардлагатай болж байна. Эс тэгвээс Засгийн газарт Монголын хөгжлийн санхүүжилт, түүний эх үүсвэрийг нууцлах өөр ашиг сонирхол байгаа гэж ойлгохоос өөр арга алга.
Оргилмаа
URL: