Хотын “зад хямдрал” иргэдийн сэтгэлд хүрсэнгүй
Нийслэлийн ойн хүрээнд зохион байгуулсан “Их хотын хямдрал-376” худалдаа гурав дахь жилдээ Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцов.
Хэдэн өдрийн өмнөөс л аж ахуйн нэгж, албан байгууллагууд баяраар бүтээгдэхүүнийхээ үнийг10-70 хувь хямдруулах тухай ярьж эхэлсэн. Зөвхөн энэ боломжийг ашиглах гэж төв талбайг зорьж ирсэн хүн ч цөөнгүй байх. Гэвч яг газар дээр нь очоод бүтээгдэхүүний үнийг асуувал 50-аас дээш хувь хямдарсан бараа бүтээгдэхүүн байсангүй.
Тиймээс өнөөх их хотын “зад хямдрал” нь олон иргэний сэтгэлд нийцсэнгүй. Хэдийгээр Арьс шир үйлдвэрлэлийн холбооноос бараа, бүтээгдэхүүнээ 10-50 хувь хямдруулсан гэж байсан ч жирийн үед 10 мянгаар зардаг бээлий үнээрээ л байж байв. Түүнчлэн энэ өдөр үсчин, гоо заслын салонууд бүх үйлчилгээндээ 20 хувийн хямдрал үзүүлж, нийслэлийн иргэддээ бэлэг барьсан бол үндэсний үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид олон төрлийн тохирол бүхий сугалаат худалдаа явуулсан юм.
Тэдгээрийн дотроос хамгийн супер нь “Чансаа” гутлын дэлгүүр автомашины сугалаатай тохирол явуулсан явдал байлаа. Мөн урлагийн тоглолт болж “Соёл-Эрдэнэ” хамтлаг нийслэлийн иргэд дээ ая дууныхаа дээжийг өргөв.
“Нийслэлийн туг”-ийг мандууллаа
Жил бүрийн ойн өдрөөр “Нийслэлийн туг”-ийг мандуулдаг уламжлалтай. Нийслэлийн 376 жилийн ой тохиож буй энэ өдрийн морин цагт Сүхбаатарын талбайд “Монгол Улсын Төрийн дуулал” -ыг эгшиглүүлж, “Нийслэлийн туг”-ийг мандууллаа. Туг мандуулах ёслолд нийслэлийн удирдлагууд болон төв талбайд цугласан иргэд оролцсон юм.
“НВЦ”-гийн өндөг эрэлт ихтэй байлаа
Өнгөрсөн жил “НВЦ” компанийн барьсан “Баян” асар хамгийн их үйлчлүүлэгчтэй нь байж, өндөг авах гэсэн хүмүүсийн хөлд дарагдсан билээ. Энэ талаар тус компанийн Борлуулалтын газрын дарга О.Галбадрах “Энэ жилийн хямдралтай худалдаанд манай компанийн зүгээс зөвхөн өндөг биш тахианы мах худалдаалахаар болсон. Өнгөрсөн жил ганц цэгээр худалдаалсан бол энэ удаа дөрвөн цэг дээр худалдаа хийнэ. Өндөгний үнэ200-240 төгрөгийн хооронд байна. Түүнчлэн 8000-10000 өндөг шарж, омлет хийж хэрэглэгчдэд тараана. Энэ жил мөн ялгаагүй үйлчлүүлэгч ихтэй байна” хэмээлээ. Сонирхуулахад өнгөрсөн жил болсон хямдралтай худалдааны үеэр 300 мянга гаруй иргэн нэг тэрбум төгрөгийн борлуулалт хийж байжээ. Сүхбаатарын талбайд худалдаа хийх эдгээр иргэдийн асар майхныг нь үнэ төлбөргүйгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Захирагчийн ажлын албанаас гаргаж өгдөг аж. Их хотын хямдралтай худалдааны үеэр иргэдийн сэтгэгдлийг сонслоо.Зарим бүтээгдэхүүний үнийг сэтгэлд хүртэл хямдруулаагүй байна
Хан-Уул дүүргийн иргэн Г.Эрдэнэмөнх: -Нийслэл хотын ойн баярын иргэдэд хэрэгтэй хамгийн гол үйл ажиллагаа нь бараа бүтээгдэхүүний хямдралтай худалдаа байдаг. Өнөөдрийн худалдаанд хүмүүст хэрэгтэй, сонголт сайтай бараа, бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа нь таалагдлаа. Зарим барааны үнийг их биш ч хямдруулсан байна. Жишээ нь, ноос, ноолууран бүтээгдэхүүн, гутал, хувцас гайгүй хямдарчээ. Би “Чансаа”-гийн190 мянган төгрөгийн үнэтэй гутлыг 125 мянгаар авлаа. Эндээс гутал авахад хоёр ширхэг сугалааны эрх өгч байна. Харин зарим нь бүтээгдэхүүнийхээ үнийг сэтгэлд хүрэхээр хямдруулаагүй байна. Ялангуяа хүнсний бараанд хямдарсан зүйл алга. Зохион байгуулалтын хувьд дажгүй сайхан болж байна.
Үйлдвэрийн үнээр зарах нь хямдарсан гэсэн үг биш
Баянзүрх дүүргийн иргэн Т.Нэмэхбаяр: -Энэ жил анх удаа нийслэлийн ойн баярт оролцож байна. Би аль болох үндэснийхээ үйлдвэрлэлээ дэмжихийг хүсдэг. Монгол үйлдвэрийнхээ бараа, бүтээгдэхүүнийг илүүд сонирхлоо. Ноос, ноолууран зарим бараа бүтээгдэхүүн50 хувь хямдарсан харагдлаа. Харин хүнсний бүтээгдэхүүний хувьд үйлдвэрийн үнээрээ л зарж байна. Худалдагчаас нь“ гадуур зардгаас хэдэн төгрөгөөр хямд юм” гэж асуухаар мэдэхгүй байна. Бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр зарж байна гэдэг чинь хямдарсан гэсэн үг биш шүү дээ. Хямдрал гэдэг нэрээр үндсэн үнээрээ л бүтээгдэхүүнээ худалдаж байна гэсэн үг.
60-70 хувь хүртэл хямдарсан зүйл харагдсангүй
Хан-Уул дүүргийн иргэн Н.Лхамжав: -Өнөөдөр 10-70 хувийн хямдралтай худалдаа болно гэж сонсоод ирсэн. Ихэнх бүтээгдэхүүнээ 10-20 хувийн л хямдралтай худалдаалж байх шиг санагдлаа. Түүнээс60-70 хувь хямдарсан зүйл алга. Ноос, ноолууран бүтээгдэхүүн л сайн хямдарчээ. Эгч нь ноолууран нуруувч аваад явж байна. 15 мянган төгрөгийн үнэтэй байсныг есөн мянгаар авлаа. Уг нь хямдрал гэдэг нэрийнхээ дор бодит хямдрал үзүүлж байвал зүгээр юм гэлээ. Нийслэлийн баяраар хамгийн анхны, урт, олон сюрпризтэй парад болсон юм. Цамын бүжиг, трансформерсын баатар, бүжигчид, хүүхэлдэйн баатруудтай сүрт жагсаалыг Улсын их дэлгүүрээс Цэцэг төвийн баруун урд уулзвар, СУИС-ийн зүүн урд уулзвар, Сүхбаатарын талбайн баруун урд уулзвар хүртэл зохион байгууллаа.
М.ЭНХЦЭЦЭГ
Ц.ЗАЯА
Эх сурвалж: Unen.mn
URL: