Өнөөдөр Дэлхийн хуримтлалын өдөр

Өнөөдөр  Дэлхийн хуримтлалын өдөр. Жил бүрийн энэ өдөр олон улсад өргөнөөр тэмдэглэж, банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчилан таниулах чиглэлтэй олон арга хэмжээг зохион явуулдаг байна.

Манай улсын хувьд анх 2012 оноос эхлэн Монголын банкны холбооны санаачилсанаар арилжааны банкууд дор бүрдээ өөр өөрийн онцлог урамшуулалт үйлчилгээгээр харилцагч нартаа бэлэг барих болон иргэдэд үнэ төлбөргүй хадгаламж нээх зэргээр олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулан тэмдэглэж ирсэн. Монголын Хадгаламжийн Даатгалын Корпораци нь 2014 оноос эхлэн Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтарч олон нийтийг хамруулсан өргөн цар хүрээнд тэмдэглэх болсон байна.

Энэ жилийн хувьд өнөөдөр Монголын банкны холбооны байранд хот хөдөөний аймаг сум, дүүрэг хороодын ерөнхий боловсролын сургуулиудаас амжилттай сайн суралцдаг хэдийч амьдралын түвшин доогуур, эмзэг давхаргын 50 хүүхдийг сонгон шалгаруулж, ХДК-ийн нэрэмжит 50 мянган төгрөгийн эрхийн бичгээр урамшуулах ажлыг зохион явуулах гэж байна.

Уг арга хэмжээний нэг онцлог нь ХДК-ийн Иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хүүхэд багачуудад багаас нь санхүүгийн суурь мэдлэг боловсрол олгох чиглэлээр Хуримтлал гэж юу болох, түүний ашиг тус, хуримтлал үүсгэх арга, дадалд хэрхэн суралцах талаар хичээл заан сургалт явуулах юм.


URL:

Сэтгэгдэл бичих