Монголын Засгийн газар “Хан ресурс”-ын өмнө бөхөлзөх үү

“Хан Ресурс” компани болон Монголын Засгийн газрын хоорондын маргааныг шүүх арбитрын урьдчилсан хурал өчигдөр Францын Парис хотод эхэллээ. Энэхүү хуралд “Хан Ресурс”-тай гэрээ байгуулахад оролцсон Монголын талын төлөөлөл оролцож байна.

Тухайлбал, “Мон Aтoм” компанийн орлогч дарга Г.Цогтсайхан, “Hogan Lovells” компанийн Монгол дахь төлөөлөгч болон Цөмийн энергийн газрын хуулийн хэлтсийн дарга тэргүүтэй хүмүүс оролцжээ. Олон     улсын арбитрийн шүүхэд Монголын Засгийн газрыг төлөөлөх ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан урьдчилсан хуралдаанд оролцохоор Парис яваагүй аж.

Урьдчилсан хуралдааны үеэр энэхүү хэрэг арбитрийн шүүхийн маргаан мөн эсэхийг тогтооно. Хэрэв биш гэж үзвэл хэрэгсэхгүй болгох шийдвэрээ урьдчилсан шатны шүүх хурлаас гаргах юм. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Хан Ресурс”-ын маргааныг дотоодын гурван шатны шүүхээр хэлэлцсэн. Тийм учир арбитрын шүүх энэ хэргийг авч хэлэлцэхгүй байх магадлал өндөр” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байв.

Ер нь анх гэрээ байгуулахдаа ямар нэгэн маргаан гараад түүнийг дотоодын шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдолд арбитрын шүүхэд хандах эрхгүй гэдгийг тусгаж өгсөн бол санаа зовох зүйлгүй байх байжээ. Харин Францын арбитрийн шүүх энэ хэргийг хүлээн авбал эцсийн шийд гаргах хугацаа нь сунжирсаар 3-5 жил ч болж магадгүй аж.

Ер нь арбитрийн шүүх тухайн хэргийг шийдвэрлэхийн тулд олон удаа хуралдаж, хэлэлцдэг. Тиймээс ингэж сунжрах нь хэвийн үзэгдэл гэнэ. Энэ тохиолдолд манай Засгийн газар Оросын талтай хамтран “Дорнод уран” компанийг байгуулах асуудал сунжирч, Дорнод ордын 28.8 мянган тонн ураны нөөц газар Дороо хэвтсээр байх юм.

Хэрэв эцэст нь Парисын арбитрийн шүүх Монголын Засгийн газрыг буруутайд тооцвол түүнийг давж заалдах боломжгүй болно. Монголчууд 200 сая ам.долларын төлбөрт унана гэсэн үг. Тэгэхээр Монголын Засгийн газар олон улсын арбитрийн шүүх дээр “Хан Ресурс”-ын өмнө бөхөлзөх эсэх нь энэ удаагийн урьдчилсан хуралдаанаар тодорхой болно гэхэд хэцүү. Харин “Дорнод уран” компанийг байгуулах асуудал хойшлогдох эсэх нь энэ хурлын дүнгээс тодорхой болох юм.

“Хан Ресурс” компани энэ оны нэгдүгээр сарын 10-нд Монголын Засгийн газрыг арбитрийн шүүхэд дуудан 200 сая ам.долларын нөхөн олговор нэхэмжилсэн. Цөмийн энергийн газраас Дорнод ураны ордыг эзэмших лицензийг хураан авсны дараа “Хан Ресурс” компани маргааныг анх эхлүүлсэн.

Цөмийн энергийн газраас “Ордын ашиглалттай холбоотойгоор нөхөн сэргээлтийг хийгээгүй. Мөн хувьцаа эзэмшигчийн эрхийг хөндөж, хууль бусаар олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан” гэх үндэслэл тавьсан билээ.

Харин “Хан Ресурс” компанийн ерөнхийлөгч Грант Эди “Монгол Улсын Засгийн газар олон улсын арбитрийн шүүхэд хандахаас өөр сонголт үлдээсэнгүй. Цөмийн энергийн газар ОХУ-ын “Атомметротзолото” компанитай Дорнод ураны орд газрыг ашиглах гэрээ байгуулсан. Тиймээс нөхөн олговор олгохгүйгээр лицензийг хураан авах нь хууль бус үйлдэл учир манай нэхэмжлэл үндэслэл сайтай” гэх агуулгатай тайлбар хийсэн юм.

Өмнө нь “Хан Ресурс” компани Дорнод ураны ордын хувьцааныхаа тодорхой хувийг Хятадын Цөмийн эрчим хүчний үндэсний корпорацид 52.9 сая ам.доллараар худалдах гэж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ нь тухайн үед Оросын “АРМЗ”-ийн тавьсан үнийн саналаас даруй хоёр дахин их үнэ байсан юм. Харин энэ үеэс гадны хэвлэлүүдэд “Хан Ресурс”-ыг Орос, Хятад хоёр гүрний байгалийн баялгийн төлөөх хүйтэн дайны золиос болж байна” хэмээн бичиж эхэлсэн билээ.

Харин түүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Монголд айлчилж, Дорнод ураны орд дахь “АРМЗ”-ын эзэмших хувийг нэмэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг албаны төлөөлөгчид хэлж байв. Эцэст нь Цөмийн энергийн газар “Хан Ресурс”-ын лицензийг хураан авсан. “Хан Ресурс” ч үүнийг зүгээр хараад суухыг хүссэнгүй. Тэд хөдөлж эхэлснээс болж ийнхүү Монголын ураны салбар олон улсын анхааралд өртөх болсон.

“Хан Ресурс”-ын тал “Оросын Засгийн газар Монголчуудад улс төрийн хувьд дарамт, шахалт үзүүлснээс болж, тэд ийм хууль бус шийдвэр гаргахад хүрсэн” хэмээн мэдэгдэж байсан. Энэ тухай “Bloomberg”-т “Дорнод ураны ордыг эзэмших асуудалд Хятад, Оросоос гадна Японы сонирхол ч илэрч байгаа” хэмээн дурьджээ.

Оросын эрх баригчид Дорнод ураны ордыг япончуудад “бэлэглэх” замаар тус улстай холбоотой янз бүрийн маргаанаа шийдвэрлэхийг зорьж буй ч байж болно гэх таамаг ч байдаг. Янз бүрийн маргаан гэдэгт Курылийн арлын асуудал ч багтах юм. Харин “Voice of Russia”-д “Хан Ресурс” лиценз эзэмших эрхээ алдсан нь хуулийн дагуу шийдвэрлэгдсэн асуудал” хэмээн мэдээлжээ.

“Хан Ресурс”-ын хувьд Оросын “АРМЗ”-г ч бас Канадын арбитрийн шүүхэд өгчихөөд байгаа билээ. Ураны үнэ хэдхэн жилийн дотор одоогийнхоосоо 4-5 дахин өснө гэж судлаачид таамагладаг. Энэ нь ураны эрэлт, хэрэгцээ их байгаатай холбоотой. Ийм үед Дорнод ураны ордыг тавиад туучих хүсэл Орос, Хятадын Засгийн газар болон “Хан Ресурс”-ын алинд нь ч байхгүй нь ойлгомжтой. Мөн энэ бүх үйл явцтай уялдаад гадны хэвлэлүүдэд “Хан Ресурс”-ын цаана Хятадын талын сонирхол ч байж магадгүй гэх таамгийг дэвшүүлсэн байна.

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих