АНУ: Туулай жилд хурим хийх төлөвлөгөө маань талаар болсон
Дуучин Ану буюу Ч.Уранхолбоотой ярилцлаа.
-Анутай уулзаагүй уджээ. Сонин сайхан их үү?
-Анх “Гала” хамтлаг байгуулагдсаны дараахан нэр хүндтэй энэ сонинд ярилцлага өгч байсан юм байна. Тэрнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. “Өдрийн сонин”-ы уншигчидтай уулзаж байгаадаа баяртай байна. Энэ зун миний хувьд үр өгөөжтэй өнгөрлөө. Уран бүтээлчээсээ гадна нийгмийн тал руу хандсан багагүй ажил хийлээ. Мянганы сорилын сангийн эрүүл мэндийн төслийн 2011 оны нүүр царай болсон. Гол нь архи, тамхины эсрэг сурталчилгаа хийж, зуны турш 21 аймгаар явж, өсвөр үеийнхэнд чиглэсэн үйл ажиллагаа байлаа. Мөн МАН-ын ажлаар Эрхүүд болсон монгол залуусын найрамдал харилцааны арга хэмжээнд саяхан оролцоод ирлээ. Тэр үеэр Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны гишүүнээр элсэн орсон байгаа. Хэт их улс төр хөөхгүй ч гэсэн залуу хүний хувьд нийгэмд оролцоотой байя, холбоонд нэгдье гэж шийдээд саналыг нь сонсч, зөвшөөрөөд МАН-д гишүүнээр элслээ.
-МАН-д гишүүнээр элссэн гэлээ. Арай улс төрд өөрийгөө сорьж байгаа юм биш биз?
-Би улс төрийг тэгж хурц сонирхдог хүн биш. Зүгээр залуучуудын дунд орж, шинэ найз нөхдийн хүрээллийг бий болгохын тулд намд гишүүнээр элссэн.
-”Гала” хамтлаг байгуулагдсан цагаасаа залуусыг байлдан дагуулсан. Хувийн харилцаанаас болоод Болорцэцэг та хоёр, хоёр тийш явсан гэж ярьдаг ч ойрд нийлж “Гала” нэгдэж байгаа тухай сонсогдох боллоо?
-Болороогийн төрсөн өдөр саяхан болж, багадаа нийлдэг байсан 20 охид уулзлаа л даа. Төрсөн өдрийн тэр арга хэмжээнд манай “Гала” хамтлагийн продюссер Мандахбаяр хүрэлцэн ирсэн нь бидний хувьд гэнэтийн бэлэг байлаа. Тэр үеэр бидэнд ярилцсан зүйл байсан. Гэхдээ би яг одоо ганцаараа “Гала”-г төлөөлж ярьж чадахгүй нь. Болорцэцэг гэдэг хүн том орон зайг эзэлсэн “Гала” хамтлагийн бүрэлдэхүүн нь. Тиймээс энэ асуултад бид хамтдаа байж л хариулт өгөхийг хүсч байна. Бусдын ярьж байгаагаар хувийн харилцаанаас болоод тарсан юм байхгүй. Болороо маань өнгөрсөн нэг сард ээж болсон.
-Тэгвэл өөрийн чинь хувьд гэр бүлийн амьдрал зохиох төлөвлөгөө юу болж байна даа. Туулай жилдээ амжиж хуримаа хийх тухай ярьж байсан санагдах юм…
-Хувийн амьдралын тухайд өөрийн гэсэн төлөвлөгөө байсан ч амьдрал гэдэг зүйл хүний санасны зоргоор байдаггүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харууллаа. Туулай жилд гэр бүлтэй болно гээд нэг хэсэг аз жаргалтай байлаа. Энэ тухайгаа хэнээс ч нуулгүйгээр, зоригтойгоор илэрхийлж бас ярьсан. Гэхдээ урлагийн амьдрал золиосыг шаардах юм л даа. Бид нарыг хүмүүс хараад, бүх зүйл нь бүтэмжтэй, үргэлж аз жаргалтай байдаг. Хэзээ ч гунигладаггүй мэтээр зарим хүмүүс төсөөлдөг. Гэтэл бодит амьдрал дээр адилхан хүн шүү дээ. Тэр болгоныг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг. Ингээд туулай жилд хурим хийх төлөвлөгөө маань талаар болсон.
-Яагаад ийм сонголт хийх болов оо?
-Гэр бүлийн амьдралд бэлэн биш юм шиг санагдсан. Уг нь маш сайхан эр хүнтэй учирсан. Тэр хүнээс маш олон зүйлийг мэдэрч, эмэгтэй хүний аз жаргалыг амссан. Гэхдээ амьдралд бэлэн биш байдал нь гэр бүлийн амьдрал зохиох тал дээр том асуудлыг үүсгэсэн. Ингээд уран бүтээлийнхээ амьдралыг сонгосон юмаа.
Ер нь хайр сэтгэл нэг л өдөр ирнэ гэдэгт итгэж байгаа. Одоогоор найз залуутай болоогүй л байна. Хувийн амьдралаа бүрнээр нь олонд дэлгэж, ийм зүйл боллоо, тэр хүн маань ингэлээ гэж шүүмжлэхээс илүүтэйгээр өөр дээрээ дүгнэлт хийж, өөртэйгөө ярилцаж, дараа дараагийн хийх ажлуудаа төлөвлөж, өөрийгөө их завгүй байлгаж байгаа.
-Одоо хэнтэйгээ амьдардаг вэ?
-Дүү охинтойгоо хамт амьдардаг. Тусдаа гарсан байгаа. Уг нь найз залуутайгаа амьдрах гэж тусдаа гарсан л даа.
-Ану хуулийн мэргэжилтэй байх аа?
-Цагдаагийн академийн эрхзүйн ангид III курс хүртлээ суралцсан. Хуулийн мэргэжил эзэмшсэн ч энэ мэргэжлээр ажиллаагүй. Гэхдээ хууль эрхзүйн мэдлэг миний өдөр тутмын амьдралд маань хэрэг болдог. Энэ мэргэжлийг эзэмшсэндээ харамсдаггүй.
-Хамтлаг, дуучид өөрийн гэсэн продюссер, ивээн тэтгэгч, менежертэй байдаг. Харин өөрөө энэ бүгдийг хариуцдаг…
-Надад бурхан мэдрэмж гэдэг зүйлийг өгсөн юм шиг байгаа. Тэр үүднээс өөрөө амжуулаад хийж байгаа ч энэ болгонд надад тийм хэцүү зүйл байдаггүй. Тэр болгоноос суралцдаг. Өнгөрсөн цаг хугацаанд, дан ганцаар уран бүтээл хийгээд өөрийгөө бүрэн утгаар тодорхойлоод явна гэхээр бас хэцүү. Уран бүтээлээ чанартай, сайн хийхийн тулд санхүүжилт хэрэгтэй. Тэр үүднээс ганц нэг жижиг бизнесээ эхлүүлсэн. Энэ ажлуудаа эхлүүлээд явж байхад, уран бүтээлээ бага зэрэг хөндийрсөн. Гэхдээ надад амьдралын ухааныг тэр хийж байсан ажлууд маань өгсөн. Жишээ нь, “Хөөрхөн дэлхий” төвийг нээж ажиллуулснаараа амьдралтай илүү ойр болж, хүмүүсийн амьдрал ямар байгааг, хүүхдүүдийн зүрх сэтгэлд юу хэрэгтэйг, өнөөдөр Монголын нийгэм ямар түвшинд хуваагдсаныг эдгээр ажлыг хийснээрээ л мэдэрсэн. Энэ хугацаанд өөрийн гэсэн хүмүүсээ бэлдсэн. Ажлаа ч шилжүүлж өглөө. Өнөөдөр миний амьдралд уран бүтээлийн хувьд тогтвортой үе нь бүрэн утгаараа илэрч байгаа. Бизнес хийж, хуримтлал үүсгэлээ. Дээр нь би интерьер, дизайнерийн чиглэлээр сурч байгаа. Сингапурт шинэ продюссертэй хамтарч ажиллаж, бэлтгэл сургуулилт хийдэг. Ер нь өнөөдрийн нийгэм, над шиг ганц бие, уран бүтээл хийхээр тэмүүлж байгаа эмэгтэйгээс олон талын чадварыг шаардаж байна. Би зүгээр л гоё харагддаг байгаад, уран бүтээлчээр өөрийгөө тодорхойлъё гэвэл хэцүү. Тийм болохоор мэдлэг, боловсрол, тодорхой хэмжээний хүрээлэлтэй, өөрийн гэсэн дотоод ертөнц, дээр нь хайр сэтгэл, чин сэтгэлээсээ ажлаа хийх ёстой гэдгийг олж мэдсэн. Эдгээрээс надад 90 хувийн бололцоо нь байгаа гэж боддог.
-Бизнес хийж, хуримтлал үүсгэсэн гэснээс саяхан төрсөн өдрөөрөө “Range Rover” маркийн автомашиныг бэлгэнд авсан гэж сонссон. Нууц биш бол нэлээд өндөр үнэтэй энэ машиныг хэн авч өгсөн бэ?
-Миний аав, ээж жирийн сэхээтэн хүмүүс л дээ. Аав, ээж маань надад өв залгамжлуулах их хэмжээний хөрөнгөтэй хүмүүс биш. Би бүх зүйлийг өөрөөрөө хийж, бүтээж яваа залуу эмэгтэй гэж хэлнэ. Тэр нь надад илүү утга, учиртай. Эргээд харахад бахархууштай. Машины тухайд гэвэл 153 мянган долларын үнэтэй 2010 оны “Range Rover” маркийн автмашиныг унадаг. Төгрөгөөр 190-ээд саяын үнэтэй гэсэн үг л дээ. Гэхдээ энэ машиныг би зээлээр авсан.
Миний ээж мянгат малчны охин юм. Тэр утгаараа өөрийнхөө хуримтлуулсан 70 сая төгрөгийг миний төрсөн өдрөөр бэлэг болгож өгсөн. Энэ дашрамд, ээждээ баярлалаа гэж хэлмээр байна.
Урьд нь би цагаан өнгийн спорт загварын автомашин унадаг байсан. Тэрнээс болж миний бөөр их өвдсөн. Тэр машинаа хоёр жил унасны дараа сөрөг зүйл ажиглагдаад, эрүүл мэндийн хувьд чухал гэж үзээд хамгийн зөв явдалтай машиныг сонгосон. Тэр үед миний эрхэлдэг бизнес ч амжилттай явж байсан.
-Тусдаа амьдардаг гэсэн. Байраа хэдэн саяар авсан бэ?
-Энэ бол санаа зовоод байх зүйл биш. Хүмүүсийн амьдралд байдаг л зүйл. Урлагийн хүн гэдэг үүднээс хэрэглээ өндөр байхыг хүсдэг. Байрны хувьд тийм ч үнэтэй биш л дээ. Ердөө 250-иад сая төгрөгийн байр юм аа. Тэр байрандаа бүрэн засвар хийсэн. Өөрийн амьдрах орчинг өөртөө таатай, тааламжтай орчныг бүрдүүлэхийн тулд зургаан сар гаруй хугацаанд засвар хийлгэсэн. Барилгын материалуудаа Солонгос, Бээжин рүү явж өөрөө сонгосон.
-Тийм үнэтэй биш, ердөө 250-иад сая төгрөгийн байр гэхээр зарим уншигчид сонирхож байгаа байх л даа. Уучлаарай өөрийн чинь сарын орлого хэд болохыг асуух нь бүдүүлэг ч сонирхол татаад байна?
-Сарын орлого тогтвортой байдаггүй. Зарим сард өндөр байлаа ч заримдаа бага байдаг. Жишээ нь, нэг дуугаа сая төгрөгөөр дууллаа гэхэд сард хурим, найр, баяр ёслол гээд дор хаяж 30 арга хэмжээнд оролцдог. Дээр нь гэрээт байгууллагууд байна. Би “BNB” гээд компанийн маркетингийн менежерээр давхар ажилладаг. Энэ компаниас надад сард хоёр сая, 800 мянган төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгөнөөсөө би нийгмийн даатгал төлж явдаг. Миний ажил хоёр жил гаран үргэлжиллээ. Мөн байгууллагуудтай гэрээ хийж ажилладаг. Нэг байгууллагатай 40 саяын гэрээ байгуулсан байгаа. Гэхдээ энэ дүнг олонд дэлгэмээргүй байна. Яагаад гэвэл, надаас дээд түвшинд амьдардаг хүмүүст инээдтэй, харин доод түвшинд амьдарч байгаа хүмүүс яаж амьдраад болгоод байна гээд шүүмжлэлээр хардаг.
-Мөнхийн залуу байх үйлчилгээтэй гоо сайхны эмчилгээ хийлгэсэн гэсэн. Хэр үр дүнтэй байгаа тухай асуувал гомдохгүй биз дээ?
-Би энэ асуултад нээлттэй хариулж чадна. Алтан утас маань Азиас хүч түрэн гарч ирж байгаа эмчилгээ л дээ. Энэ эмчилгээ нь арьсны гүнд, булчингийн дор тавьж өгснөөрөө хүний арьсыг унжихаас хамгаалдаг юм билээ. Нүүрэндээ алтан утас тавиулснаар нүүр маань 30 хувь жижгэрч багассан. Гол нь залуу насаа л хадгалахыг хүссэн. Алтан утас тавиуллаа гээд ямар нэгэн зовиургүй.
Би нүүрэндээ ч биш давхар зүрх, шилэн хүзүүндээ алтан утас тавиулсан. Зүрхэнд тавиулснаар хүн асар их тайван болдог. Надад амар амгалан байдлыг өгч байгаа юм л даа. Шилэн хүзүүнд тавьдаг нь болохоор их сууж ажилладаг. Цусны эргэлтийг сайжруулж хөших, өвдөхийг багасгадаг. Алтан утсыг толгойноосоо хөлийнхөө уланд тавиулсан хүмүүс ч байдаг. 50 настай гэхэд арьс нь таван настай хүүхдийнх шиг мөнхийн залуу хэвээр байдаг юм билээ. Надад үнэхээр өдөр бүр арьсаа арчлаад, гоо сайханд орох зав гардаггүй. Тэгээд л алтан утсыг тавиулсан.
-Алтан утас тавиулахад ямар үнэтэй байх вэ. Энэ эмчилгээг хаана хийлгэсэн бэ?
-Зөвхөн нүүрэндээ тавиуллаа гэхэд 7500 ам.доллар байдаг. Би энэ эмчилгээг Монгол дахь солонгос эмч нарт хийлгэсэн. Алтан утас тавиулах үеэр ямар ч зовиургүй юм билээ.
-”Үдшийн шивнээ” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулснаас болж аавдаа зэмлүүлсэн гэж байсан. Яагаад нүцгэлсэн юм бэ?
-”Үдшийн шивнээ” сэтгүүлд гарсан миний нүцгэн зургийг ээж хараад тийм ч хурцаар хүлээж аваагүй. Аав маань болохоор шүүмжилж буруутгасан. Сэтгүүлийг барьж ирээд “Энэ юу болж байгаа юм бэ” гэсэн. Тухайн үед бодож байсан л даа. Сэтгүүлийнхэнтэй яриад арай өөр зураг гаргах байсан ч тохирсноос өөр зураг гарсан байсан л даа. Ер нь би амьдрал, уран бүтээлийн аль алинд шийдвэрээ өөрөө гаргадаг. Тухайн үед бодсон л доо. Гэхдээ уран бүтээлч хүн зоригтой, шийдэмгий байх хэрэгтэй. Гоо сайхан гэдэг бол давхар олон талын мэдлэг, тэвчээрийг шаарддаг. Би 30 нас хүрч, гэргий болсныхоо дараа тийм зураг авахуулснаас 22-тойдоо авахуулчихад гэмгүй гэж үзсэн.
Аавдаа загнуулж байхдаа бодож л байлаа л даа. Миний зоригтой байх нас мөн хэдий ч би эцэг эхийнхээ заавар зөвлөгөөг сонсох хэрэгтэй юм байна гэж бодсон. Энэ утгаараа дараа дараагийн ажилдаа санаа сэтгэлийг нь сонсдог болсон.
-Уран бүтээл болоод гаднах стил имижээрээ Леди Гагаг дуурайгаад байгаа юм шиг санагддаг. Танд ч гэсэн ийм шүүмжлэл ирж л байсан байх даа?
-Өөрийн уран бүтээлийн хэв маягийг бий болгохыг хүсдэг. Анх “Гала” хамтлагийг байгуулаад тод өнгийн хувцас, имижээр Улаанбаатарын охидод өнгөний хослолыг хийж чадлаа гэдэг дүгнэлтийг урлаг судлаачдаас сонсч байсан. Өнөөдөр залуус тод өнгийн хувцас өмсөхийн зэрэгцээ их соёлтой болсон. Өнөөдөр Ану хэн нэгнийг дуурайхыг хүсэхгүй байгаа. Леди Гагагийн нэг клипнээс санаа авсан маань үнэн.
-Хүүхдийн дуу дуулахаа больсон. Яагаад ийм шийдвэр гаргах болов?
-Хүүхдийн дуу дуулахаа больсноо албан ёсоор зарласан. Хүүхдийн дуу дуулдаг шинэ, залуу уран бүтээлчдэдээ гарч ирж байна. Дараа дараагийн уран бүтээлчиддээ тэр орон зайг өгөх хэрэгтэй гэж бодсон. Би яагаад нэг л зүйлд баригдах ёстой гэж. Хүн дандаа хөгжих ёстой. Нэг сууриндаа байгаад байвал би ч, урлаг ч хөгжихгүй. Энэ миний сонголт гэдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Дээрээс нь намайг “Хүүхдэд нь зориулж дуулаад, аав нарт нь зориулж хувцасладаг” гэсэн яриа хүртэл гарсан. Гэхдээ би тэр болгонд эмзэглээд байдаггүй. Тэгээд ч надад нүцгэн, шалдан хувцаслаад хүүхдийн өмнө гарч дуулж байсан удаа байхгүй. Хэрэв тийм зураг бичлэг байгаа бол аваад ир, харъя гэхээр хэн ч ирдэггүй л байхгүй юу.
-Өөрөө хэдийд уулзсан ч тайзан дээр байгаа юм шиг л хувцасласан байдаг. Энэ бол эмэгтэй хүнд байх ёстой зан чанар байх. Ингэхэд өөрийн чинь ажлын нэг өдөр яаж өнгөрдгийг сонирхмоор байна?
-Бусдын адил өглөө хурал, цагийн бүртгэлтэй гээд гэрээсээ гүйгээд гарахгүй ч бүх зүйл надаас шалтгаалдаг болохоор би ч гэсэн оффис руугаа яардаг. Хэн нэгний харьяалал дор ажилладаггүй ч миний ажиллуулдаг “Хөөрхөн дэлхий” төв хүүхдийн тоглоомын газраар хязгаарлагддаггүй. Уран бүтээлийн ажилд шаардлагатай орчинг бүрдүүлж чадсан байдаг. Бүх зүйл толгойд байгаа гэдэг утгаараа би өөрөө өөрийнхөө ажлыг зохиодог. Хүмүүс ажилдаа өглөө найман цагт цуглардаг бол би зургаан цагт босоод, иогоо хийгээд, өглөөний цайгаа уусны дараа өөрийнхөө сэтгэл санааг бэлдээд долоон цагт хувийн тэмдэглэл, хөтлөлдөө ордог. Үүний дараа мэйлээ шалгаад, найман цагт ажил маань эхэлж байх жишээний.
-”Хөөрхөн дэлхий” төвөөс өөр ямар бизнес эрхэлдгээ ярихгүй юу?
-Гоо сайхны худалдаа, салон, загварын чиглэлийн үйлчилгээ явуулдаг гэр бүлийн бизнес эрхэлдэг. Эхний ээлжинд загварын хувцасны дэлгүүрээ нээсэн. Одоо өөрийн дизайнертэй болж байгаа. Тэр дизайнер, дүр төрх тодорхойлогч нар маань үйлчлүүлэгчдэд туслах юм. Дэлгүүрээ их нууцлаг байлгасан. Анугийнх гэхээр хүмүүс хэт их зүйлийг шаарддаг юм шиг санагддаг. Гэхдээ миний боломж, бололцоо өнөөдрийн бодит байдлаар хэмжигдэнэ. Хамгийн олон хүмүүс үйлчлүүлдэг гэдэг утгаараа үйлчилгээний төвөө III хороололд нээсэн. Удахгүй өргөжих байх.
-Уран бүтээлийн дэмжлэг үзүүлдэг ивээн тэтгэгч байгууллага бий юу. Анх “Зиндаа сан” ивээн тэтгэдэг байсан. Одоо хэр холбоотой байдаг вэ?
-Миний уран бүтээлийг дэмждэг байгууллагуудад баярлаж явдаг. Анх “Гала”-г байгуулагдахад, хэний ч танихгүй хоёр жаахан охиныг урлагийн тавцанд гаргаж, яаж ажиллах хэрэгтэйг харуулж чадсан. Ер нь “Зиндаа сан”, “Гала” хамтлагийг бүрэн утгаар нь дэмждэг байсан. Бидний хамтарч ажиллах гэрээ дууссан ч бид байнга харилцаатай байдаг. Мэдээж бидэнд бие биенээ дэмжих олон ажлууд байгаа. Өнөөдрийн хувьд 4-5 жилээр удаан хугацаанд хамтарч ажиллах гэрээтэй байгууллага байхгүй ч гэсэн хагас жил, жилээр хийсэн ивээн тэтгэгч байгууллагууд байна. Тухайлбал, “Мянганы сорилын сан”, “Сүү” ХХК, бусад ТББ-д ч бий. Ярилцсан Ч.АННА
URL: