Хорт хавдар үүсгэдэг 2900 кг асбестийг хураан авчээ

123

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НМХГ  хамтран энэ сарын 26-28-ны өдрүүдэд асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 2900 кг нунтаг асбест илрүүлсэн байна.

 

Уг шалгалтанд “Дөмөли” ХХК, “Мэнгкэфэнг” ХХК, “Юнен” ХХК зэрэг 5 аж ахуй нэгж,  Э.Эрдэнэболд, Д.Дагвадорж нарын 10 иргэн хамрагдсан байна. Үүнээс 3 аж ахуйн нэгж, 2 иргэн асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн худалдаалж байжээ. Уг иргэн, аж ахуй нэгжээс 114 боодол торон асбест, 2 боодол олсон асбест болон 58 шуудай буюу 2900 кг нунтаг асбест илэрчээ. Шалгалтын явцад нийт 28 зөрчил илрүүлж, зөрчилтэй байсан 3 аж ахуйн нэгжид 5 сая 880 мянган төгрөгийн, 1 иргэнд 250 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ.

 

2011 оны  Засгийн газрын тогтоолоор “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д асбестийг оруулсан байдаг. Зөвхөн “Эрдэнэт” үйлдвэр 10 тонн асбест оруулах тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж. Иймд зөрчил илэрсэн аж ахуй нэгж, иргэд хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр импортолсон нь тогтоогджээ.

 

Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас асбестыг хорт хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан байдаг. Мөн  бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж эрүүл мэндийн байгууллагууд үздэг. Иймд дэлхийн 50 гаруй оронд асбестыг хэрэглэхийг хориглодог аж.

 

Г.Тэгшсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих