Толгойтын “дэлбэрчихсэн” автозамыг энэ онд лав засахгүй нь
Жил бүр автозам засварын ажилд зориулж улсын төсөвт хэд, хэдэн тэрбумаар нь хөрөнгө мөнгө төлөвлөдөг. Монгол орон өргөн уудам ч гэлээ автозамын асуудал, засварын ажил орхигдох учиргүй. Баруун чиглэлийн автозам хатуу хучилттай болсон болохоор Монгол орон дөрвөн зүг, найман зовхистоо автозамын сүлжээгээр холбогдсон.
Мэдээж анхны хатуу хучилттай автозамыг нийслэлд тавьсан байх. Гэвч Улаанбаатарын автозам ямар байгаа билээ. Жилээс жилд хүрээгээ тэлж буй нийслэлд хатуу хучилттай автозам олон салаа мөчир шиг л болж байна. Хүн ам нэмэгдэхийн хэрээр автозам эдэлгээнд орж элэгдэх нь тодорхой.
Түүнийг хурдан засч иргэдийнхээ ая тухтай зорчиход санаа тавих нь нэн тэргүүний асуудал байлтай. Энэ жил нэлээд хэдэн автозамыг засварлалаа. Гэхдээ нэг газрыг анхааралгүй орхисон мэт. Тэр бол Толгойтын автозам. Сонгинохайрхан дүүргийн хамгийн олон хүн амтай хэсэг болох Толгойтын автозам явахын эцэсгүй болжээ.
Тав алхаад л нүх үүссэн энэ зам жолооч болон оршин суугчдын толгойны өвчин болсоор сүүлийн хэдэн жилийг элээжээ. Жил ирэх бүр нүхүүд нь томорсоор хашлага, бордюр, гарц, гэрлэн дохио гэх зүйлгүй, дээрээс нь явган зорчигч, автомашин хоёр нь зэрэгцэн зорчих автозамаа анхаарах цаг нь болоогүй гэж үү. Тус газарт сүүлийн жилүүдэд засвар шинэчлэл гэж дорвитой ажил ерөөс хийлгүйгээр өнөөдрийг хүрчээ.
Цас орж гулгаа үүссэн энэ өдрүүдэд ч жолооч нар хамаг хараалаа урсгаж, үгээ хэлэн, уураа барж гэлдрүүлэх гэр хорооллын эвдэрхий автозам. Сонгинохайрхан дүүргийн Толгойтын чиглэлийн автозам нь XXI хорооллоос Орбитын уулзвар хүртэл нийтдээ дөрвөн км үргэлжилдэг байна.
Уг дүүрэг 270 мянган хүн амтай гэж тооцвол 50-аас илүү хувь нь энэ замаар өглөө ажил, сургуульдаа явж үдэш гэртээ харьдаг. Ингэхдээ энэ дөрвөн км замыг туулах гэж өчнөөн цаг болдог байна. Түүнчлэн унаж яваа автомашинаараа нүхүүдийг тойрч сүлжсээр цагаа барна. Эсвэл яарч яваад нүхээр гарах гэж “элгээ” цохисоор дорхноо машин нь эвдэрнэ.
Энэ мэт гомдлыг оршин суугчид нь хэлж байв. Бодит байдал дээр очиход уг автозамаас болж орчин тойрон нь шороо тоосондоо дарагдаж, бүх зүйл сааралтсан байлаа. Хажуугаар зөрөх эгчээс уг замын талаар асуухад “Манай энэ хавиар автомашин явах нь байтугай хүн ч явахын эцэсгүй болсон. Шинэ зам тавьж чадахгүй бол ядаж нүхийг нь бөглөөд өгчих хэрэгтэй байна.
Орой үдэш нүхийг нь тойрч яваад осол гаргачих гээд байх юм. Зүгээр л нөхөөд өгчих гэж гуйя” хэмээж байсан юм. Харин Толгойтын үйлдвэрчний эвлэлийн гудамжинд оршин суух Х.Батсүх “Манай энд гарц, гэрлэн дохио байхгүй. Хаана юу болоод байгаа нь мэдэгддэггүй. Хүн автомашин хоёр нь зэрэгцээд л явж байдаг юм.
Энэ байдал цаашид үргэлжилбэл эрдэнэт хүний амь нас үрэгдэх нь энүүхэнд болсон. Осол аваар цөөнгүй гардаг. Одоо янзлах цаг нь болсон баймаар юм. Урьд нь эвдэрсэн хэдэн нүхийг тойроод гарч болдог байсан. Харин одоо тойрох ч зүйлгүй бүгд элэгдчихжээ. Дэлбэрсэн замаа хэзээ янзлах гээд байгаа юм бол, энэ удирдлагууд. Өөрсдөө явдаггүй болохоор юугаа ч мэдэхэв дээ.
Энд байдал үнэхээр хэцүү байна шүү дээ. Хүйтэн нойтон боллоо. Одоо ч бараг засахаасаа өнгөрсөн байх даа” гэв. Оршин суугч Ц.Идэр “Бид бүхэн татвар төлдөг. Дээрээс нь автозам ашигласны төлбөрөө ч өгдөг. Биднээс авсан мөнгө нь багадаагүй байлтай. Тэр мөнгөөр минь бидний зорчиж буй автозамыг янзлаад өгөөч ээ” хэмээж дор бүрнээ бухимдацгааж байлаа.
Б.Жаргалсайхан: ЭНЭ ЖИЛ ТОЛГОЙТЫН ЗАМД САНХҮҮЖИЛТ ТӨЛӨВЛӨӨГҮЙ
Энэ талаар нийслэлийн Зам барилга хяналтын хэлтсийн дарга Б.Жаргалсайханаас тодрууллаа.
-Орбит, Толгойт чиглэлийн дөрөв орчим км автозамыг шинэчлэх ажлыг энэ онд хийхээр төлөвлөсөн. Энэ автозамын хөрөнгө нь Зам тээврийн сайдын багцад байсан ч манай руу шилжиж ирсэн. Гэвч нийслэл нь энэ замыг хийх хөрөнгө гаргах боломжгүй учраас буцаагаад шилжүүлсэн. Тэгээд сүүлдээ Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийхээр яригдаж өнгөрсөн сарын 3-нд нээлттэй тендер зарласан юм. Тендерийг нэг сарын хугацаанд зарладаг. Тэгэхээр энэ сарын 3-нд тендерийг нээсэн гэсэн үг.
Одоогоор үнэлгээ хийж байна. Гүйцэтгэгч нь тодорчихвол өвлийн бэлтгэл гээд нөхүүлчих боломж байсан л даа. Гэвч үнэлгээг нэлээн удаан хийж байх шиг байна. Уг замын шинэчлэлийн ажлыг 2015 онд хийхээр заасан учраас энэ автозамд нэмэлтээр урсгал засварын хөрөнгийг төлөвлөөгүй. Төлөвлөөгүй учраас энэ жил засвар хийгээгүй.
Иргэдээс уг автозамын талаар маш их санал гомдол ирдэг. Улаанбаатар хотын хамгийн их эвдрэлтэй зам болчихоод байгаа юм. Уг автозамыг шинээр барих учраас 14 тэрбум гаруй төгрөг орно гэж төсөвлөсөн. Дундаа хоёр гүүртэй. Хоёр гүүрийг буулгаж шинэчилнэ. Автозамын өргөн 14 м болно. Хоёр талын гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах байгууламж зэргийг цогц шийднэ.
Гүйцэтгэгчийг шалгаруулаад тэр компанийнхантайгаа гэрээ байгуулсны дараа хэзээ дуусах нь тодорхой болно. Өнөө маргаашгүй гэрээ байгууллаа гэж бодоход энэ оны сүүлчээр ажил эхлэх байх. Цаг агаар гайгүй бол Толгойтын Үйлдвэрчний эвлэлийн гудамжаас цааш 800 гаруй метр автозамын хучилтыг нь аваад шууд ажлаа эхлэх төлөвлөгөөтэй байсан.
Энэ онд нийслэлийн хэмжээнд 91.5 тэрбум төгрөгөөр нийт 14 байршилд зам барилгын ажил хийж байгаа. Гэтэл тэр их хөрөнгөөр хийж буй зүйлийн үр дүн хэр байгаа бол. “7 буудал-Чингэлтэйн шинэ эцэс” чиглэлийн замыг өргөтгөн шинэчлэх ажил энэ оны долдугаар сард эхэлсэн ч есдүгээр сард зогссон.
Засварын ажилтай холбоотойгоор автозам нүх, хонхорхойтой болсноос тээврийн хэрэгслээр явахад хүндрэлтэй, шороо тоос их босдог болсныг ойр орчмын иргэд нь хэлж байсан юм. Нийслэлийн Автозамын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Намжилмаагаас энэ талаар тодруулахад “2015 оны нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Худалдан авах ажиллагааны газраас тендер зарласан.
Тендерт “Экспресс” ХХК ялж өнгөрсөн долдугаар сард уг автозамын засварыг хийж эхэлсэн. Гэвч тендерт оролцсон байгууллагуудаас гомдол гарсантай холбогдуулан тухайн ажлыг зогсоогоод байлаа. Энэ сарын 8-ны өдөр шүүхийн анхан шатны шийдвэр гарсан учраас тухайн ажлыг хэвийн үргэлжлүүлэх боломжтой болсон.
Технологийн дагуу хийх ёстой ажил нь цаг агаарын улмаас хойшилсон байгаа. Тиймээс бид гэрээг сунгаж, засварыг он дамжин хийлгэхээр болсон. Энэ жилийн хувьд гэрэлтүүлэг болон зорчих хэсэг дээрх эвдрэлийг засч дуусгана. Чингэлтэйн 3.3 км авто замын өргөтгөлийн ажил энэ сарын 30 гэхэд дуусах байсан. Одоо ирэх оны дөрөвдүгээр сард ажлаа эхлээд улсын баяр наадмаас өмнө дуусгачих байх” гэсэн юм.
Ер нь жил бүр автозамаа засаад байдаг. Гэтэл иргэдийн бухимдал тасрахгүй юм. Нэг хийсэн ажлаа чанартай сайн гүйцэтгэдэг бол автозамыг засах талаар байнга хэрүүл маргаан гарах нь багасах болов уу.
Ц.Заяа
Unen.mn
URL: