Манай улсад 81 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг

Тулгарах бэрхшээлийг хамтдаа тодорхойлж, туулах гарцыг хамтдаа эрэлхийлье уриатай “Бид хамтдаа” Үндэсний форум МАН-ын Тусгаар тогтнолын ордноо үргэлжлэн амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү үндэсний хэмжээний форум нь салбар бүрийн шилдэг эрдэмтэн судлаачид мэргэжилтнүүдийг татан оролцуулж тэдний дуу хоолойг сонсож байгаагаараа онцлогтой. Форумын гурав дахь өдрийн салбар хуралдаанууд Монгол улсын нийгмийн хөгжлийн бодлогыг салбар бүрээр авч хэлэлцсэн юм.

“Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам, ахмадын талаар төрөөс баримтлах бодлого” хуралдаанаар, “Ахмад настны өнөөгийн байдал, тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах нь” сэдвээр Хүний хөгжил, судалгаа, сургалтын төв ТББ-ын гүйцэтгэх захирал, доктор Ш.Мөнхцэрэн, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өнөөгийн байдал, тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах болон төрийн үйлчилгээг сайжруулах нь” сэдвээр Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-дын холбооны ерөнхийлөгч, доктор Ц.Оюунбаатар, “Ахмадын талаар төрөөс баримтлах бодлого” сэдвээр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр нар итлгэл тавьж ахмад буурлууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал бодлыг  сонсож асуултад хариуллаа.

Доктор Ш.Мөнхцэрэн: 1990-ээд оны эхээр нийт хүн амын долоо орчим хувийг эзэлж байсан настан 2000 оны үед 6.7 хувь болж буурсан ч 10 жилийн дараагаас дахин өсч долоон хувь, 20 жилийн дараа 10 хувь, 30 жилийн дараа 15 хувь, 40 жилийн дараа 19 хувьд хүрэх тооцоололтой бөгөөд хүн амын насжих явц дараагийн 20 жилд идэвхтэй өсөх төлөвтэй байгаа юм байна.

Мөн одоо байгаа настнуудыг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэхдээ тэдний сэтгэл зүйн онцлогтой уялдуулан нэг дор бөөнөөр төвлөрүүлэх бус тараан байршуулах бодлого баримтлах нь зүйтэй ба өсөн нэмэгдэж байгаа насжих үйл явцтай уялдан цаашид настны сууцны хэрэгцээ улам бүр нэмэгдэх учраас орон сууцжуулах бодлогыг илүү өргөн хүрээнд авч хэрэгжүүлэх, хөдөлмөрийн чадвартай үедээ орон сууцтай болох бодлогыг дэмжиж, орон сууцны зээлийн нөхцөлүүдийг улам бүр уян хатан болгох шаардлагатай байна. Манай настнуудын 70 орчим хувь нь зөвхөн тэтгэврийн орлоготой, 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэвэр авч байна.

Судалгааны дүнгээс харахад настнуудын 66.3 хувь нь орлого хаанаа ч хүрэлцдэггүй, байнга тэтгэврийн зээл авдаг гэсэн бол ердөө долоон хувь нь  бага зэрэг хуримтлал бий болгож чаддаг гэж хариулжээ. Ихэнх нь орлогоо зөвхөн хоол хүнс, эмчилгээний зардалд төдийгүй хүүхдийн сургалтын төлбөр гэх мэтээр өрхийн хэрэгцээнд зарцуулдаг байна.

Настны орлогын баталгаат байдлыг хангахын тулд нэгд, олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлж, саяхан баталсан тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг тууштай хангах, хоёрдугаарт, тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх хугацаанд өнөөдөр байгаа настнуудын тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлэх, гуравдугаарт, тэтгэврээс өөр орлого олох боломжийг нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, одоо хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг улам бүр боловсронгуй болгож, хамрах хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Харин настны нийгмийн оролцоог хангах хүрээнд иргэний насан туршдаа суралцах, хөгжих нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй хөдөлмөрлөхийг дэмжин ахимаг насны иргэнд тохирсон ажлын байр бий болгосон, эсвэл өөрийн байгууллагаас тэтгэвэрт гаргасан настныг хамт олныхоо дунд дасал, дадал болсон ажлын байрандаа ажиллах боломжоор хангасан ажил олгогчийг урамшуулах, татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэтээр тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх, тэтгэвэрт гараад удаагүй ахимаг насныхныг өөр ажил хөдөлмөр эрхлэхэд нь бэлтгэх зорилгоор сурч боловсроход нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, одоо хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй байна.

Нэр төр, эрхэм зэргээ хүндэтгүүлэх эрхийг хангах хүрээнд настны нэр төр, эрхэм зэргээ хүндэтгүүлэх эрхийг зөвхөн хуулиар олгогдсон хөнгөлөлт, дэмжлэг, туслалцаагаар хязгаарлаад зогсохгүй шинээр байгуулах ахмадын хөгжлийн төвүүдийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулж, хэрэгжилтийг хангах, эрх нь зөрчигдөж, аливаа хүчирхийлэл, дарамтанд байгаа настнуудын талаар нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна. Үнэн зөв мэдээ, судалгаа нь хэрэгжих бодитой бодлогыг тодорхойлох боломжийг олгоно. Иймд эдгээр гол асуудлуудад зайлшгүй анхаарах шаардлагатай гэж үзэж байна.

МХБИБҮХолбооны ерөнхийлөгч Ц.Оюунбааатар: Статистикийн газраас авсан мэдээгээр Монгол Улсын хүн амын 2.97 хувь нь буюу 80 мянга орчим хүн хөгжлийн бэрхшээлтэй гэж байгаа боловч,  МХБИБҮХолбооны судалгаагаар 81 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн, 32516 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, харин эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 2012 оны тайланд дурдсанаар 104700 бэрхшээлтэй хүн байна гэсэн судалгаа байдаг байна. Тоон мэдээ зөрүүтэй байгаа нь аргачлалаас хамаарч байгаа гэнэ. Манайд гурван аргачлал бий. Вашингтоны бүлгийн асуулга, Хүний эрхэд суурилсан хандлагаар тодорхойлох, Ердийн өвчин гэмтлийн болон мэргэжлийн өвчний жагсаалт гэх өөр өөр аргачлалаар тооцолдог болохоор тоо зөрүүтэй гардаг байна. Энэ нь бодлого тодорхойлоход, төсөв хуваарилахад  хяналт тавихад сөрөг нөлөө үзүүлдэг гэв. Мөн тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш их хүндрэл бэрхшээлтэй асуудлууд байдаг ажээ. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд тохирсон төрийн үйлчилгээ алга, нийтийн тээвэр, зам, барилга, орон сууц, олон нийтийн барилга байгууламж, мэдээлэл хүртээмжгүй байна. Нийслэлийн хэмжээнд үндсэн чиглэл буюу том оврын 25 аж ахуйн нэгж, байгууллагын 1174 автобус, туслах чиглэл болон буухиа чиглэлд бага оврын 24 аж ахуйн нэгжийн 872 автобус үйлчилгээ үзүүлж байна. Эдгээрийн нэг нь ч нэмэлт тоноглолгүй байдаг гэлээ. Улаанбаатарт нэг удаа хийсэн судалгаагаар бүх эмнэлгийн 52.2 хувь машины зогсоолоос эмнэлэг хүрэх зам нь хүртээмжгүй, 18.2 хувь налуу замгүй, 69.1 хувь нь стандарт бус налуу замтай байжээ. Мөн энэ судалгаагаар эмнэлгүүдийн 71.9 хувь нь лифтгүй, 94.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан бие засах газаргүй байна. Хамгийн гол ньхөгжлийн бэрхшээлтэй хүнийг боловсролд тэгш хамруулах цэгцтэй бодлого байхгүй гэжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 23.83 хувь, үүнээс хөдөөгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 32.1 хувь нь боловсролгүй байна.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаярын хувьд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулахдаа тухайн банкны нийт тэтгэврийн зээл олгосон хувьтай дүйцүүлэн бага хүүтэй хадгаламж хэлбэрээр байршуулах замаар тэтгэврийн хүүний 50 хувь хүртэл бууруулж болно. Банкинд 6.3 хувийн хүүтэй байршуулж, банк зардал, ашиг шингэсэн 2.7 хувийн хүүг нэмэхэд есөн хувийн хүүтэйг зээл олгох боломжтой. Үүнийг нийгмийн даатгалын зөвлөлд нь журамд өөрчлөлт оруулах замаар шийдэх боломжтой гэсэн нарийвчилсан судалгаатай сонирхолтой илтгэл тавилаа.

 Х.Амангуль


URL:

Сэтгэгдэл бичих