Хөдөлгөөнийхний салхи буюу албан тушаалын шоу

Ардчилсан намын залуус намын Онц их хурал хуралдуулах нь зүйтэй хэмээн мэдэгдэж байсан нь саяхан. Тэд энэхүү байр суурин дээрээ хатуу зогсоно гэж байсан. Гэвч намын дарга нь тэднийг нэг өдөр өрөөндөө дуудаж ирүүлээд л маргааш нь халаасандаа хийчихлээ.

Тэднийг халаасандаа хийж чадсан намын даргын авьяасыг магтахаасаа илүүтэйгээр тэдний халаасанд гүйхээрээ орсон залуусын төлөөллийг шүүмжилмээр байна.

Барын аманд гараа хийхээс буцахгүй эрэлхэг зоригтой, шийдэмгий залуус өнөөгийн нийгэмд алга болж уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Шинэчлэлийн үрийг залуус тарьж, үр шимийг нь өтөл насандаа хүртдэг гэх нь бий. Тэгвэл өнөөдөр шинэчлэл хийж чаддаггүй юмаа гэхэд дарга нарынхаа утсан хүүхэлдэй болохгүй байвал сая ардчилал жинхэнэ утгаараа хөгжих бус уу. Ардчилсан намд залуусын дуу хоолой хэтэрхий сул байдаг талаар дээр доргүй шүүмжилдэг. Энэ нь ч ортой. Өнгөрсөн сард болсон ҮЗХ-ны хурлын үеэр ч энэ асуудал хөндөгдөж байсан.

ҮЗХ-ын хурал болохоос өмнө Т.Хасбаатар тэргүүтэй “Ээлжит бус их хуралдаан” хөдөлгөөний залуус намд шинэчлэл хэрэгтэй талаар зарлаж, улмаар ээлжит бус их хурал хуралдуулахыг шаардаж байсан. Тэдний санаа олонхиор дэмжигдээгүй ч тэд зорилгоосоо шантраагүй. Зорилгодоо тууштай, зоримог үйлдлийг нь харсан бүхэн АН-д салхи орох нь дээ хэмээн битүүхэндээ баярлаж байсан. Гэтэл энэ салхи ердөө л шоу байж. Залуусын төлөөлөл болохуйц эдгээр залуус албан тушаал горилсон халаасны улстөрчдийн шинэ үе төдийхөн байсан бололтой.

Үнэндээ энэ намд бугшсан идээ, бээрийг хагалах, түүнийг эмчлэх зоригтон үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Дэмий л албан тушаалын төлөө маргалдаж, далдхан тэмцэлдэж, өнөө маргаашаа өнгөрөөх болсон. 20-хан настай АН дэндүү эрт өтөлж, албан тушаал горилогчдоор хүрээ нь хязгаарлагдах болов. Үүнийг нь тус хөдөлгөөнийхөн батлав бололтой.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ Т.Хасбаатар “Өнөөдөр Монголын нийгэм дэх улс төрийн байдал,  АН-аас ард түмний хүсч хүлээж байгаа олон асуудалд манай нам нааштай хариу өгнө гэдэгт намын жирийн гишүүд бид итгэлтэй байдаг. Бидний явуулсан үйл ажиллагаа Ард­чил­­­сан намын төдийгүй, Мон­го­лын улс төрийн амьдралд ши­нэ соёлыг гаргаж ирсэн гэж бид үзэж байгаа. Тийм учраас хой­шид Ардчилсан нам ард ир­гэд, жирийн гишүүдийнхээ гар­га­сан саналд хүндэтгэлтэй хан­даж, шийдвэрлэж байна гэ­дэгт итгэлтэй байна” гэсэн. Хүл­цэн­гүй бөгөөд дорой энэ үйлдэл түүнийг дэндүү хүчгүйдүүлж буйн илрэл биш гэж үү.

Н.ЖАМЦ
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих