Осгож амь насаа алдахгүй байхыг Онцгой байдлыг газраас сэрэмжлүүлж байна
Хүйтний улиралд иргэд осгож амь насаа алдах нь элбэг байдаг. Ялангуяа шинэ жил, баяр ёслолын үеэр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ганцаараа гарч яваад биеэ хянах чадваргүй тул гудамжинд осгож амиа алдах явдал тасрахгүй байгаа.
Хамгийн сүүлд л гэхэд СХД-ийн 21-р хороо, Партизаны сангийн аж ахуйгаас иргэн 27 настай, эрэгтэй нь өөрийн оршин суух Нарийний хэсэг /Партизанаас урагшаа 22 км зайд/ гэр лүүгээ явлаа гээд энэ сарын 25-ны өдрийн 22:00 цагийн орчим гараад сураггүй болсон тул хайж олж өгнө үү гэсэн дуудлагыг ар гэрийнхнээс нь 10 дугаар сарын 26-ны орой онцгой байдлын албанд ирүүлжээ.
Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн өчигдөр эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж 16 цагийн орчим Нарийний фермээс зүүн ургашаа 3 км газраас осгосон байдалтай амиа алдсан байсныг олжээ. Цогцсыг дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн байна.
Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдэл, цасан шуурга шуурах тухай мэдээллийг тухай бүр мэргэжлийн байгууллагуудаас олон нийтэд сэрэмжлүүлдэг хэдий ч иргэд санамсар болгоомжгүй байдлаасаа болж ийнхүү амь насаа алдаж байгаа харамсалтай хэрэг гарч байна. Иймд иргэдийг цаг агаарын мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүлээн тохируулан аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
URL: