Мөхлийн долоон нүгэл
1. Хөдөлмөрөөр олоогүй баялаг
2. Хүмүүний ухамсаргүй цэнгэл
3. Хөндий хоосон мэдэмхийрэл
4. Эрхэмлэх суртахуунгүй арилжаа
5. Энэрхүйг гээсэн шинжлэх ухаан
6. Бие сэтгэлээ өргөөгүй шашин
7. Баримтлах зарчимгүй улс төр” бол мөхлийн долоон нүгэл гэж Энэтхэгийн “эцэг” Махатма Ганди хэлжээ. Эдгээр долоон нүгэл эдүгээ Монгол улсын нөхцөл байдалд яг тохирох мэт. Ингээд Махатма Ганди гэж хэн болох тухай цухасхан өгүүлье.
Махатма Ганди
Өнөөгийн Энэтхэгийн эцэг гэгдэх Махатма Ганди буюу Мохандас Карамчанд Ганди нь 1869 оны 10 дугаар сарын 2-нд төрөөд 1948 оны 1 дүгээр сарын 30-нд нас баржээ. Ганди Энэтхэгийг Английн колониос гаргаж бие даасан улс болох үйл хэрэгт амь амьдралаа зориулсан. 1921 онд Энэтхэгийн Үндэсний конгрессын дарга болсноор улс,үндэстэн даяарх ажилгүйдэл, ядуурал зэргийг бууруулж бие даасан улс болох, тусгаар тогтнолоо хангах зэрэг томоохон асуудлуудтай тулгарчээ. 1893 оноос тэрээр нийгмийн хөдөлгөөнд оролцож эхэлсэн байдаг. Тэрбээр аливаа тэмцлийг цус асгаруулсан, хүч хэрэглэсэн байдлаар биш харин хүч үл хэрэглэн хамтрах байдлаар хийх тухай өөрийн гол номлолоо дэвшүүлэн түүнийгээ хэрэгжүүлсэн нэгэн билээ. “Хүч үл хэрэглэх зарчим” ийнхүү түүгээр овоглодог юм. 1922 онд Ганди баривчлагдан 6 жилийн хорих ял сонссон ч 2 жил л шоронд суужээ. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний дараа Ганди Энэтхэгээс гар гэдэг хөдөлгөөн өрнүүлсэн. 1942 оны 8 дугаар сард Ганди мөн Конгрессын ажлын хорооныхонтой хамт англичуудад дахин баривчлагджээ. Эрүүл мэнд нь муудаж, мэс засал хийх хэрэгтэй болсон тул, түүнийг шоронд үхүүлж олон сая энэтхэгчүүдийн хилэнг хөдөлгөхөөс сэргийлэн Раж 1944 оны 5 дугаар сард суллав.
Хэдийгээр түүний зохион байгуулж байсан Энэтхэгээс гар хөдөлгөөн дарагдан төдийлөн амжилт олохгүй байсан ч Энэтхэгийг орхин явах болно гэдгээ англичуудад албан бусаар 1943 оноос эхлэн мэдэгдэх болжээ. 1948 оны нэгдүгээр сарын 30-нд Ганди бусдад буудуулан нас нөгчсөн юм.
Тэрбээр дэлхийн түүхэн дэхь томоохон улс төрийн зүтгэлтэн, энх тайванч үзэлтэн байв. Түүний үл нугарах тэмцэл, эсэргүүцэл, үзэл бодол түүний дэмжигчдийн хүчээр Энэтхэг улс Дэлхийн хоёрдугаар дайны дараа бие даасан улс болсон билээ. Дэлхий ертөнцөд хүйтэн дайны хийрхэл газар авч АНУ, ЗХУ гэсэн хоёр туйлд хуваагдаад байх тэр үед энхтайвнаар зэрэгцэн орших үзэл хандлагын суурийг тавьсан билээ.
Махатма Гандийн хэлсэн үгнээс:
“Цөхрөх үедээ би түүхийн бүхий л явцад хайр энэрэл ямагт ялж байсан гэдгийг санадаг. Хүчирхэг алуурчид, тирантууд байж, тэд цаг үедээ ялагдашгүй мэт байсан. Гэсэн ч эцсийн эцэст тэд дандаа ялагдаж, унаж байсан юм. Ямагт энэ талаар бод”
“Галзуу эвдрэл сүйтгэл учруулж л байвал нас нөгчсөн хүнд, өнчичрсөн хүүхдүүдэд, орон гэргүй болсон хүмүүст тэр нь тоталитаризм гэнэ үү либерти гэсэн ариун нэртэй байна уу, юуны ялгаа байна?”
“Нүдийг нүдээр сольбол бүх дэлхий сохор болох болно”
“Олон үйл хэргийн төлөө би үхэхэд ч бэлэн байна. Харин ямар ч үйл хэргийн төлөө би аллага үйлдэхгүй”
Д. Чинбат
URL: