АНУ-ын хуурай замын ажиллагаа хэрэггүй гэв

“Лалын улс”-тай тэмцэхэд АНУ-ын хуурай замын цэргийн ажиллагаа Иракт хэрэггүй, бид хүсэлт тавиагүй хэмээн Ерөнхий сайд Хайдер Абадигийн төлөөлөгч лхагва гарагт мэдэгдлээ.

“Лалын улс”-тай тэмцэхээр АНУ хуурай замын цэрэг оруулах тухай мягмар гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эш Картер хэлсэн юм. “Энэ бол Иракийн асуудал, АНУ-ын Батлан хамгаалах яамнаас шууд ажиллагаанд оролцох хүсэлтийг бид тавиагүй. Багдадад хуурай замын цэрэг хангалттай байна” хэмээн Саад Хадити “NBC”-д хэлжээ.

Иракийн газар нутаг дээр АНУ-ын удирдан явуулж буй “Лалын улс”-д агаарын цохилт өгөх олон улсын эвслийн ажиллагаа зэрэг цэргийн аливаа ажиллагааг АНУ Багдадтай хамтран явуулах хэрэгтэй гэж Хадити хэлэв. Харин Иракийн армийг бэлтгэх, зэвсэглэхэд АНУ-ын туслалцаа чухлыг тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна.

Иракийн цэргийг бэлтгэх, АНУ-ын баазыг хамгаалах үүрэгтэй 3300 орчим америк цэрэг Иракт байгааг “NBC” телевиз мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ, Курдистаны цэргүүд Иракийн хойд нутагт “Лалын улс”-ын босогчдод барьцаалагдсан хүмүүсийг суллах ажиллагаа явуулахдаа урьдчилан Иракийн Засгийн газарт мэдэгдээгүй байна.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих