ЦЕГ-ын дарга Р.Чингисийг бригадын генерал А.Дулаанжаргалаар солих гэж байна

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газар хуралдаж, ЦЕГ-ын даргаар Р.Чингисийг томилсон. Үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэвч сүүлийн үед цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээлэл таагүй мэдээлэл ар араасаа хөвөрч байна.

Ард түмнийхээ төлөө тангараг өргөн ажиллаж буй албан хаагчид өөрсдөө хүний аминд, цаашлаад нэгнийхээ аминд хүрч байгаа нь нийгэмд багагүй дуулиан тариад байгаа юм. Уг таагүй мэдээллүүдтэй холбогдуулан ЦЕГ-ын даргын суудал ганхаж эхэлжээ. Өнгөрсөн мягмар гаригт Хууль зүйн яамныхны дунд ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх  тухай хүчтэй яригдсан гэнэ.

Харин түүний оронд бригадын генерал А.Дулаанжаргал, сандлын дуулианаас болж ажлаасаа халагдсан хурандаа Ш.Ганболд нарын нэр дуулдаж эхэлжээ. Гэхдээ бригадын генерал А.Дулаанжаргалыг уг суудалд томилогдох магадлал хамгийн өндөр байгаа гэж баттай эх сурвалж мэдээлж байна.

Бригадын генерал А.Дулаанжаргал гэж хэн бэ

Бригадын генерал А.Дулаанжаргал нь ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан ч түүнийг эмнэлэгт хэвтсэн хойгуур ажлаас нь чөлөөлж, харин оронд нь Р.Чингисийг томилж байв. Түүнээс хойш А.Дулаанжаргал БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын газрын даргаар томилогдон ажиллаж байсан юм.

Тэрбээр 1983 онд ОХУ-ын Дотоод явдлын сургуулийг төгссөн. Улмаар Дарханы нийгмийн аюулаас хамгаалах газарт өмчийн ахлах төлөөлөгч хийснээр ажлын гараагаа эхэлж байжээ. 1985-1987 онд эрүүгийн ахлах төлөөлөгч, 1987-1989 онд гүйцэтгэх албаны дарга, 1990-1996 онд эрүүгийн цагдаагийн газарт чиглэлийн ахлах төлөөлөгч, тасгийн даргаар ажиллаж байсан. Тухайн үедээ улсын хэмжээнд гарсан онц ноцтой хэргүүдийг илрүүлж, цагдаагийнхан дундаа сайн боловсон хүчинд тооцогдож явсан гэнэ. Тиймээс ч 1997 онд Эрүүгийн цагдаагийн газрын даргаар томилогдсон байна.

А.Дулаанжаргал 2004-2006 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт ахлах референт, 2006 оноос ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаад 2008 онд тэргүүн дэд даргаар томилогдсон байна. Тэрбээр хурандаа цолыг 14 жил зүүгээд бригадын генерал болсон. Онц ноцтой хэргүүд дээр ажиллаж байсан, голчтой шударга нэгэн гэдгийг хуулийнхан ярьдаг юм билээ.

Хурандаа Ш.Ганболд гэж хэн бэ

Хурандаа Ш.Ганболд ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан юм. Гэвч 2013 оны долдугаар сарын 24-ны өдөр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Ш.Ганболдыг гяндан сандал буюу “Залхаан цээрлүүлэх” сандлын асуудлаар ЦЕГ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлж, Нийслэлийн цагдаагийн газрын дарга С.Баатаржавыг томилж байсан юм.

Тэрбээр цагдаагийн байгууллагад 30 шахам жил ажиллаж байгаа цагдаагийн дээд түвшний офицеруудын нэг гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй.

Харин түүнийг ЦЕГ- ын даргаар томилогдох сураг гарсанд алба хаагчид ихээхэн баярлаж байгаа сурагтай. Учир нь түүнийг тус байгууллагад 30 шахам жил ажиллахдаа алба хаагч нарынхаа ахуй амьдрал болон амь дүйсэн хэцүү албыг өөрийн биеэр мэдэрсэн хүн учраас ЦЕГ-ын даргаар ирэхэд цааргалах зүйл байхгүй хэмээн үнэлж байгаа аж.

Б.Чимэг

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Нэр: зочин Огноо: 29 October 2015

Зөв 2

Сэтгэгдэл бичих