Дахиад л Тавантолгой…

Мөлжиж дуусдаггүй мөнхийн сэдэв, яригдаж ханадаггүй энэ орд, тэнд үйл ажиллагаа явуулж буй компани, түүнийг нь удирдаж буй удирдлагуудын сэдэв эхэндээ улстөрчдийн дунд өрнөдөг байлаа. Харин энэ удаад ажилчдынх нь эсэргүүцлээр илэрч үргэлжлэв. “Эрдэнэс Тавантолгой” компани үргэлж мөнх улстөрчдийн ярьдаг сэдвийн нэг байсан, цаашдаа ч байх нь дамжиггүй.

Болохгүй бүхэн энэ компаниар яригдаххишиг дуудуулахад сайн өдөр нь хяслантай. Тавантолгойн орд газрыг ашиглалтад оруулсан цагаас хойш Чалкогийн өрийн асуудал энэ компаниас салаагүй. Халамж хэлбэрээр аваад тарааж орхисон мөнгийг төлөх гэж чармайж явах зуур улстөрчдийн шуналын нүд энэ компаниас салсангүй.

Өмнөх удирдлагуудынх нь тухай таагүй мэдээлэл өнөө хэр хэвлэлийн хуудаснаа заларсаар. Их хэмжээний ашиглагдах боломжгүй дугуй, сэлбэг хэрэгслийн дуулиан 2013 онд яригдаж, н.Энэбиш захирал муу нэртэй луу данстай болсон. Дараагийн очсон удирдлага нь болох Я.Батсуурь мөн л тэрбум тэрбумын асуудалд нэр холбогдож хэцүү нэртэд хэдэн сар хоригдоод өдгөө батлан даалтад гарсан байгаа.

Хүргэн Г.Дэнзэнгийн хохирогч болсон гэж удаа дараа Я.Батсуурь дарга мэдэгдсэн ч тэрбээр буруугүй гэдгээ нотлуулж чадалгүй, намаа эрх барьж байгаа хугацаанд нам гүмхэн батлан даалтад суухыг илүүд үзсэн нь нууц биш. Хэдхэн сарын дотор хэд хэдэн удирдлага сольсон энэ компанид хатуухан хэлэхэд чөтгөр шүглэчихсэн бололтой. Эсвэл энэ компани өөрөө эрх баригчдын мөнгөний авдар юм биш үү гэж эрхгүй хардахад хүргэж байна.

2015 онд хэсэгтээ л нам гүм байж, Чалкогийн өр, Тавантолгойн ордыг эзэмших хөрөнгө оруулагчдын маргаантай холбогдон чимхүүлж байсан “Эрдэнэс Тавантолгой” компани ойрын үед дахиад л хэвлэлийн хуудсанд тодоор бичигдэх болов. Гэхдээ муу талаар. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зарим ажилчид суулт зарласан тухай яриа өнгөрсөн долоо хоногоос эхлэн яригдсан. Шалтгаанаа тэд манай хэдэн ажилчдыг гадны компани руу шилжүүлж байна. Нэг ёсондоо гэрээ гэсэн нэрийн дор ажлаас халах тогтоолыг компанийн удирдлагууд гаргачихлаа хэмээн эсэргүүцлийн уриа лоозон барин жагссан.

Харин компанийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт мэдээлэл өгч Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх  “TTJVCo” компанид гэрээгээр хэсэг ажилчид өгсөн. Тэрнээс биш ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй гэсэн мэдэгдэл хийсэн ч асуудал үүгээр дууссангүй. Австралийн “Макмахон” гэдэг супер компани  Цанхийн зүүн уурхайд гэрээт олборлогчоор шалгарч 2011 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулжээ. Гэвч тэд анх гэрээ байгуулсан цагаасаа эхлээд л хариуцлагагүй байсан гэнэ.Дөнгөж гэрээ байгуулчихаад хэдхэн сарын дараа гэрээнийхээ бүхий л эрх үүргийг өөр компанид шилжүүлчихсэн.

Ингэхдээ өөрийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Five Hills” компанийн охин компани болох “TTJVCo”-д шилжүүлчихсэн аж. “Макмахон” компанийн дээрх үйлдэл Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн эсэхийг судалж үзсэний үндсэн дээр “TTJVCo”-той гэрээгээ дахин шинэчлэн байгуулахаар болж Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан ажилчид болох 200 орчим хүнийг өмнө нь байсан ажлын байрыг дордуулахгүй, цалин мөнгийг нь хасахгүй нөхцөлтэйгөөр “TTJVCo”-д шилжүүлэхээр тохиролцсон.

Мөн гэрээний хугацаа дуусмагц ажилчдаа шилжүүлж авах талаар ярилцсан гэсэн тайлбарыг удирдлагууд нь өнгөрөгч пүрэв гарагт өгсөн. Гэсэн ч ажилчин, удирдлагын дундах үл ойлголцол даамжирсаар өчигдөр суулт зарлах хэмжээнд хүрч, байгууллагынхаа дотоод нууцыг бусдад дэлгэж булайгаа чирэв. Улс орны амьдрал хямралтай, хувь хувьсгалын олон байгууллага төсвөө танаж, ажилчдаа цомхотгож байгаа нь үнэн. Гэвч тэд нэг компани руу шилжүүлэх байдлаар бус түс тас хэлээд гэнэт халагдсаны тэтгэмж өгөөд явуулж байгаа. Харин сардаа 12 сая төгрөгийн цалин авч суугаа эрхэм гишүүн асан Батж.Батбаярын хүү Батбилэг өнөөдрийг хүртэл хар цагаан дуугүй суусаар байгаа нь сонирхолтой. Тавантолгойн төсөл анхнаасаа мордохын хазгай гэгч болчихоод байгаа.

Дэлхийд нүүрсний үнэ уначихсан энэ үед Чалкод төлөх 210 сая ам.долларын өр дарах гэж энэ компани сүүлийн хэдэн жил хэл амны бай боллоо. Удирдлага тогтдоггүй, асар их мөнгөний эх үүсвэр болсон энэ компани эдийн засгийн хүнд байдалд орсон байж мэдэх. Эдийн засгийн ороо бусгаа үед сул зогссон ажилчдаа 60 хувьд нь сул цалин өгч, ажлын байрыг нь хамгаалж үлдсэн хэмээн өөрсдийгөө өмгөөлж байгаа. Гэвч төрийн албанд бодитоор нүүрлэсэн тансаглал энд хэрээс хэтэрснийг дарга нарынх нь цалин бодитоор харуулчихлаа. Өнөөдөр дотоодын компаниуд дотор 12 сая төгрөгийн цалин авдаг захирал хэд байгаа бол.

Үндсэн цалингаа эдийн засаг сайжиртал таван саяар ч болов бууруулах эрхэм дарга энэ компанид байхгүй гэж үү. Өчигдөр суулт зарласан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид захирлуудынхаа болон өөрсдийнхөө авдаг цалингийн хэмжээг олон нийтэд зарлалаа. Тодруулбал, “Эрдэнэс  Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийсан юм.  Мэдээллийн үеэр “Эрдэнэс  Тавантолгой” компанийн үйлчилгээний албаны охидууд 500 мянган төгрөгийн цалин авч, боолын  хөдөлмөр эрхэлж байгааг  тодотгож, компанийн ажилчдын цалингийн зөрүүгийн асуудлаар мэдээлэл өгөв.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Батбилэг сард 12 сая төгрөг, үйл ажиллагаа эрхэлсэн захирал М.Мягмар-Эрдэнэ 7.2 сая, Санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Ч.Жигжид 7.2 сая, бүтээн байгуулалт дэд бүтэц эрхэлсэн дэд захирал С.Цэвэгжав мөн л 7.2 сая төгрөгийн цалин авдаг аж.  Мөн уул уурхай эрхэлсэн захирал Б.Гантулга болон бусад албаны захирлууд 4.8 сая төгрөг авч байгаа бол, Хэвлэл мэдээлэл хариуцсан дарга нь 3.8 сая төгрөгийн цалин авдаг гэдгийг баримтаар илчиллээ. Гэтэл инженер, үйлчилгээний ажилтнууд 500 мянган төгрөгийн цалин авч байгаа нь хөдөлмөр эрхлэлтийг хамгийн доод үнэлгээгээр тогтоосон асуудал гэв. Энэ мэт хөдөлмөр шулалтын энэ компанид хэдийнэ байх ёстой үзэгдэл болсон гэнэ. Энэ компанийн ажилчдын дийлэнх нь залуус.

Тэдний 70 орчим нь охидууд бөгөөд гэр бүлгүй байна. Тэдэнд гэр бүлтэй болох ямар ч боломж алга.  Цалин нь ердөө 500 мянга мөртөө 12 цагийн  тулаа хийдэг. Ажлын өдөр нь 28 хоног. Бид үүнийг албан ёсоор эсэргүүцэж байгаа. Залуус хүмүүст хөгжих, амрах ямар ч боломж өгөхгүйгээр боолын хөдөлмөр хийлгэж байгаа бөгөөд 14/14 хоногийн ажлын хоногтой байлгах шаардлага  тавьсан гэдгээ “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ онцолсон юм. Дуусдаггүй, бас барагддагүй дуулианы эзэд болсон “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд өнөөдөр хувийн хэвшлийнхнээс 10 дахин, төрийн албан хаагчдаас долоо дахин өндөр цалинтай сууж байна, эрх баригчдаа. Төрийн нүд чих байнга энэ компанийг чиглэж, мөнгөний нүдээр харж суудгийг буруутгах арга алга. Цаашид хэрхэх вэ. Суулт зарласныг нь улстөрчид алга ташин дэмжиж, нөгөө талд компани ажилчдаа бид зүгээр явуулаагүй хэмээн жүжиг тоглосоор суух уу. Маргааныг хэн эцэслэх вэ.

Б.Балжир

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих