Ичгүүр

olloo_mn_1428919110_olloo_mn_1402290626_decb64eba85aa716original

Хүний хамгийн эрхэм чанар бол ичих. Ичих гэдэг ёс суртахууны хэм хэмжээ төдийгүй, хүний зөв, буруугаа ухамсарлах сэтгэл зүйн нэгэн илэрхийлэл. Хүний адгуусан амьтнаас ялгарах ганц ялгамж бол ичих мэдрэмж ч гэж үзэх нь бий.

Харин өдгөө ичих, эмээх, ичгүүр гэдэг үгс бидний ой санамжаас гээгдэж, сэтгэл зүйн энэхүү мэдрэмж, илэрхийлэл байдаг гэдгийг ч мартсан мэт аяглах нь элбэг болжээ. Олон нийтийн газар эрэгтэй, эмэгтэй хоёр хэрэлдэж байх юм. Эмэгтэйн хор шартай үгэнд хариу өгч чадахаа больсон залуу түүнийг алгадаад авав. Эмэгтэй ч зүгээр байсангүй.

Тэр хоёрын маргааныг хүмүүс харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг зөрсөөр. Харин таяг тулсан нэг өвөө тэр хоёрыг эв зүйгээр зохицуулах, сургамжлахаар дэргэд нь очиж, “Хүүхдүүд минь, олны дунд ингэж байх ичгэвтэр биш үү. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг үгтэй юм” хэмээн ярьж эхэлтэл “Хөгшин зөнөг минь, ингэж байж ясаа хэмхчүүлэв” хэмээн хоёулаа зэрэгцэн өвгөнийг үгийн муугаар харааж, бухимдлаа илэрхийлэв. Уг нь тэр хоёрыг гаднаас нь харахад цэвэрхэн, хэн ч харсан соёлтой баймаар залуус байсан. Даанч тэдэнд “ичих” гэдэг ёс суртахууны хэм хэмжээ байсангүй. Бас бусдыг хүндлэх сэтгэл ч байсангүй. Нэгэнт ичих гэдгийг мэддэггүй хүмүүст бусдыг хүндлэх ёс суртахуун, өөрсдийгөө хүндлэх ухаан байхгүй биз. Эртний нэгэн сударт “Бусдын өмнө гэм буруугаа хүлээж, ичиж буй хүмүүний сэтгэлд зөв чигийн мөр зохицолдоно” хэмээн сургасан байдаг. Нэгэнт ичих гэдгээ мартсан бидэнд зөв чиг мөрийн зам олдох болов уу. Энэ тухай эргэцүүлэн бодоход илүүдэхгүй цаг үед бид амьдарч байна.

Д.Лхагва-Очир


URL:

Сэтгэгдэл бичих