Япон, Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалт болно

15063705-Japan-and-South-Korea-Stock-Photo-flag

Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе нар ирэх даваа гарагт Сөүл хотноо дээд хэмжээний уулзалт хийхээр боллоо. Энэ уулзалт хоёр орны төр засгийн тэргүүн нарын сүүлийн 3 жил гаруйн хугацаан дахь анхны ганцаарчилсан уулзалт болж байгаа юм байна.

Ням гарагт товлосон Хятад, Япон, Өмнөд Солонгосын 3 талт дээд хэмжээний уулзалтаас ийнхүү нэг хоногийн дараа хоёр орны төр засгийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулахаар болсон байна. Хөрш орнуудын хувиар Өмнөд Солонгос, Японы дээд хэмжээний яриа хэлэлцээнд хүндрэл бэрхшээл тулгарах ч Японы зүгээс эдгээр асуудлыг даван туулахаар хэлэлцээ хийхэд байнга нээлттэй байна гэдгийг Шинзо Абэ мэдэгдсэн байна. Японы нэрлэдгээр Такешима, харин Өмнөд Солонгосчууд нэрлэж заншсанаар Докто арлын маргаан болон дэлхийн 2-р дайны үеэр Солонгос эмэгтэйчүүдийг зугаацуулагч эмэгтэй болгон япон цэрэгт үйлчлүүлж байсан асуудал хоёр орны харилцааны эмзэг сэдэвт тооцогддог.

Эдгээрээс гадна хоёр орны харилцаанд сэв суулгасан бас нэг асуудал хөндөгдөж магадгүй байгаа нь Японы сонины Өмнөд Солонгос дахь салбарын дарга ерөнхийлөгч Пак Кын Хе-гийн нэр төрд халдсан хэрэгт холбогдсон асуудал юм байна. Абэ, Пак Кын Хе нар ирэх даваа гарагт болох уулзалтын үеэр хоёр талын харилцааг сайжруулах нааштай шийдэлд хүрэх эсэхийг олон улс анхааралтай ажиглаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих