”Нийгмийн бодлого – Тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл”

Хүндэт хатагтай, ноёд оо

Зочид, төлөөлөгчид өө

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Өнөөдөр та бид өдөр тутмын амьдралынхаа хамгийн энгийн атлаа төвөгтэй асуудлуудын талаар ярилцах гэж байна. Нийгмийн асуудлууд нь шийдэгдсэн улс орны иргэд аз жаргалтай, амар амгалан аж төрдөг нь нийтийн жишиг юм. Тиймээс бид өнөөдөр нийгмийн хөгжлийн ямар түвшинд хүрсэн, ямар бэрхшээлтэй тулгарч байгаа болон яаж сайжруулж болох вэ гэдгийг ярилцаж, гарц шийдлээ олох ёстой.

Монгол ардын нам бодлого, үйл ажиллагааныхаа төвд хүний хөгжлийн асуудлыг тавьж ирсэн уламжлалтай. Манай намаас монгол хүнийг хөгжүүлэх талаар явуулсан  бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 20 дугаар зууны эцсээр устаж үгүй болох үндэстний тоонд зүй ёсоор багтаж байсан улс үндэстэн маань эрүүлжиж, бичиг үсэгт тайлагдан соёлжиж, цэцэглэн хөгжиж, хүн амын тоо 600,0 мянгаас 3,0 сая хүртлээ өссөнийг бид мартах учиргүй. Тийм ч учраас  нийгмийн ардчилсан буюу социал демократ үзэл баримтлал бүхий зүүн төвийн намын хувьд энэ уламжлалт бодлогоо цаашид тууштай үргэлжлүүлэх учиртай.Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үйл явц өрнөөд 25 жил өнгөрч байна. Энэ хугацаа бидэнд амар хялбар байсангүй. Нийгмийн хүрээнд олсон ололт амжилтаасаа ухрах хүртэл нөхцөл байдалтай ч тулгарч байлаа. 1990-ээд оны эдийн засгийн гүн хямралын үед ч, өсөлт уналтын мөчлөг ээлжилсэн өнөө үед ч бид нийгмийн баримжаатай бодлого хэрэгжүүлж ирсний үр дүнд нийгмийн хөгжлийн үндэс суурийг тавьж, зарим ахиц өөрчлөлтийг гаргаж чадсан юм. Шилжилтийн он жилүүдэд нийгмийн салбарын бүх хууль тогтоомжийг зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд нийцүүлэн шинэчилж, салбар бүрийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээг тасралтгүй авч ирсэн. Тухайлбал, бүх нийтийн суурь боловсрол олгох болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Нийгмийн даатгал болон халамж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг шинээр бий болгож, амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээ, тэтгэврийн доод хэмжээг тогтоон мөрдүүлэх хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгосон нь өнөөдөр НҮБ-аас гишүүн улс орнууддаа хандан нийгмийн хамгааллын суурь түвшинг хангахыг  уриалсан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чухал алхам болж байна. Гэсэн хэдий ч нийгмийн хүрээнд хуримтлагдсан, тулгамдсан асуудал олон байна.Юуны өмнө хүн амын амьжиргааны түвшин хүссэн хэмжээгээр сайжрахгүй, ядуурлын түвшин дорвитой буурахгүй байна. Өрхийн орлого, зарлагын тэнцэл алдагдах боллоо. Энэ нь эдийн засгийн хямрал иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаагийн илрэл юм. Өрхийн нийт орлогод мөнгөн орлогын эзлэх хувь буурч, бусдаас авсан тусламжийн эзлэх хувь 2 дахин нэмэгдсэн байна. Энэ бол улсын дундаж үзүүлэлт юм. Харин бага орлоготой өрхүүдийн хувьд гэвэл ёстой өдөр хоногийг аргацаах маягаар л амьжиргаагаа залгуулж байгаа нь үнэн. Ийм байдал удаан үргэлжилбэл айл өрхийн амьжиргаа улам дордож, ядуурал улам бүр нэмэгдэнэ. Иймд ядуурлыг бууруулах, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.Иргэдийн амьжиргаанд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, ажилгүйдэл буурахгүй байна. 2012 оны 2 дугаар улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн 2 хүн тутмын нэг нь ажилд зуучлагдан орж байсан бол энэ оны 2 дугаар улирлын байдлаар 5 хүнээс нэг нь ажилд зуучлагдан орж байна. Нийгмийн даатгалын байгууллагын мэдээллээр 2015 оны  эхний 9 сарын байдлаар ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авагчдын тоо 2012 оны эхний 9 сарынхаас  2 дахин, зарцуулсан хөрөнгийн хэмжээ нь 3 дахин өсчээ. Ажлын байрны хүртээмж бага,  ажлын байраа алдах тохиолдол нэмэгдсэн нь өрхийн амьжиргаа доройтоход нөлөөлөх том шалтгаан юм.Нөгөө талаар эдийн засаг хямарч, бизнесийн орчин хумигдсан нь хувиараа болон өрхийн аж ахуй эрхлэгчдэд хүнд цохилт болж байна. Тухайлбал, 2015 оны 2 дугаар улиралд жижиг бизнесийн өрхийн амьжиргаанд оруулах хувь нэмэр өмнөхөөс 60,0 хувиар буурсан. Орлогын тэгш бус байдал улам гүнзгийрч байна. Тухайлбал, иргэдийн банкин дах хадгаламж нийт дүнгээр өсч байгаа харагдавч  хадгаламжийн нийт дүнгийн 80 хувь нь хадгаламж эзэмшигчдийн 3-хан хувьд оногдож байна. Хүн амын хамгийн чинээлэг бүлгийн хэрэглээ хамгийн ядуу хэсгийнхээс 5,1 дахин өндөр болсон. Тиймээс өсөлтийн үр дүнг хүртээмжтэй болгож ажлын байр нэмэгдүүлэх, орлогын тэгш бус байдлыг багасгаж, иргэддээ тэгш боломж олгож нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд  чиглэсэн эдийн засаг, санхүү татварын  бодлого хэрэгжүүлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Татварыг орлогоос хамаарсан олон шатлалтай болгох, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх нь зүйтэй юм. Энэ бодлогыг авч хэрэгжүүлж чадвал орлогын тэгш бус байдлыг багасгаж, дундаж давхаргыг нэмэгдүүлж, монгол хүний амьдралын чанарыг сайжруулахад томоохон ахиц гарах болно.

Өрхийн мөнгөн орлого буурч байгаа нь цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг хангалтгүй авч ирсэнтэй холбоотой. Тухайлбал, 2012 оны эцсээс  энэ оны 10 дугаар сар хүртэл хугацаанд  хэрэглээний үнэ 50 гаруй хувиар өссөн байхад тэтгэвэр 20 орчим, цалин 10 орчим хувиар нэмэгдэж үнийн өсөлтөөс 2-3 дахин хоцорчээ. Үүний улмаас иргэд цалин, тэтгэврийн зээлээр өдөр хоногийг өнгөрөөж байна. 2015 оны 2-р улирлын байдлаар нийт ажиллагсдын 50 орчим хувь нь жилийн 8-42 хувийн хүүтэй цалингийн зээл, өндөр насны тэтгэвэр авагчдын 86 хувь нь жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлтэй байна. Цалингийн зээлийн үлдэгдэл 1,4 их наяд төгрөг, тэтгэврийн зээлийн үлдэгдэл 424,7 тэрбум төгрөг болжээ.  Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нь тухайн иргэний өөрийн болон гэр бүлийн өдөр тутмын хэрэглээг хангах үндсэн зорилготой боловч бодит байдал дээр ийм л байна. Тиймээс цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан индексжүүлэх, ажилтны мэргэжил, ур чадварын түвшинд суурилсан цалин хөлсний тогтолцоог бүрдүүлэх хууль эрх зүйн зохицуулалтыг хийхийн зэрэгцээ оюутан залууст суралцахын зэрэгцээ өдөрт 4-өөс илүүгүй цаг ажиллаж, ажлын хөлсөө өдөрт нь авах боломж бүрдүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн цалингийн болон тэтгэврийн зээлийн хугацаа, хэмжээ, хүүг зохистой түвшинд байлгах хэрэгтэй байна. Нийгмийн даатгалын сангуудын үлдэгдлийг дунджаар 11 хувийн хүүтэй байршуулж байгаа арилжааны банкууд өндөр настнуудад тэтгэврийг нь барьцаалан 18 хувийн хүүтэй зээл олгож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй ээ. Тиймээс арилжааны банкууд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эсхүл нийгмийн даатгалын сангуудын чөлөөт үлдэгдэлд төлөх хүүг иргэдийн хадгаламжийн хүүгийн түвшинд хүргэж нэмэгдүүлэх ёстой.

Тэгээд ч иргэд ажил хийж байхдаа хөдөлмөрийн чадвараа алдах болон бусад хүндэтгэх шалтгаанаар ажиллах боломжгүй болох зэрэг эрсдэлээс хамгаалагдаж  нийгмийн баталгаагаар хангагдах гол арга хэрэгсэл нь нийгмийн даатгал билээ. Энэ зорилгоор нийгмийн даатгалыг бий болгоод 20 жил болж байгаа ч өнөөдөр энэ тогтолцоонд шийдвэрлэх тулгамдсан асуудал цөөнгүй байна. Юуны өмнө нийгмийн даатгалд хамрагдалтын хувь туйлын хангалтгүй. Нийт ажиллагчдын 50 гаруй хувийг эзэлдэг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 20 хүрэхгүй хувь нь сайн дурын даатгалд хамрагдаж байгаа. Хамрагдсан хэсэг нь шимтгэлээ тогтмол хугацаанд нь төлж чадахгүй тасалдуулж, үүнээсээ болоод нийгмийн даатгалын үр ашгийг хүртэж чадахгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн хэмжээ дэндүү бага. Нийт тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь  доод хэмжээний тэтгэвэртэй  байгаагаар үүнийг тайлбарлаж болно.

Гэтэл өнөөдөр  аж ахуйн нэгжүүд нь эдийн засгийн хямралд тэсч үлдэх эсэхээ мэдэхгүй, ард иргэд амьжиргаагаа арай ядан залгуулж байхад эрх баригчид нь шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай, ажлын байр олдохгүй байхад  тэтгэвэрт гарах насыг нэмэх тухай асуудал хөндөж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Энэ нь ахмад настныг ажил ч үгүй, тэтгэвэр ч үгүй үлдэхэд хүргэж даатгуулагчдынхаа итгэл найдварыг алдагдуулах сөрөг үр дагавартай. Харин түүний оронд ахмад настанд шимтгэл төлсөн эсэхээс нь үл хамааруулан иргэний буюу шимтгэлгүй тэтгэвэр олгох нь ахмадаа халамжилж хүндлэх монгол уламжлалд нийцэх болно.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулахад чиглэсэн багц арга хэмжээ шаардлагатай байна. Ялангуяа малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 1995 оноос өнөөг хүртэлх хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн шимтгэлээ нөхөн төлөх боломжийг нэг удаа олгох нь орлогоо санаатайгаар нуун дарагдуулж татвар төлөөгүй аж ахуйн нэгжийг нэг удаа өршөөж байгаатай дүйцэхүйц  арга хэмжээ билээ. Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн тодорхой хэсгийг, тухайлбал 50 хувийг төрөөс хариуцан төлж тэднийг нийгмийн даатгалд бүрэн хамруулах нь чухал байна.

Орлогогүй болон бага орлоготой хэсгийн амьжиргааг залгуулах, нийгмийн хамгааллыг хангахад нийгмийн халамж чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Хавтгайрсан халамжийн бодлого улс орныг сүйрүүлсэн мэтээр нэг хэсэг нь шүүмжилж байхад  нөгөө хэсэг нь халамж тусламжийг нэмэгдүүлэхийг хүсч байдаг ээдрээтэй, зөрчилтэй асуудал билээ. Тиймээс нийгмийн халамжийн бодлогыг боловсронгуй болгож үр ашгийг нь дээшлүүлэх, халамжлах болон хүн амын өсөлт, хөгжлийг дэмжих бодлогыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна. 2008-2012 онд Хүний хөгжил сангаар дамжуулан иргэн бүрт байгалийн баялгийн орлогоос тодорхой хэмжээгээр тэгш шударга хүртээх эхлэлийг тавьсан. Энэ арга хэмжээний үр дүнд  2008-2009 оны дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын сөрөг үр дагаврыг монголчууд хохирол багатай давж, ядуурал нэмэгдээгүй гэсэн гадаад, дотоодын судлаачдын дүгнэлтийг Дэлхийн банк болон НҮБ-ын системийн байгууллагууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгвэл эдийн засаг тэр үеийнхээс илүү их хямарсан өнөө үед нийгмийн орлого багатай хэсгийг хямралын сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай байна. Тухайлбал, тэтгэврийн болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, төрийн албаны бага цалинтай хэсэг, олон хүүхэдтэй орлого багатай гэр бүлд нөхөн олговор олгох, нийтийг хамарсан ажил зохион байгуулж иргэдийг түр орлогожуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна.

Өнөөдөр амьжиргааны доод түвшингөөс нийгмийн халамжийн тэтгэмж  3 дахин, тэтгэвэр 30 хувиар доогуур байна. Ийм хэмжээний тэтгэвэр тэтгэмжээр орлогогүй болон бага орлоготой хэсэг жирийн амьдрах боломжгүй юм. Тиймээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг наад зах нь амьжиргааны доод түвшингөөс багагүй байлгах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна. Амьжиргаагаа бие даан авч явах чадваргүй хэсгийг халамжилж, бага орлоготой хэсгийг дэмжих нь нийгмийн баримжаатай зүүн төвийн намын бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой.Эх хүүхэд, гэр бүлд чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэмжээ үгүйлэгдэж байна. Тухайлбал, хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эх, эцэгт тэтгэмж олгох, хүүхэд асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олон хүүхэдтэйн тэтгэмж олгох, эрүүл мэнд, боловсролын зарим үйлчилгээг үнэ талбөргүй үзүүлэх, өнчин хүүхэд залуусыг бие даасан амьдралд орох үед нь ажил, орон байраар хангаж, амьдралд хөлөө олтол нь тусалж дэмжих хэрэгтэй байна.

Нийгмийн харилцаа, гэр бүлийн амьдралын хэв маяг өөрчлөгдөх хэрээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах бодлогоо боловсронгуй болгох шаардлагатай байна. Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн уламжлалт ойлголт, хандлагыг өөрчилж тэд бидний адил, бидэнтэй хамт нийгмийн амьдралд идэвхтэй оролцох ёстой гэсэн үзлийг төлөвшүүлж, нийгмийн суурь үйлчилгээ хүртэх, суралцаж хөгжих, хөдөлмөрлөх зэрэг үндсэн эрхээ эдэлж нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход зориулж дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй байна.

Ахмадуудынхаа мэдлэг, ур чадварыг ашиглах, хойч үедээ өвлүүлэх, тэднийг ганцаардал, сэтгэл гутралаас хамгаалж сэргийлэх, нөхөн сэргээх  үйлчилгээг сайжруулах арга хэмжээ чухал байна. Ахмад мэргэжилтний бүртгэл, мэдээллийн сүлжээ бий болгож зөвлөн туслах үйлчилгээ гүйцэтгүүлэх, ахмадын клуб, төвүүдийг байгуулж санал бодол, дурсамжаа  хуваалцах боломж бололцоог өргөжүүлэх хэрэгтэй байна.

Бусдын дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асаргаа, сувилахуйн үйлчилгээ дутагдалтай байна. Өнөөдөр үйл ажиллагаа  явуулж байгаа цөөн хэдэн газрын үйлчилгээ хүртээмжгүй, орчин үеийн  шаардлагыг хангахгүй байна. Иймд цаашдаа асрамжийн үйлчилгээг төвлөрсөн байдлаар бус гэр бүл, нийгэм хамт олонд түшиглэсэн хэлбэрээр хөгжүүлэх, асаргаа, сувилахуйн үйлчилгээг шинээр бий болгох нь зохистой.

Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ нь хүний хөгжлийн  үндсэн хүчин зүйл байдаг.  Боловсрол, эрүүл мэндийн салбарт хийж байгаа шинэчлэлийн үр дүнд нааштай өөрчлөлт олон гарсан. Гэхдээ эдгээр салбарын шинэчлэл айл өрхийн амьжиргаанд багагүй дарамт учруулж, үйчилгээний хүртээмжийг зарим талаар дордуулсан. Монголын хөрсөнд буугаагүй зарим үйлчилгээ иргэдийг чирэгдүүлж байна. Тухайлбал, хүүхдийг  6 настайгаас нь эхлэн сургуульд сургах болсноор  малчин эх, эцгийн нэг нь хүүхдээ, нөгөөх нь малаа даган тус тусдаа амьдрах, зарим нь малаа айлд орхиод төв суурин бараадах, бүр боломжгүй хэсэг нь хүүхдээ сургуулиас үлдээх замыг сонгох боллоо. Ерөнхий боловсролын сургалтын агуулга ойр ойрхон өөрчлөгдөхийн зэрэгцээ хүүхдийн хүмүүжил ёс зүйн асуудлыг орхигдуулснаар хүүхдийг үндэсний ёс заншил, уламжлалаа дээдэлсэн иргэн болгож төлөвшүүлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, өвгөд дээдсийн хэлж заншсанаар “хүний” номтой хүн болгож төлөвшүүлэх ажил орхигдож ирлээ.

Дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх бодлого хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялддаггүй. Өнөөдөр бүртгэлтэй ажилгүйчүүдийн 30,0 орчим хувь нь дээд боловсролтой байгаа. Тиймээс их, дээд сургуулиудын элсэлтийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлж өөрчлөх шаардлага байна. Их, дээд сургуулиуд зөвхөн оюутны сургалтын төлбөрт түшиглэсэн санхүүжилтээр явж байна. Тухайлбал, төрийн их дээд сургуулиудын санхүүжилтийн 80-90 хувийг сургалтын төлбөр бүрдүүлдэг. Санхүүжилтийн энэ гажууд тогтолцоо нь сургалтын төлбөрийг жил бүр нэмэгдүүлж, иргэдийн амьжиргаанд дарамт учруулахад хүргэдэг. Сургалтын төлбөр сүүлийн гурван жилд 50 орчим хувиар өсч, өрхөөс гарах боловсролын зардлыг 28,0 хувиар нэмэгдүүлсэн нь үүний гэрч. Тиймээс их, дээд сургуулийн судалгаа, шинжилгээний чадавхийг бэхжүүлж өөрөө орлого олох боломжийг нь бүрдүүлж, хөрөнгө оруулалт, багш бэлтгэх, давтан сургах болон тогтмол зардлыг төрөөс санхүүжүүлдэг болох нь энэ асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болно.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ иргэдээсээ улам бүр холдсон. Хөдөөгийн сум, сум дундын эмнэлгүүдэд үзүүлдэг үйлчилгээ үндсэндээ алга. Энэ нь иргэд хөдөөнөөс хот руу, зарим нь гадаад руу эмчилгээнд явж, өртөг зардал нь өрхийн амьжиргаанд хүнд цохилт болж байна. Иргэдийн гадаадад эмчилгээнд зарцуулсан хөрөнгө жилд 200 сая долларт хүрч байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал жилээс жилд нэмэгдэж, төрийн болон хувийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалаас ялгаатай тарифаар санхүүжилт олгож байгаагаас иргэдийн халааснаас гарах төлбөр сүүлийн 3 жилд 25 хувиар өссөн байна. Сум, сум дундын эмнэлгүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлж хөдөөгийн иргэдэд үйлчилгээг ойртуулах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн даатгалаас иргэдийн гадаадад эмчлүүлсэн зардлын тодорхой хувийг нөхөн төлөх, төрийн болон хувийн эмнэлгүүдээс авсан үйлчилгээний төлбөрийг ижил тарифаар тооцох нь эрүүл мэндийн зардлын өрхийн амьжиргаанд үзүүлэх дарамтыг бууруулахад тус болно. Гадаад орнуудад эмчлүүлж байгаа өвчнийг дотооддоо анагаах чадавхи бүрдүүлэх, шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүний нөөцөөр хангах ажлыг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй байна.

Нийгмийн хөгжлийг урагшлуулахад шинжлэх ухааны салбарын гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөө асар их юм. Аливаа техник, технологийн дэвшил, ажил үйлчилгээний амжилт нь шинжлэх ухааны тодорхой салбарын судалгаа шинжилгээний ажил, туршилтын  үр дүнд гарч байдаг жамтай. Харин бид шинжлэх ухааныг хөгжлийн хүч болгон хөгжүүлж, түүнийхээ үр шимийг бодитой хүртэхэд чиглэсэн тууштай бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Санхүүжилтийнхээ тодорхой хэсгийг өөрийн үйл ажиллагаанаас олох үүрэгтэй, судлаач эрдэмтэд нь төрийн захиргааны мэргэжилтнээс бага цалинтай, туршилт, судалгааны ажлын зардалгүй энэ салбараас юу хүлээх билээ. Тиймээс шинжлэх ухааныг хөгжүүлэх бодлогоо үндсээр нь өөрчилж, санхүүжилтийн хэмжээг төрийн захиалгатай уялдуулан нэмэгдүүлэх, судлаач эрдэмтдийн цалин хангамжийг сайжруулж тогтвор суурьшилтай ажиллуулах, судалгаа, шинжилгээний ажлын материаллаг бааз, техник технологи, туршилтын талбай, лабораторийг шинэчлэх, эрдэмтний эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг асуудлыг иж бүрнээр нь шийдвэрлэх багц  арга хэмжээг авах шаардлагатай байна.

Нийгмийг соён гэгээрүүлэх, хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэхэд соёл, урлагийн оруулах хувь нэмэр асар их билээ. Өнөөдөр соёл, урлагийн үйлчилгээний хүртээмж, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. Соёл урлагийн салбарын санхүүжилт, материаллаг бааз, менежмент, хүний нөөцийн асуудлыг шийвэрлэж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, бүтээл туурвилыг чанаржуулах замаар нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг  нэмэгдүүлэх хэрэгтэй байна.Нийгмийн бодлого нь хүнийг хөгжүүлэх, улс орны хөгжлийг урагшлуулах түлхүүр нь юм. Тиймээс нийгмийн салбаруудын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд танаж хасдаг аргаасаа татгалзах хэрэгтэй байна. Байгалийн баялгийн орлогын тодорхой хувийг хүний хөгжил санд төвлөрүүлж, нийгмийн хөгжлийг дэмжих, ард иргэддээ тэгш боломж олгоход зарцуулах нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд аливаа улс орны хөгжлийг хүний хөгжлийнх нь хүрсэн түвшингээр дүгнэдэг өнөөгийн даяаршсан нийгэмд бид бусадтай хөл нийлүүлэн алхая гэвэл юуны түрүүнд ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн дундаж давхаргаа дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх, нийгмийн үйлчилгээ, нийгмийн баялгаас тэгш хүртэх боломжийг бүрдүүлэхэд анхаарах ёстой юм. Энэ бол ардаа дээдэлсэн Монгол ардын намын бодлогын тулгуур  байх болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Илтгэгч нь: МАН-ын Бага хурлын гишүүн,

Хөдөлмөрийн сайд асан С.Чинзориг


URL:

Сэтгэгдэл бичих