О.Насанбурмаа: Таван жилийн дараа олимпийн аварга болсон байхыг үгүйсгэхгүй
“Залуус” булангийн энэ дугаарын зочиноор дэлхийн аваргын хошой хүрэл медальт “Хүч” спорт хороо, “Алтай констракшн”-ы бөх, Үндэсний шигшээ багийн тамирчин О.Насанбурмаа уригдлаа.
Тэрээр хэдхэн хоногийн өмнө 63 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж 2012 оны Лондонгийн олимпод зодоглох эрхтэй болсон юм.
-Дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Залуу тамирчны амжилтын буухиа эхэллээ гэж ойлгож байна?
-Баярлалаа. Би 2003 оноос чөлөөт бөхөөр хичээллэсэн. Өсвөр, залуучуудын олон тэмцээн, уралдаанд оролцсон. Залуучуудын дэлхийн, аваргаас 2007 онд хүрэл, 2008 онд мөнгөн медаль хүртэж байлаа. 2008 онд Токио хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аваргын 67 кг-ийн жинд хүрэл медаль авсан бол энэ жил Туркийн Стамбулаас 63 кг-д хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.
-О.Насанбурмаа Чөлөөтийн эмэгтэй тамирчдаас олимпийн анхны эрх өвөртөллөө. Сэтгэгдэл ямар байна?
-Баяртай байгаа. Энэ жилийн дэлхийн аваргад олимпийн жин гэдгээрээ 63 кг жинд 45 тамирчин оролцсон. Миний орж байсан тэмцээнүүдээс хамгийн олон өрсөлдөгчтэй нь байлаа. Би нэг гоц мөргөж, зургаан тойрог барилдаад хүрэл медаль хүртсэн. Миний эгч ОУХМ О.Мягмарсүрэн чөлөөт бөхөөр барилддаг байсан юм. Тэмцээний дараа “Эгчийнхээ аваагүй медаль, гаргаагүй амжилтыг гаргаж олимпийн эрх авсан дүүгээрээ бахархаж, нүднээс нулимс гарч байна” гэсэн мессежийг уншаад өөрийн эрхгүй уйлсан.
-Манай чөлөөт бөхийн эмэгтэйчүүд сайн барилдаж байгаа. Дэлхийн аваргад оролцох эрх авах барилдаанууд хэр өрсөлдөөнтэй байсан бэ?
-Эмэгтэй чөлөөт бөх Монголд хожуу хөгжсөн ч сайн барилддаг охид олон болсон. Урдаа зорилго тавиад эрчимтэй бэлтгэл хийж байна. Манай жинд надтай өрсөлдөх бөхчүүд олон бий. Нээлттэй улсын аваргад Д.Батцэцэгтэй барилдаад түрүүлж дэлхийн аваргын тэмцээнд оролцсон. Нэг жинд нэг тамирчин бэлдэлгүй бүгдийг нь өрсөлдүүлж, байнга бэлтгэл сургуулилтад хамруулдаг нь үр дүнтэй санагддаг.
2005 онд Ц.Энхжаргал эгч медаль авч чөлөөтийнхний маань урам сэргэсэн. Түүнээс хойш Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид явсан тэмцээн бүрээсээ медальтай ирсэн. Энэ жил багаараа хүрэл медаль авлаа. Долоон жингээс медальгүй жин байхгүй хүртлээ. Манай охид бүгд хүчтэй, сайн байгаа. Дэлхийн, олимпийн аварга болох зорилготой байна.
-Бэртэл гэмтэл гэдэг тамирчны хувьд хамгийн хүнд зүйл. Үүнээс болоод дэлхийн аваргад оролцолгүй өнжсөн үү?
-Бэлтгэл хийж байгаад өвдгөндөө бэртэл авсан. Хагалгаанд ороод хэсэг бэлтгэл хийлгүй эдгээж, 2010 оны нэгдүгээр сараас бэлтгэлдээ орсон. Бэртэлтэй байхдаа бэлтгэлээ хийхсэн гэж боддог байсан. Одоо бол хүссэнээрээ бэлтгэлээ хийгээд, барилдаад явж байна. Тамирчин хүний хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Бэртэл, гэмтэлгүй бэлтгэлээ хийгээд явах шиг жаргал үгүй.
-Туркийн Стамбулд болсон дэлхийн аваргын үеэр хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл юу байв?
-Бидэнтэй хамт явсан Баянмөнх аварга барилдааны дараа “Сайн барилдлаа, өөрийгөө улам хөгжүүл, бэлтгэл суургуулилтаа сайжруулж багштайгаа сайн ажиллаарай” гэсэн. Мөн Асашёрюү аварга бидэнтэй үргэлж хамт байж, сэтгэл санаа бүх зүйлээр дэмжсэн. Тамирчин хүний характертай, их гоё хүн санагдсан, Намайг барилдаад ирэхэд эмч нартай хамт массаж хийж өгөөд, тамирчдын амралтаар бидэнд хоол унд авч өгөөд, үргэлж дэмжиж байсан. Д.Дагвадорж, Д.Сумъяабазар аварга болон холбооны удирдлагууд бидний төлөө санаа тавьж байна. Бидний амжилтыг хүлээж ар гэрийнхэн, найз нөхөд, бөхөд хайртай Монголчууд маань итгэж, найдан хүлээж байна. Энэ хүмүүсийн итгэлийг алдахгүй сайн барилдаад олимп, дэлхийн аваргаас медаль авах, цаашлаад аварга болох юмсан гэж хичээж байна.
-Үндэсний шигшээ багийн тамирчин. Өөр ямар нэг харьяалал бий юу?
-Би ХУД-ийн 10 дугаар сургуульд 1996 онд ороод, чөлөөтөөр хичээллэх болсноос хойш 73 дугаар сургуульд шилжиж 2004 онд төгссөн. 2005 онд ШУТИС-д Тээврийн удирдлага менежментийн чиглэлээр сурч 2009 онд төгссөн. Үндэсний шигшээ багт 2005 онд орсон. Багаасаа цагдаа болохыг хүсдэг байлаа. Дунд сургуулиа төгсөөд цагдаагийн академид оръё гэтэл багш дургүйцсэн. 2008 онд Эрдэнэбаяр хурандаа намайг авч, дэслэгч цолтой “Хүч” спорт хорооны тамирчин болсон. Тэр жилдээ Залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль аваад их бэлгэшээсэн. Төрийн байгууллага надад ээлтэй юм шиг санагддаг.
-Эмэгтэй хүний хувьд бөхийн спорт амаргүй байх. Яагаад чөлөөт бөхийг сонгож хичээллэсэн юм бэ?
-Би багаасаа олон төрлийн спортоор хичээллэдэг байсан. Бөх больё гэж өөрөө шийдээгүй. Эгчийгээ хараад их гоё санагддаг байсан. Гэр бүлийн, эгчийн нөлөө байсан. Нэг өдөр эгч намайг дагуулж яваад бөхийн секцэд оруулсан. Тэр үед надтай хамт хичээллэж байсан охидоос ихэнх нь замын дундаас орхисон. Тууштай зан маань намайг өдий хүртэл явуулсан байх. Эгч маань одоо барилдахаа больсон ч надад зааж, зөвлөдөг.
Тамирчин хүн урдаа зорилго тавиад, өөрөө хичээх юм бол амжилтад хүрэх боломжтой. Спорт гэдэг их сайхан зүйл. Тэр дундаа чөлөөт бөхийг сонгож хичээллээд сайн багш, хамт олон, багтай болсондоо үнэхээр баярладаг. Манай чөлөөтийн эмэгтэй багийн багш нар их сайн. Энэ дашрамд биднийг дэмжиж байдаг Үндэсний Олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, Спортын анагаах ухааны төв, Үндэсний шигшээ багийн хамт олон, Чөлөөт бөхийн холбоо, удирдлагууд, Хүч спорт хороо, Алтай констракшн компанийн хамт олонд баярлаж талархснаа илэрхийлье.
-Олимпийн бэлтгэл гээд чөлөөт цаг бага байгаа байх. Гэхдээ цаг зав гарвал юу хийх дуртай вэ?
-Одоо 2012 оныг дуустал бэлтгэлээ гээд тун завгүй байна. Байнгын бэлтгэлтэй байдаг. Тэмцээн дөхөхөөр байрладаг учир чөлөөт цаг бараг гардаггүй. Долоо хоногийн ням гаригт амрахдаа найзуудтайгаа кино үзэх юм уу, ойрхон агаар салхинд гардаг.
-О.Насанбурмаа гэхээр үсээ хоёр салаа сүлжсэн охин санаанд буудаг. Одоо харин үсний засалтаа өөрчлөөд тамирчин эгч нартайгаа адил болжээ?
-Би нэг хэвийн байдлаасаа амархан уйддаг зантай. Тийм болохоор үсээ их олон янзаар засуулдаг. Саяхан тэмцээнд явахын өмнө гэнэт шийдвэр гаргаад л үсээ халимаг болгочихсон. Нэг их гоёж гангалаад байдаггүй. Спортын хувцаст л нүд унагадаг. Гэхдээ би л барилддаг, тамирчин гээд гадуур бэлтгэлийн хувцас өмсөөд байдаггүй. Өөрт эвтэйхэн, таалагдсан, чөлөөт хувцас өмсдөг.
-Нэгэн үеийн түүхийг бичиж байгаа залуу хүний хувьд ирээдүйн зорилго тодорхой байх. Таван жилийн дараа уулзахад ямар амжилттай байх бол?
-Цаг хугацаа их хурдан юм аа. Дөнгөж саяхан л чөлөөтийнхөн дундаа хамгийн жаахан нь байсан. Одоо бол олон дүүтэй болжээ. Таван жилийн дараа олон амжилт гаргачихсан тантай уулзах байх. Дэлхий, олимпийн аварга болчихсон байхыг үгүйсгэхгүй. Мэдээж цаг хугацаа бүгдийг харуулна. Амжилт гаргах тийм амар биш. Тамирчин хүний бие болоод сэтгэл зүйн бэлтгэл нэгдэж байж амжилтад хүрнэ. Морь сайн давхихад уяач чухал үүрэгтэй байдаг шиг бидний амжилтад багш нар маань, бэлтгэл хангагч, тамирчид гээд олон хүмүүсийн нөлөө бий. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг бүх юм нь бүрдэж байж амжилт гаргана.
Х.Монголхатан
URL: