Төсвийн байнгын хорооны хуралдаан “ширүүн” болж байна

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр төрийн өндөр албан тушаалтан, удирдах албан тушаалтнуудын цалинг хасах тухай, төсвийн орлого зарлагыг нэмж, бууруулах эсэх асуудал багагүй маргаан дагуулж байна. Гишүүдийн олонхи нь Засгийн газраас хувь хүний асуудалд хэт оролцож, орлогыг нь бууруулах тухай хэлэлцэж байгаа нь хууль зөрчсөн асуудал гэцгээж байсан юм.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Засгийн газар хүний орлогыг бууруулах шийдвэр гаргах эрхгүй. Төрийн өндөр албан тушаалтны цалин гэж 120 хүний л цалингийн асуудал байгаа шүү дээ. Ер нь хүний цалинг шууд бууруулах эрх хэнд байна вэ. Нөгөөтэйгүүр зардлыг нэмэгдүүлэхгүйгээр орлогыг 50 тэрбумаар бууруулна гэж төсвийн тодотголд тусгасан байна. Оны эцэст ахин асуудал гарах юм биш биз. Төрийн алба хаагчдын цалинг хасахтай зэрэгцэн шинжлэх ухааны байгууллагын ажилчдын цалинг хасах тухай яригдаж байна. Энэ үнэн үү. Мөн яг ямар албан тушаалтны цалинг хасах тухай дэлгэрэнгүй тайлбарлах”-ыг ажлын хэсгийн гишүүдээс хүссэн юм.

Энэхүү асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг хариулахдаа,

-Засгийн газраас өргөн барьсан зардлыг нэмэхгүй байх саналыг бүх намын бүлэг дэмжсэн шүү гэдгийг онцолмоор байна. Цалинг нь хасах албан тушаалтан гэдэг нь УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэл болон аймгуудын Засаг дарга, ИТХ-ын гишүүд, Дээд шүүхийн шүүгчид, Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн цалинг тодорхой хувиар бууруулах л асуудал байгаа. Тэрнээс төрийн болон захиргааны байгууллагын ажилтнуудын цалингаар “оролдохгүй” гэх хариултыг өглөө.

Энэ үеэр байнгын хорооны гишүүдийн дунд “Хүний орлогыг шууд хасах эрх бий эсэх” талаарх маргаан дэгдсэн юм. Үүнд Мөн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан “Бид шууд цалинг нь хасахгүй. Өөрөөр хэлбэл хувь хүний цалинг хасна гэдэг талаас нь хандана гэж ойлгож болохгүй. Цалингийн сан, зардлыг л алсуур бууруулна. Гэхдээ энэ үеэр тодорхой хүмүүсийн цалин буурч магад” гэснээр энэхүү асуудал намжсан юм. Мөн шинжлэх ухааны байгууллагуудын цалингийн санг тодорхой хэмжээгээр бууруулна гэдгийг ч дуулгалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулахыг дэмжиж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасна гэхээр их л гоё сонсогдож байгаа байх. Гэхдээ биднийг цалингаа хасуулъя гээд байхаар ард иргэд энэ хэдэн хүнд чинь цалинг хэрэггүй баячуул гэх ойлголт төрөөд байна. Цалинг хасах нь буруу. Хассан тохиолдолд хэмнэх мөнгө нь хоёрхон тэрбум төгрөг шүү дээ” гэх саналыг хэлж байсан юм.

Ийнхүү саналаа хэлж, асуулт асуусны дараа санал хураалт явуулж сум, баг, хорооны Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хувиар бууруулахгүйгээр 2015 төсөвт 1.599 тэрбум төгрөг нэмж тусгахыг байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Мөн Төв аймгийн Баянцагаан сумын шатсан “Соёлын төв”-ийг сэргээн засварлах 462 сая, Улсын драмын эрдмийн театрын засварт зарцуулагдах 100 сая төгрөгийг төсөвт нэмж суулгахыг дэмжлээ. Мөн Хэнтий, Сүхбаатар аймгийн орлогыг 2.9 тэрбум төгрөгөөр бууруулах санал дэмжлэг авсан юм.

Тус байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих