Ч.Сайханбилэгээс сайныг хүлээх хэрэггүй

“Ч.Сайханбилэгийг огцруулаад сайныг үзэхгүй” гэж бичиж байсан цаг минь саяхан. Гэвч Ч.Сайханбилэг байгаад ч сайныг авчрахгүй нь нэгэнт тодорхой болов. Туйлбартай ганц шийдвэргүй хүнээс, түүний багаас юу ч хүсээд нэмэргүй нь өнгөрсөн хугацаанд тодорхой харагдав.

Өчигдөр хэлсэн үгнээсээ өнөөдөр буцаж, дорвитой хийсэн ажил, гаргасан шийдвэргүй өнгөрөөсөн цаг хугацаанд Монголын нийгэмд гялтайх ганц ч дэвшил гарсангүй. Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж хий дэмий улиглаж байх хооронд төсвийн алдагдал хэдэн тэрбумдаа хүрч, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт ч тэгийг зааж байна.

Өөрсдийнх нь дорой, туйлбаргүй, урагшгүй байдлаас нь болж үүссэн энэ бүх хүндрэлийг даван туулах арга нь төрийн бүтцийг цомхотгож, хэсэг бүлгийг халж, нөгөө хэсгийн цалинг хасах байв. Товчхондоо тасрах дөхөж буй бүсээ дахин чангал гэсэн замыг санал болгосон. Олон нийт ч цаашаа харж уйлж, наашаа харж инээж, шийдвэрийг нь дэмжсэн. Хэтэрхий данхайж, илүү зардал ихтэй болсон төрийн бүтцийг цэгцэлж, цомхотгох цаг нь болсон учраас хоногийн хоолноосоо салах хэсэг бүлгийг золиослон байж, дэмжсэн.

Гэтэл өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цэгцэлж, төрийн байгууллагуудыг өөрчилж, цомхотгох төслөө эргүүлэн татлаа. Шалтгаан нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх учраас төслөө эргүүлэн татсан гэнэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төслөө эргүүлэн татах болсон тайлбартаа “Экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн үнийн уналтаас хамааралтай эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд Засгийн газрын тогтворгүй байдалд орох нь муу үр дагавар үзүүлнэ” гэжээ.

Уучлаарай, Засгийн газар тогтвортой ажилласан өнгөрсөн хугацаанд эдийн засагт ахиц гарсан билүү. Экспорт нэмэгдэж, хөрөнгө оруулалт өссөн үү гэж том зүйл асуухаа болъё. Эдийн засгийн эерэг үзүүлэлтийн энгийн үр дүн болох цалин, тэтгэврийн нэмэгдлийг лавлая. Муугаар хэлүүлж, модоор цохиулдаг төрийн албаныхны цалин нэг төгрөгөөр нэмсэн үү. Тэтгэврийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг настнуудад 1000 төгрөгийн нэмэгдэл өгч, баярлуулсан уу. Үнэндээ бол Шийдлийн Засгийн газар байсан, байгаагүйд ялгаа алга.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор нар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна, яамдыг 9 болгоно, дэд сайд нарыг томилохгүй гэж том дуугарахдаа сөрөг хүчний хэлэх үгийг тооцоолоогүй гэж мэлзэхгүй биз. МАН-ынхан Ч.Сайханбилэгийн төслийг дараагийн Засгийн газрын бүрэн эрхэд халдаж буй учраас цомхотголыг ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй. Сөрөг хүчний энэ шахалт Ч.Сайханбилэгийн багийнхны сандал, ширээтэй шууд ярих учраас хуулийн төслөө яаран сандран татсан нь энэ. Нөгөө л нэг туйлбаргүй, бодлогогүй шийдвэрүүдийнх нь нэг.

Хор өгчихөөд ерөндөг хайж байгаа хэлбэр нь их өрөвдөлтэй, арга ядсан. “Засгийн газар төрийн байгуулагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албаны зардлыг бууруулах зорилгоосоо ухрахгүй бөгөөд уг асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ажиллах болно” гэсэн өгүүлбэр хуулийн төсөл татах албан бичигт бий. Үндсэн хуулийг хэзээ өөрчлөх юм бэ. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд лав Үндсэн хуулинд өөрчлөлт орохгүй. Угаас энэ УИХ Үндсэн хуулинд гар хүрэхгүй гэдгээ хэлчихсэн. Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн төрийн бүтцэд хийх өөрчлөлт цаасан дээр төсөл хэвээр үлдэх нь тодорхой. Цомхотгоно, танана, хална, хасна гэсэн шийдвэр өчнөөн олон төрийн албан хаагчийг хямраасан нь ойлгомжтой. Талхны мөнгөнөөс эхлээд байрны зээлээ яана даа гэсэн зовиур хүн бүрт бодогдож, сэтгэлийн зовлон болсон нь мэдээж.

Ч.Сайханбилэгийн багийнхан сандал, ширээгээрээ дэнчин тавиад төрийн бүтцийг эмхэлж, цэгцэлсэн бол тэдэнд том оноо болох байлаа. Энэ өөрчлөлт, таналт алдагдалд орсон төсвийн цоорхойд бүрэн дүүрэн нөхөөс болж чадахгүй ч төрийн байгуулалтад чамгүй дэвшил, зөв эхлэл болох байв. Өнөөдөр ч тооцоолж байгаа сонгуульд нь ч нэмэртэй. Гэвч хэдхэн сарын настай суудал, албан тушаалаа чухалчилж, муу дээрээ муухай, муухай дээрээ улцан нэмлээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газраас сайныг хүлээгээд нэмэргүйг харлаа.

Эрх баригчид Засгийн газрыг унагахгүй, цээжээрээ хамгаална гэдгээ тодорхой хэлчихсэн байгаа. Тэгэхээр үлдсэн хугацаанд үлгэн салган ажиллаж, өнөөдөр гаргасан шийдвэрээсээ маргааш буцдаг Засгийн газартай л байх нь. Энэ Засгийн газрын үед эдийн засагт гэгээ татаж, иргэдийн амьдрал дээшилнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй бололтой.

В.Хэрлэн


URL:

Сэтгэгдэл бичих