“Цалин хасна, гэхдээ 10 хувь”
Төрийн албан хаагчдын цалинг бууруулах тухай асуудал яригдсан цагаасаа хойш шүүмжлэл дагуулсаар байгаа. Мэдээж эдийн засаг хүнд байгаа энэ үед хэн дуртай нь аргагүй цалин хасахыг зөвшөөрхөв. Цалин хасалтад эмч, багш, цагдаа зэрэг төрийн үйлчилгээний албаныхан өртөхгүй.
Өчигдир байнгын хороод дээр төрийн байгууллагын бүтцийг хэрхэн өөрчлөх, цалинг бууруулах аргачлалын хүрээнд боловсруулагдсан хуулийн төслүүд хэлэлцэгдсэн. Хэлэлцүүлгийн явцад цалингийн хасалт болон төсвийн таналт яам, агентлагийн хүрээнд хийгдэх асуудал дээр гишүүд санал нэгдсэн.
Өөрөөр хэлбэл, ирэх онд багш, эмч, цагдаа нарын цалин хасагдахгүй, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудын төсвийг танахгүй байх чиглэл барих нь. Гэхдээ зардлыг бол маш сайн танаж, ирэх оны төсвөө төлөвлөсөн гэдгийг тодотгох нь зүйтэй.
Одоогоор Хил хамгаалах байгууллага 480-520 мянган төгрөг, Цагдаагийн албан хаагчид 570-630 мянга, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынх 530-600 мянга, Тахарын ерөнхий газрынх 480-550 мянга, Хууль зүйн туслалцааны төвийнх 360-660 мянга, Улсын бүртгэлийн ерөнхий газрынх 650-700 мянга, Хүний эрхийн үндэсний комиссынх 500-750 мянга, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд 350-900 мянган төгрөгийн цалин авч байгаа юм. Энэ тоо эдийн засаг зүтгүү үед шууд 10 хувиар буурна.
Харин төрийн албан тушаалтнуудын цалин албан ёсоор 30 хувиар буурч, гишүүд туслах, зөвлөхүүдээ цөөлөх замаар цомхотгол хүртэл явагдахыг онцолж байгаа. Энэ утгаараа төрийн байгууллагуудын төсвийг танах ажлууд эрчимжих нь ээ. Өмнөх онуудад урсгал зардлаа нэмж, байгууллагын удирдлагын шийдвэрээр цалин нэмсэн төрийн байгууллагууд хуучин засгийн газраас баталсан цалингийн жишгээс хасалт хийлгэнэ.
Тодруулбал, ЦЕГ-ын төсөв 2010 онд 60.1 тэрбум байсан бол 2015 онд 142.9 тэрбум болж нэмэгдээд буй. Мөн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынх 2011 онд 1.8 тэрбум байсан бол 2015 онд 9.6 тэрбум, Үндсэн хуулийн цэцийнх 2011 онд 436 сая байсан бол 2015 онд 812 сая, Хүний эрхийн үндэсний комиссын төсөв 2010 онд 233 сая байсан бол 2015 онд 869 сая, Улсын бүртгэлийн ерөнхий газрынх 2010 онд 15.2 тэрбум байсан бол 2015 онд 18.8 тэрбум болж нэмэгдсэн байна.
Харин нэгтгэл, татан буулгалтын тухайд байнгын хороод дээр Гааль, татварыг нэтгэх санал ерөнхийдөө дэмжигдсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороог нэгтгэх асуудал гишүүдийн дунд маргаан үүсгэж, дэмжигдээгүй байна. Төрийн өмчийн хороо, худалдан авах ажиллагааны газар зэрэг байгууллагуудыг татан буулгах асуудал одоогоор хүчтэй яригдаагүй байгаа ч гэрлийн хурдаар дэмжигдэнэ гэх магадлал байхгүй.
Засгийн газраас өргөн баригдсан ирэх оны төсөв, энэ оны тодотголууд ерөнхийдөө дэмжигдэх хэлбэртэй байгаа. УИХ-ын дарга З.Энхболд “Төсөв дотроо хөрвөх хэлбэрээр шингээх, өөр тийш нь шилжүүлэх зэрэг ажил хэрэгч саналуудыг хүлээж авна. Харин цалин нэмнэ, шатахууны үнийг бууруулна зэргээр С.Бямбацогт шиг шоу хийж болохгүй” гэх анхааруулгыг байнгын хороон дээр өгсөн.
Ирэх оны төсвийн алдагдлыг 3.3 хувьд бариулахын тулд цалинг 10 хувиар зайлшгүй хасах нь тодорхой болов. Алдагдлыг ингэж барьж чадвал 2017 онд алдагдалгүй төсөв батална. Тийм болохоор төрийн байгууллагууд элдэв асуудлагүй үүсгэлгүй цалингаа хасуулах хэрэгтэй гэсэн тайлбарыг Сангийн яамнаас удаа дараа мэдэгдсээр байна. Одоо бид цалин хасна, гэхдээ 10 хувь гэх УИХ-ын даргын үгээр сэтгэлзүйн бэлтгэлтэй байх л үлдэж байна.
Ж.Мядагбадам
URL: