ЦЕГ-ын дарга Р.Чингис дарга та 14 хоногт хоёр хүний амь хөнөөсөн ажилтнуудынхаа өмнөөс хариуцлага хүлээж чадах уу

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан өнгөрсөн баасан гаригт “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн тухай мэдээлэл бямба гаригт буюу энэ сарын 24-ний өглөө БЗД-ийн Цагдаагийн хэлтэст ирсэн байна. Хэргийн газарт очиход зодуулсан иргэн нэгэн зочид буудалд орж, зодуулж гэмтсэний улмаас амиа алдсан байдалтайгаар олджээ. Хохирогч Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаадаг байсан бөгөөд түүнийг зодож амь насыг нь хохироосон таван хүний гурав нь ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан байсан аж.

Дашрамд сануулахад, энэ сарын 9-ний баасан гаригт Налайх дүүргийн 6-р хороо, “Горхи-Тэрэлж” амралтад Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн 19 албан хаагч амарч яваад хошууч Х-ийн амь насыг хамт ажилладаг ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтан Ө хөнөөсөн хэрэг гарсан. Мөн л баасан гаригийн хэрэг бямба гаригийн өглөө салбарт нь дуулиан тарьсан ч хэвлэлийнхнээс нууж байв. Тухайн үед хэрэгтэн шууд хэргээ хүлээж хоригдсон гэх мэдээлэл дуулдаж байсан ч УМБГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа  гэдгээс өөр мэдээлэлгүй байна. Энэхүү хэргийг хэрхэн шийдвэрлэсэн шүүх хурлыг нээлттэй явуулах нь сонирхолтой.

Ийнхүү цагдаагийн ажилтнууд хүний аминд хүрсэн, тэгэхдээ аргагүй хамгаалалт бус танхайрсан, санаатайгаар хүний амь насыг хохироосон хэрэг энэ сард хоёр удаа гарлаа. Хорь хүрэхгүй хоногийн дотор ЦЕГ-т харьяалагдах дээрх байгууллагын ажилтнууд хүний аминд, нэг нь бүр хамт ажиллаж байсан нөхрийнхөө аминд хүрсэн хэрэг “Энэ байгууллага дотор юу болоод байна? Энэ байгууллагыг Р.Чингис дарга удирдаж чадах уу? гэсэн асуултыг яах аргагүй дагуулж байна. Ийм хугацаанд ингэж нэгнээ хөнөөсөн, цагдаагийн ажилтан бусдын амь насыг хохироосон хэрэг түүхэндээ анх удаа гарч байна гэж хэлэх хүн ч цөөнгүй таарлаа.

ЦЕГ-ын дарга удирдаж буй байгууллага дотор нь болоод байгаа энэ аюултай, түгшүүрт нөхцөл байдлын талаар ямар арга хэмжээ авах бол. Урьдынх шиг сарын цалингийн арав, хорин хувиар торгоод өнгөрөөх үү. Хэрэв энэ байгууллагыг удирдаж чадахгүй бол хариуцлага хүлээж саналаараа огцрох уу. Хоёр хүний амь насыг хохироосон хохирлыг бодоход огцрох зэрэг бол огт хариуцлага хүлээгээгүйтэй адил бус уу.

Нөгөөтэйгүүр цагдаагийн албанд хэн ажиллаад байна вэ гэдэг асуудал нийгмийг түгшээж эхэллээ. Та бүхэн санаж байгаа бол 2013 оны зун буюу Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байхдаа Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хууль батлагдсаны дараа баахан шинэ залуус цагдаагийн байгууллагад орж байсан. Магадгүй салбарынхны ярьдгаар бол цагдаагийн цолны талаарх өөрчлөлттэй холбоотой ч гэдэг юм. Тухайлбал дэслэгчээр гурван жил ажиллаад ахлах дэслэгч цол авдаг байхаар заасныг “дараагийн” Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Монголын нөхцөлд тохирохгүй байна” гэсэн шалтгаанаар өөрчилж, өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хуучин мөрдөж байсан журам үйлчлэх болсон. Дээр дурьдсан ахлах дэслэгч нар ч үүнд хамаатай байх, мөн л 2013 онд ирсэн “шинэвтэр” ахлах дэслэгч нар юм. Шинэ залуусаа дэмжих нь зүйн хэрэг боловч мэдлэг туршлага, ёс суртахууны хувьд “түүхий бүтээгдэхүүн”-үүд цолоо албан тушаал гэж үзээд аархаж өсөрхөж танхайрч явдаг болсон нь тус байгууллагыг удирдаж буй шат шатны дарга нар, ялангуяа Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис хүний нөөцийн асуудалд хариуцлагагүй хандаж байгаатай холбоотой гэж үзэж болохоор байна.

Ямартай ч энэ удаад Элитийн батальоны албан хаагч иргэнтэй санамсаргүй тааралдсан хэрнээ зодсоор байгаад амь насыг нь хөнөөчихсөн Тусгай хэлтсийн ажилтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ. Урьдынх шигээ дарга нарыг нь цалингийн арав хорин хувиар торгоод өнгөрөөх үү. Хохирогчийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь учрах гарз хохирлын өмнө ямар хариуцлага хүлээх вэ. Цагдаагийн байгууллагын нэр хүндийг гутаан, зүй бусаар авирлаж хүний амь хөнөөсөн явдал 14 хоногийн дотор хоёр удаа гарсанд өөрийгөө ямар нэг хэмжээгээр буруутай гэж үзэж байгаа бол хариуцлага хүлээж огцрох уу гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис даргын үг, үйлдлээс харж хүлээж байна. Хэрэв ажлын хариуцлага, байгууллага, албан тушаалын нэр хүндийг хүндэтгэдэг бол тэр огцрох ёстой.

У.Оргилмаа

Zaluu.com


URL:

Нэр: ZOCHIN Огноо: 28 October 2015

ene yamar muuhai huiten hun be harbaas zebuun tsaraitai muuhai hun baina enig halsan deer baihaa

Сэтгэгдэл бичих