Б.Энхбат: Боролзой болжмор
Цасны хяруу хаанаас унадагийг
Цагаалиг болжмор нь яаж л мэдэхэв
Цагийн эрхээр бууралтдагийг нь
Цамаан нас минь мэдэхгүй л явлаа
Суурин айлууд нүүгээд оддогийг
Согсоот болжмор нь яаж л мэдэхэв
Сулдаа л ганхсан хүний заяагаа
Сувдан нас минь мэдэхгүй л явлаа
Жиндүүхэн өвөл болноо гэдгийг
Жиргэмэл болжмор яаж л мэдэхэв
Жилдээ л очдог буурал ижийгээ
Жижигхэн болсныг нь мэдэхгүй л явж дээ
Бор толгодоо шаргалтдагийг
Боролзой болжмор нь яаж л мэдэхэв
Буурал уулс шиг намсах аавыгаа
Бодолд дарагдсаныг нь мэдэхгүй л явж дээ
Хаврын яргуй хаанаас ургадгийг
Харалдай болжмор нь яаж л мэдэхэв
Хүний л жамаар уусч шингэдгийг нь
Хүүдхэн нас минь мэдэхгүй л явлаа
Балбар Энхбат 2015.10.08
URL: