Б.Эрдэнэсолонго: “ӨМД”
/Эсээ/
-Ёстой сайхан таарч дээ. Гол нь үнэтэй авсан юм. Үнэ дагаж чанар гэж. Өнгө нь их зүгээр юм. За өмсчих.
-Би өмсмөөргүй байна аа.
-Өмс л дөө чи. Бараг гурван жил нэг л өнгийн хар өмдтэй явлаа шүү дээ. Ажлын газрынхан чинь юу гэж бодох вэ. Чамайг гурван жил нэг өмдөө тайлсангүй гэж ярина даа. Аягүй бол авгайг нь муу хэлнэ.
-Би өмсөх… гээд дараачийн үгээ залгуулан хэлж дуусаагүй байхад эхнэр яг л цэцэрлэгийн хүүхэд хувцаслаж байгаа аятай өнөөх өмдийг хоёр хөлд углаж огцом дээшлүүлээд цахилгааныг нь таталгүй тэлээлчихэв. Хүүхнүүд хүссэн зүйлээ ямар шаламгай, гэрлийн хурдаар амжуулдаг гээч. Өмнөх долоо хоногт нь согтуу гэртээ ирээд өмдөө тайлж орондоо орохоор тэлээтэйгээ ноцолдсоор үүр цайлгаж, ядарсандаа хана налан суугаад тэнхээ хүрэлгүй тэр чигээрээ налмайн унахад эхнэр маргааш нь юу гэж хэлсэн гээч…
-Би чиний энэ аймаар тэлээний учрыг олдоггүй. Тэгээд тэр чигээр нь чамайг хаясан гэж байгаа юм.
Өмдний суран бүс ташаан толгойг биш хоолой боомилж байгаа аятай царай минь минчийж улайсан байв. Би нэг л өнгийн бас ижил загварын өмдийг нэг дэлгүүрээс хэд хэдийг авчихдаг юм. Хамгийн гол нь тэр өмднүүд надад сайхан таардаг байв. Эхнэртэй болсноос хойшхи хамгийн эрх чөлөөгүй, бас хамгийн эрх чөлөөтэй тэр хэсэг бол бүсэлхий, түүнээс доош явсаар гутлын өсгий хүртэлх орон зай байлаа. Харамсалтай нь тэр хэсэг энэ өглөө эхнэрт эзлэгдчихэв.
-Би энэ өмдийг өмсмөөргүй байна аа.
-Юу гэсэн үг вэ. Өмс. Надад маш их таалагдаж байна. /Түүнд шүү, надад биш/. Тэгээд ч бусад өмднүүд чинь бүгд бохир болсон байна гэнгүүтээ тэднийг юу юугүй хамж аваад бүгдийг нь угаалгын машин руу хийчихлээ.
-Би…
-Чи ер нь сонголт хийхдээ тааруухан ш дээ. За одоо өнгөрсөн, хайр аа. Дахиад өмд байхгүй, за юу.
-…Өмсмөөргүй байна аа.
-За үнсье. Орой ирэхэд нь чиний дуртай тахиа шарна аа. Одоо яв, яв ажлаасаа хоцорлоо. Хүүхэд шиг урвалзаад уйлах нь уу, юун сүртэй юм бэ.
-Би ер нь яагаад…
-Чи ер нь яагаад…
-Чи ер нь яагаад…
-Чи ер нь яагаад…
Ингээд би ер нь… ямар ч гарцгүй болоод хаалга руу алхлаа. Араас эхнэрийн өмд сайхан зохиж байгаа тухай магтаалын үгс, түүний инээмсэглэл хаалга хаагдах хүртэл дагалдав.
…Гудамжаар шинэ өмд туяа татуулан алхаж, доторх зайд нь багтаж ядан чихэлдэх би толгой гудайлган алхана. Ингээд дараах үгсийг өөрөө өөртөө хэллээ.
Нэгт, энэ өмдийг дахин өмсмөөргүй байна.
Хоёрт, энэ өмдний шуумаг нь хэтэрхий нарийн юм.
Гуравт, энэ өмд дороосоо дэндүү богино юм.
Дөрөвт, би Мистер Бин биш юм.
Тавд, энэ бол ерөөсөө өмд биш юм.
Зургаад, энэ өмдний эсгүүр нь буруу юм.
Долоод, энэ өмдний эсгүүр буруугаас суудлыг нь арай л багадуулж оёсон байна.
Наймд, суудал нь богинодсон учраас тэлээлээд дээш татах бүрт нэг газрыг маш хүчтэй, бараг дундуур нь хуваах шахам /араас огцом өшиглөсөнтэй дүйхүйц чангаар/ өвтгөж байна.
Ест, өмдний ухлаадсыг нь хэтэрхий их авсан учраас юм бүхнийг минь үрж байна.
Аравт, товчилгоо нь дэндүү дээгүүр байна.
Арваннэгт, хэтэрхий дээгүүр товчилгоотой учраас тэлээ хүйснээс дээгүүр, яг гэдсээр татагдан амьсгалж чадахгүй байна.
Арванхоёрт, дотор хажлага нь дэндүү хатуу учраас хаа сайгүй холгож байна.
Арвангуравт, халаасны уут нь хэтэрхий том юм. Тиймээс гараа халаасандаа хийх бүрт хуруунууд хүрэх хүрэхгүй зүйлд цүлхийтэл хүрч бондгосхийтэл цочоогоод байна.
Арвандөрөвт, өмд багадсанаас болоод миний алхаанд өөрчлөлт ороод байна.
Арвантавд, би залхаж байна.
Арванзургаад, эмэгтэй хүн шиг ямар маягтай юм бэ гэж хэлүүлмээргүй байна.
Арвандолоод, би чамайгаа гомдоомооргүй байна.
Арваннаймд, би бас өөрийгөө гомдоомооргүй байна.
Арван ест, хар ч гэсэн би өөрийнхөө л өмдийг өмсмөөр байна.
Эцэст нь хэлэхэд энэ өмд намайг маш их шаналгаж байна.
…Ингээд дахин нэг маргааш ирлээ. Гудамжаар өнөөх л шинэ өмд маань туяа татуулан, доторх зайд нь багтаж ядан чирэлдэх би толгой өргөн алхаж байсан юм. Энэ өмдийг өмсөх наян долоон шалтгаан надад байна. Ингээд дараах үгсийг өөрөө өөртөө хэллээ.
Нэгт…
2012 он
URL: