Төрөлжсөн намаас намжсан төр лүү…

Би 1994 онд Дорнод аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг төгссөн. МУИС-ийн Хуулийн сургуульд оюутан болсон. Шинэ Үндсэн хууль батлагдаад хоёр жил л болж байлаа. Бүх юм шинэ. Багш нар аль болох шинэ эрх зүйн тогтолцоо, чиг хандлагыг бидэнд мэдүүлэхийг хүсч байлаа. Харамсалтай нь бүгд хуучин хэвээр байлаа. Шинэ тогтолцоонд шилжсэн гээд тэр нь чухам юу болох талаар бидэнд системтэй мэдлэг өгөх шинэ цагийнх нь боловсон хүчин бэлтгэгдээгүй байв. Ном, сурах бичиг ч байсангүй. Ихэнх нь “социалист эрх зүй” гэсэн үгтэй номнууд байлаа. Ямар сайндаа л нэг багш маань Та нар “социалист” гэх үгийг нь хасаад уншаад байхад л болно доо гэж хэлдэг байв. Нэг тийм шинэ хуучны завсрын үе. Шинэ нь хуучнаасаа давж гарах мэдлэг туршлага үнэндээ байхгүй. Боломж л олговол алдчих гээд л. Тэгсэн атлаа хуучнаа үгүйсгэсэн, үлдэн хөөсөн завсрын үе…

Төрийн албаны тухай хууль 1995 онд батлагджээ. 1990 оноос эхэлсэн төрийн байгууллын шинэ тогтолцоог бүрдүүлэх ажил эрх зүй, зохион байгуулалтын хувьд энэ үед эмхэрлээ. Үүнээс цааш нам төвтэй бус, олон намын улс төрийн тогтолцоог “дэмжсэн” төрийн мэргэшсэн албыг бүрдүүлэх ажил эхэлсэн юм. Ганзагын наймааны оргил үе саарч хүмүүс буцаад төр лүү чиглэх урсгал дөнгөж нэмэгдэж байлаа. 1995 онд батлагдсан Төрийн албаны хуулийн суурь үзэл баримтлал, зарчим, тодруулбал мерит тогтолцоо, төрийн албаны сонгон шалгаруулалт, тогтвортой байх баталгаа, Төрийн албаны зөвлөл гээд суурь “дэд бүтцүүд” нь одоо ч тогтвортойгоор зүй ёсны үүргээ гүйцэтгэж, өнөөгийн Монголын төрийн албаны тогтолцоог бүрдүүлсээр ирсэнийг зориуд тэмдэглэе.

1990 оноос өмнө МАН дангаар засгийн эрх барьж байв. МАН улс төрийн нам гэхээсээ илүү Монголын ТӨР байв. Төрийн цөм боловсон хүчин энэ намд харъяалагдаж, бэлтгэгдэж, энэ намын шүүлтүүрээр орж, энэ намын хатуу чанд сахилга бат, системд хатаагдаж, хүмүүжиж байв. МАН-ын хувьд тэдгээр боловсон хүчнүүд нь үнэлж баршгүй үнэт зүйл нь байлаа. Тэр ч утгаараа МАН бол ТӨРЖСӨН НАМ байв.

Өрсөлдөгч улс төрийн намууд МАН-аас шилдэг гэх боловсон хүчнүүдийг өөртөө татах, урвуулах, эсхүл зайлуулах замаар л МАН-ын хүчийг сулруулах боломжтой гэж харж байлаа. 1996 оны улс төрийн сонгууль Төрийн албаны шинэ хуулийг сайн эсэхийг шалгасан анхны томоохон сорил байв. Дараагийнх нь 2000 оны сонгууль боллоо. Эхнийхэд нь Ардчилсан холбоо эвсэл, дараа нь МАН парламентад үнэмлэхүй ялалт байгуулав. Үүнд сонгуулийн цэвэр можаритар тогтолцоо ч ихээхэн нөлөөлөв. Аль аль сонгуулийн дараа төрийн мэргэшсэн алба улс төрийн намуудын “бялуу хуваарилах дайн”-д бут цохигдов. Намууд янз бүрийн тоо хэлдэг ч эцсийн үр дүнд нь төрийн алба улс төрийн намуудын хавсарга бүтэц, дэмжигч институт болж хувирав.

2002 онд Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль батлагдав. 1996-2000 онд алдагдсан төсвийн сахилга батыг сайжруулж, улс төрөөс ангид, мэдлэг чадварт суурилсан төрийн албыг бэхжүүлж, хувийн хэвшлийн сайн менежментийг төрийн албан днэвтрүүлье гэсэн хууль байлаа. Гүйцэтгэлийн удирдлагын менежментийг сайжруулж, үр дүнд чиглэсэн төрийн албыг бий болгохыг дэмжих зорилготой уг хууль 10 жил Монголын хөрсөнд нутагших гэж чардайтлаа үзээд хүчингүй боллоо. Шалтгаан нь цаг хугацаа, хүний хүлээж авах хөрс, хуулийн орчин, төрийн сангийн бюрократ бүтэц, хүсэл эрмэлзэл гээд олон хүчин зүйлд бий. Тэхдээ хамгийн их нөлөө нь мөнөөх л улс төрийн нөлөөлөл байв. ТӨРЖСӨН НАМААС НАМЖСАН ТӨР ЛҮҮ улам бүр төрийн алба хэлбийж байлаа.

2008 онд Төрийн албаны хуульд нэмэлт, өөрчлөлт орж төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэв. Төрийн албанд намчирхаж, талцах байдал ихэд багасч буй нь надад мэдрэгддэг байлаа. Энэ жилүүдэд эрх баригч хоёр гол улс төрийн намууд хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байв. Төрийн албаны зөвлөлийн статистик судалгаагаар 2004, 2008 оны сонгуулийн дараа төрийн жинхэнэ алба хамгийн тогтвортой байсан байдаг.

Төрийн албан хаагчдын тоо/сүүлийн 10 жилээр/

                        Төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөний байдал /сүүлийн 8 жилээр/

Дээрх тоон мэдээллээс хэд хэдэн дүгнэлт гарч байна.

  1. Төрийн албан хаагчдын тоо жилд дунджаар 7 мянгаар нэмэгдэж ирсэн бөгөөд 2014 онд даруй өмнөх жилийнхээс 14 мянгаар, дунджаас 2 дахин нэмэгдсэн. Сонгуулийн дараахан бужигнаад тогтворждог байсан төрийн албаны шилжилт хөдөлгөөн 2012 оноос тогтворжих нь бүү хэл 2013, 2014 онуудад ч тасралтгүй нэмэгдэж, 2013 онд 5 хувь, 2014 онд 13 хувь нь шилжилт хөдөлгөөнд орсон нь Монголын төрийн алба ихээхэн тогтворгүй болсны илэрхийлэл.
  2. 2012-2014 онд 34 мянган албан хаагч “өөрийн хүсэлтээр”, “өөр ажилд шилжсэн” байхад эсрэгээрээ 30 орчим мянган хүнээр төрийн албан хаагчийн нийт тоо өсчээ. Цалин нэмэгдээгүй атал 2012 онтой харьцуулахад 2016 онд төрийн албан хаагчдын цалинд 600 тэрбум төгрөг нэмэхээр болтлоо төрийн алба томорчээ.
  3. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зардал 2003 онд 615.8 тэрбум төгрөг байсан бол 2014 онд 7 их наяд төгрөг болж, урсгал зардал 0 тэрбум байсан бол 2014 онд 5 их наяд төгрөгт хүрч сүүлийн 10 жилийн хугацаанд ойролцоогоор 10 дахин тэлжээ. Нийт урсгал зардлын өсөлтийн 50 хувь нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлт байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудад төрийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх, нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төр даах, буцалтгүй тусламж, тэтгэмж олгох, элдэв нэмэгдэл цалин, шагнаж урамшуулахтай холбогдсон 47 төрлийн урамшууллын хэлбэрийг хуульчилсан бөгөөд энэ асуудлыг нэгдсэн хяналт зохицуулалтын хүрээнээсээ төр нэгэнтээ алдсан байна. Түүнчлэн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулал, татварын албаныхны урамшуулалд хуулиас гадуур олон арван тэрбум төгрөг олгодог нь нэгэнт ил боллоо.

2015 онд Төрийн албаны зөвлөл анх удаа УИХ-д төрийн албаны тогтворгүйшил үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрснийг тайлагнав. Энэ бол манай улс нэгэнт ТӨРЖСӨН НАМААС НАМЖСАН ТӨР ЛҮҮ шилжсэнийг нотолсон хэрэг байлаа.

Төрийн тэргүүн, хууль тогтоогчид, Засгийн газар ч эрх зүйн зохицуулалтын асуудалд анхаарал хандуулж эхлэв. Эхнээсээ хуулийн төслүүд УИХ-д өргөн баригдлаа. Хуулийн төслүүдэд хэд хэдэн шинэлэг зарчмын асуудал хөндөгдсөн байна. Үүнд:

  • Төрийн жинхэнэ албанд карьерийн зарчмаар албан тушаал дэвшин ажиллах нөхцөлийг хуульчлах. Тухайлбал, тухайн албан тушаалд 5-аас доошгүй жил, нийтдээ 20 жил ажиллаж байж удирдах албант ушаалд томилогдож байхаар хуульчлах
  • Төрийн жинхэнэ албанд түр орлон гүйцэтгүүлэхийг хориглох
  • Төрийн албан хаагчийн гаргасан алдааны улмаас улсад учруулсан хохирлыг төрийн албан хаагчид хариуцуулдаг байх
  • Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд тухайн байгууллагын нийт албан хаагчдын 10 хүртэл хувиас хэтрэхгүйгээр хүний нөөцийн хөдөлгөөн хийх

 

Дүгнэлтийн оронд: Цаашид яах вэ?

  1. Төрийн алба чадварлаг, тогтвортой бол төр чадавхитай байна.

 

Сонгуульд ялсан нам нь төрийн жинхэнэ албыг бужигнуулдаг, төрлийн алба болгодгийн уг үндэс нь Төрийн албаны хуулийн мууд биш ээ. Ганцхан жишээ дурдахад, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2012 оны сонгуулийн дараа Үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа “Одоогийн төрийн алба сүхээр цохьсон ч хөдлөхөөргүй хууль зүйн хамгаалалттай болчихсон байна…” гэж дуу алдаж байсан нь үүний нэг нотолгоо. Манай Улс Захиргааны ерөнхий хуультай боллоо. Хэрэгжүүлэх л үлдлээ.

Төрийн албаны шинэчлэлийгулс төрийн нам, сонгуулийн шинэчлэлтэй уялдуулж, зэрэгцүүлж хийхгүйгээр амжилтад хүрэхгүй.Шат шатны төлөөллийн байгууллагад сонгогдохын тулд нэр дэвшигчид олон хүнд өр тавьж, хөрөнгө, хүн хүч дайчилж, ялсаныхаа дараа тэднийхээ ачийг барагдуулах ялд унадаг нь нууц биш.Улс төрийн намууд нь бодлогын нам болж төлөвшихийг дэмжсэн сонгуулийн тогтолцоо, улс төрийн намыг өөрийг нь шинэчлэхгүйгээр Монгол төрийн албаны сульдаа эмчлэгдэхгүй.

Нөгөө талаар, Монгол Улсын хувьд төрийн албаны эрх зүйн зохицуулалтын асуудалд дан ганц мэргэшсэн, тогтвортой байлгах гэсэн чиг хандлагаас гадна яавал энэхүү хязгааргүй өсөн нэмэгдэлтийг зүй зохистой хэмжээнд нь байлгах вэ, хэрхэн хяналттайгаар хазаарлаж байх вэ гэдэг эдийн засгийн агуулгаар хандах цаг нэгэнт болжээ. Энэ чиглэлээрх парламентын хяналт ихээхэн үгүйлэгдэж байгаа бөгөөд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үзэл санаатай адил Төрийн албаны тогтвортой байдлын тухай хууль гарган, түүгээр төрийн албаны, Засгийн газрын байгууллагын албан хаагчдын тоо, цалингийн сан, захиргааны зардлыг улсын төсөв, ДНБ-тэй харьцуулан ямар хэмжээнд байлгахыг урт болон дунд хугацаанд шалгуур үзүүлэлтээр зааж, тогтвортой мөрдөх саналыг дэвшүүлж байна. Засгийн газрын албан хаагчдын цалингийн сан ДНБ-д эзлэх олон улсын дундаж 8 хувь бол манай улсын хувьд энэ үзүүлэлт 2-3 дахин өндөр хэмжээнд хүрчээ.

  1. Хариуцлагатай төр л чадавхитай байдаг

Хариуцлага бол ардчилсан, эрх зүйт төрийн амин сүнс. Хууль дээдлэх зарчимд хатуу үндэслэсэн, сахилга, дэг журмыг дотооддоо үлгэрлүүлж чадсан төр шиг хүчтэй төр гэж байхгүй.Төрөл садан, найз нөхөд, бүлэглэлийн сүлжээнд дулдуйдсан төр төрийн дархлааг үгүй хийдгийг бид харлаа, мэдлээ. Улс төрийн шалгуураар нэгнээ халж солих тулаанд төгсгөл гэж байхгүйг ойлгох цаг нэгэнт болжээ.

Парламентат ёсыг сонгодог утгаар нь сонгоод даруй 25 жил боллоо. Парламент үнэхээр төрийн мэргэшсэн тогтвортой алба, төрийнхөө хар хайрцагны бодлого, залгамж чанарыг хадгалж, хамгаалалт болж тээж чадахгүйд хүрч байгаа бол ТӨРИЙН ЗӨВЛӨЛ гэх дэргэдээ сургалт, судалгааны институт бүхий бюрократ бүтцийг шинээр байгуулж болох юм. Тогтвортой байдал бол өөрөө төрийн том бодлого.

Намайг энэхүү илтгэлдээ гадаад улс орны туршлага, сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага ярьсангүй гэж магадгүй. Бусад улсын туршлагыг, хууль эрх зүйн орчин, бүтцийн схемийг судлаагүй биш судалсан. Төрийн албаны хуулийн шинэ төслүүдийг ч судаллаа. “Нийтийн алба” нэршилтэйгээр яригдаж байсан хуулийн төслийг ч үзсэн. Нэг л дүгнэлтэд хүрсэн…

Тогтолцооноос хамаарсан шинэчлэл Төрийн албаны харилцаанд зайлшгүй болжээ. Тэхдээ тэр нь юун түрүүн улс төрийн намын шинэчлэлд л байна…

МОНГОЛ ТӨРИЙН НОЁН НУРУУ ҮҮРД БАТ БЭХ БАЙГ…

Баттөмөрийн ЭНХБАЯР

2015.10.26


URL:

Нэр: Dd Огноо: 28 October 2015

Yugaa ilireed bgaa mal we

Сэтгэгдэл бичих