Жүдочид залуучуудын дэлхийн аваргаас гурван медаль хүртээд байна
Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотод болж байна. Энэ удаа 82 орны эрэгтэй, эмэгтэй нийт 555 тамирчин өрсөлдөж байгаагаас манай бөхчүүд 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д эх орноо төлөөлөн барилдсан ОУХМ Ц.Цогтбаатар хагас шигшээд Францын бөхийг ялсан ч гэмтлийн улмаас алтан медалийн төлөөх барилдаанд Японы бөхөд ялагдсан. Тэрээр өнгөрсөн жил АНУ-ын Майами хотод болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль авч байлаа. Ингэснээр ОУХМ Ц.Цогтбаатар залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медалийн эзэн болж байна. Мөн манай улсын ирээдүйтэй бөхчүүдийн нэг итгэл хүлээлгэж буй Ц.Цогтбаатар энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аваргад оролцож, ялалт байгуулж байсан юм.
55 кг-д 35 бөх зодоглосоноос ОУХМ Б.Амартүвшин хүрэл медалиар энгэрээ мялаав. Тэрбээр таван барилдаан хийснээс дөрөв ялж, нэг ялагдсанаар залуучуудын дэлхийн аваргын хошой хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн 44 кг-д ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медалийн эзэн болж, Монгол улс багийн дүнгээр 13-р байрт бичигдэж байна. Тэмцээн өнөөдөр хаалтаа хийнэ.
2015 оны жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргаас медаль хүртсэн орнууд
Г.Төмөр
Unen.mn
URL: