АН-ынхны хожимдсон ухаарал
АН-ынхан төрийн эрх барьж байгаагаа сая л ухаарсан бололтой. Тэд өчигдөр хуваарийн дагуу хуралдсан бөгөөд бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Түүнчлэн тус хуралдаанд УИХ-ын дарга байлцсан. Учир нь, тэрбээр энэ удаад эдийн засгийн хүндрэлийг даван туулахад анхаарал хандуулах хэрэгтэй болсныг хүлээн зөвшөөрснөө илэрхийлэв. Мөн энэ хүндрэлийг даван туулахын тулд дотоодын нөөц бололцоондоо тулгуурлан богино хугацаанд даван туулахаар төлөвлөж байгаагаа онцолсон.
Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Томоохон төсөл хэрэгжүүлж, авто зам, төмөр зам барих гэхээр манайд боловсон хүчин байдаггүй. Тиймээс дандаа гадаадаас ажиллах хүч авдаг. Үүнийг засч дотоодоосоо мэргэжилтэн, ажилтан авах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Үүний тулд цэргийн албыг ашиглана. Өөрөөр хэлбэл, барилгын цэргийн тоог нэмэхээс гадна төмөр замын цэрэг бэлтгэх юм. Санхүүжилтийг нь шийдсэн Гашуунсухайт, Сайншанд, Бичигт боомт гэсэн гурван төмөр замд л гэхэд 10 мянган ажлын байр бий. Энэхүү ажлын байрыг төмөр замын цэргээр хийлгэнэ. Хөдөлмөрийн яамнаас 29 нас хүртэлх, ажил хайдаггүй, сургуульд сурдаггүй 180 мянган иргэн байна гэсэн судалгаа гаргасан. Үүний тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй гэж тооцвол 90 мянган залуу цэрэгт явах боломжтой.
Тиймээс 2016 оны төсөвт 10 мянган залууг төмөр замын цэрэгт элсүүлэх хөрөнгийг тусгахаар төлөвлөж байна. Үүнийг Хөдөлмөрийн яам, БХЯ хамтран хэрэгжүүлнэ” гэлээ. Хэдийгээр энэ нь байж болох хувилбар ч гэлээ АН-ынхан ажил хийх ямар ч боломжгүй болсон үедээ буюу сонгуулийн жил эхлэхээс хэдхэн хоногийн өмнө ийнхүү улс орны бодлогод анхаарал хандуулж эхэлсэн нь сонин үзэгдэл байлаа. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг хүнд байгааг сөрөг хүчнийхэн төдийгүй ард иргэд хангалттай хэлж, энэ талаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатайг сануулсаар ирсэн ч эрх баригч АН-ынхан бодит байдалтай эврэлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
Түүгээр ч зогсохгүй тэд “МАН-ынхан бүх зүйлийг харлуулж байна. Байдал тэгтлээ хүндэрчихээгүй” хэмээн хаацайлсаар өдийг хүрсэн. Гэтэл бодит байдалд эдийн засаг маш хүнд байгаа бөгөөд жилийн эцэс гэхэд төсвийн алдагдал нэг их наядад хүрэх учраас төрийн өндөр албан тушаалтнуудынхаа цалинг 30 хүртэлх хувиар бууруулах саналыг оруулж ирээд байгаа юм. Гэтэл ийм үед дотоодынхоо нөөц бололцоогоор бүтээн байгуулалтын ажлыг хийнэ гэж байгаа нь үнэхээр цагаа олоогүй, хожимдсон ухаарал байлаа. Учир нь, хаа сайгүй сонгуулийн уур амьсгал орсон үед ажлын байр бий болгож, үндэсний ажилчдаа дайчилна гэж байгаа нь бодит ажил болно гэхээсээ илүү сонгуулийн шоу гэж харагдах нь ойлгомжтой.
Тэгээд ч хоёрхон сарын дараа сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх гэж байхад эрх баригч нам ийм санал дэвшүүлж байгаа нь харамсалтай. Үгүй нь гэхэд АН-ынхан монголчуудыг ажилтай байлгаж, баялаг бүтээх хүсэлтэй байсан бол хангалттай хугацаа байлаа. Товчхондоо энэ саналаа ядаж нэг жилийн өмнө гаргах боломж байсангүй юу хэмээн УИХ-ын даргаас асуумаар байна.
М.Өнөрөө
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: