Улиастай – Гачуурт чиглэлийн 11 км авто замыг нээлээ

Улиастайн уулзвараас Гачууртын эцсийн буудал хүртэлх 11 километр замын нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон холбогдох албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов.  Гурван сарын хугацаанд Улиастай – Гачуурт чиглэлийн 11 километр авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг “Үйлсийн зам” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд тус компанийн зүгээс гурван жилийн баталгаа өгч, технологийн эвдрэл гэмтлийг хариуцан ажиллах юм. Харин замын ерөнхий арчлалтыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллана.
Нийт 6,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар засч, шинэчлэгдсэн замын зорчих хэсгийг найман метр болгон өргөсгөж хоёр талд нь хоёр метрийн гүүр, гэрэлтүүлэгтэй болгожээ. Дашрамд сонирхуулахад, дээрх  замыг барихад хуучин хучилтын материалыг газар дээр нь боловсруулж суурь болгон ашигласнаараа онцлог хэмээн “Үйлсийн зам” ХХК-ийн удирдлага хэлсэн үгэндээ онцолж байлаа гэж Баянзүрх дүүргийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих