Монгол цэргүүд төмөр зам барина
Гашуун сухайт, Хөөт, Бичигтийн чиглэлд төмөр зам барих төсөлд 10 мянган шууд ажлын байр гарахаар байгаа юм. Монгол улс төмөр зам барих ажил дээр туршлага дутмаг тул гаднаас ажиллах хүчин авахаар тооцоолсон байсан ч эдийн засгийн хүнд үед дотооддоо ажлын байрыг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн байна.
Тодруулбал, Монгол улс төмөр замын цэргийг тухайлан бэлдэж, шууд ажлын байраар хангах бөгөөд цалин хөлсийг зохиох журмын дагуу тооцон олгохоор яригдаж байгаа аж. төмөр замын цэрэг бэлтгэх, залуусыг мэргэшүүлэх зорилгоор МСҮТ-үүдэд сургах чиглэлд зарцуулах хувьсах зардлыг Зэвсэгт хүчний хөгжлийн санд суулгахаар болсон байна. Ингэснээр төсөвт хүндрэл учруулахгүйгээр эргэн төлөгдөх замаар шийдэх боломжтой гэж албаныхан үзэж буй юм.
Одоогийн байдлаар манай улсад 29 нас хүртэлх тодорхой эрхэлсэн ажилгүй, суралцдаггүй залуусын тоо 180 мянгад хүрээд байгаа бөгөөд тэдний 50 хувь нь эрүүл чийрэг бие бялдар бүхий залуус байдаг аж. Тэгвэл холбогдох албаныхны зүгээс эдгээр залуусыг тодорхой шалгуурт үндэслэн, төмөр замын цэргээр бэлтгэж, ажлын байраар хангах зорилт тавьж буйгаа онцолж байна.
Ж.Мядагбадам
URL: