Ийм их тариа тарих шаардлага байсан юм уу?

-419.1 МЯНГАН ТОНН БУДАА УРГАЧИХААД БАЙДАГ. ТҮҮНЭЭС 50 МЯНГЫГ НЬ ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧИД АВАХААР ГЭРЭЭ ХИЙЖЭЭ-

Өнөө жил улсын хэмжээнд 724.3 мянган тонн ургац хураан авах тооцоо бий. Үүнээс 419.1 мянган тонн буудай хураан авахаас 2012 оны тариалалтад 46.9 мянган тонн, улсын үрийн нөөцөд 15.0 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 199.0 мянган тонн, тэжээл үйлдвэрлэлд 16.0 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 142.1 мянган тонн буудай тус тус нийлүүлэх юм байна.

Өнөөдрийн байдлаар 140-өөд мянган тн үр тариа хураан аваад байна. Гэтэл тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс гурилын үйлдвэрүүд дотоодын буудай авахгүй, ОХУ-аас хямд үнээр буудай худалдан авч байна хэмээн гомдоллох болов. Дотоодын буудайн үнэ өнөөдөр тонн нь 350 мянган төгрөг байгаа бол ОХУ-д 270-280 мянган төгрөгийн үнэтэй байна. Үнийн энэхүү зөрүүтэй байдал нь зарим нэг гурилын үйлдвэрүүдийг ОХУ-аас буудайгаа зөөж байна гэж хардахад хүргээд байгаа. Тиймээс үндэсний томоохон үйлдвэрлэгч болох “Алтан тариа” компани буудайгаа хаанаас авч байгааг тус компаиийн захирал Цэнгүүнээс тодруулахад “Манайх одоогоор хаанаас ч буудай аваагүй. Нөөц буудайгаа хэрэглэж байна гэсэн юм.

ХХААХҮЯ-наас тариаланчдаа дэмжих зорилгоор импортын буудайн татварыг 20 хувь болгон нэмэгдүүлэхээр Засгийн газарт санал оруулаад байгаа аж. Ерөнхийдөө үндэсний гурил үйлдвэрлэгчид дотоодын буудайг авахаар гэрээ хийж эхлээд байгаа гэнэ. Тухайлбал Улаанбаатар гурилын үйлдвэр тариаланчдаас 50 мянган тн буудай авахаар болжээ. Өнөө жилээс буудайн чанар эрс дээшилсэн. Энэ нь олон жил тариа тариалаагүй атаршсан талбай сая хэвэндээ орж байгаагийн шинж гэнэ. Ингэснээр гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гаднаас сайн чанарын буудай хайх шаардлагагүй болж байгаа юм.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд үр тариа хураалт 30, төмс 56.6, хүнсний ногоо 68.2 хувьтай явагдаж байна. Тодруулбал, тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймаг 68920 тн үр тариа, 33384.1 тн төмс, 23975 тн хүнсний ногоо 300 тн малын тэжээл хураан аваад байгаа бол Төв аймаг 32940 тн үр тариа, 38074 тн төмс, 8117.4 тн хүнсний ногоо, 3781.5 тн малын тэжээл тус тус хурааж аваад байна.

Д.ЦОГЗОЛМАА

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих