Хөгжлийн тогтвортой бодлого чухал гэв

1445910057562ed62997ed8МАН-аас зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форум 800 гаруй оролцогчидтойгоор Төрийн ордонд нээлтээ хийлээ. Тус форумд МАН-ын гишүүдээс гадна МҮАН-ын дарга М.Энхсайхан, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар оролцож байгаа юм.

Форумыг нээж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт илтгэл тавилаа. Тэрээр “Улс орнуудын туршлагаас харахад зөв төлөвлөлт, тууштай бодлого чухал. Орос Улс л гэхэд “Манай эх орон” хөгжлийн хөтөлбөр, Хятад улсад “Хятад мөрөөдөл”, Казакстан улс “Казакстан- 2050”, Япон Улс “Таатай нийгэм 2030” гэх мэт дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг боловсруулан баталж, мөрдөж байна. Бид ардчилсан нийгэмд шилжихдээ өмнөх бүхий л зүйлийг үгүйсгэн туйлширснаар “Төлөвлөгөөний комисс” хэмээх улс орны бодлого төлөвлөлтийн уураг тархи болсон байгууллагаа татан буулгасан нь өнгөрсөн хугацаанд гаргасан том алдаа болсон. Социалист 5 жилийн төлөвлөгөө нь улс орны дунд хугацааны хөгжлийн бодлогыг хангадаг байсан. Харин өдгөө төлөвлөлт хэмээх үг социалист лоозон мэт адлагдаж, бүхнийг зах зээл өөрөө зохицуулна гэсэн хийсвэр төсөөлөлд итгэж явсаар Монгол Улс ямар зорилготой, хаана хүрэх гэж байгаа нь тодорхойгүй байдалд оржээ. Одоо Монгол Улс хөгжлийн бодлогоо “ТУГ бодлого” хэмээн нэрлэх нь оновчтой гэж үзэж байна. “ТУГ бодлого” гэдгийг утгын тайлалын хувьд “Хөгжлийн бодлого гэдэг нь Тодорхой бөгөөд Тогтвортой, Урт хугацааны, Гарц гаргалгаатай байх учиртай.” гэдгээр товчлон тайлбарлаж болох юм. Мөн хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай процессийн хуулийг батлан хариуцах эзэнтэй, хяналт тавих механизмтай болгож хэрэгжүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай” гэлээ.

Мөн энэхүү форумд эдийн засагч Н.Дашзэвэг оролцож, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар өөрийн дүгнэлтийг хэллээ. Тэрээр шатахууны үнийг бууруулах юм бол тээврийн зардал буурч тэр хэрээр инфляци буурахад нөлөөлнө. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн оронд Худалдааны тухай хуулийг баталж, хэрэгжүүлэх байсан. Мөнгөний бодлого зөв хэрэгжихгүй байна, инфляцийг 4 хувь руу оруулсан нөхцөлд зээлийн хүү буурах нөхцөл үүснэ. Засгийн газар, төв банкны зүгээс эдийн засгийг тогтворжуулах оновчтой арга хэмжээ авахгүйгээс нөхцөл байдал хүндэрч байна гэсэн юм.

Онцлоход, форум энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд эхний салбар хуралдаан одоо Төрийн ордонд “Улс төрийн тогтолцоо ба зөвшилцөл” сэдвийн дор үргэлжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих