“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга болох гишүүн олдохгүй байна
Улс төрд сүүлийн үед хамгийн их “луу унжиж” байгаа бүлэг бол “Шударга ёс” эвслийнхэн. Өршөөлийн хуулийг хэлэлцэх гэсэн боловч хэлэлцэж чадахгүй байгаа бүх бурууг тус бүлэгт хамааруулаад байгаа. Учир нь тэд Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн хоригийг тусгах асуудалд өнгөрсөн есдүгээр сараас хойш удаа дараалан “чөдөр” тушаа хийж байгаа. Эвслийнхэн байнгын хорооны хурлаас авахуулаад чуулганы хуралдааныг хүртэл удаашруулж байна.
Харин тус бүлэг өнөөдөр даргаа томилж чадахгүй ихээхэн хүнд байдалд орчихоод байгаа аж. Тодруулбал, МАН-ын зургаан сайдыг огцруулж, хамтарсан гэрээгээ дуусгавар болгосныхоо дараа АН-ынхан хоосон зайг эвслийн гишүүдээс нөхсөн. Ингэхдээ Шадар сайдад Ц.Оюунбаатарыг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдад Н.Батцэрэг, Барилга, хот байгуулалтын сайдад З.Баянсэлэнгэ нарын томилсон юм.
Ингэснээр бүлгийн дарга Н.Батцэрэг албан тушаалаа өгөх хэрэгтэй болсон. Гэтэл Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сайдын суудалд суусан хэрнээ өнөөдрийг хүртэл бүлгийн даргын үүрэгт ажлыг давхар хашиж явна. Уг нь бол бүлгийн даргын ажлаа бүлгийнхээ сул гишүүнд өгөх учиртай. Гэвч түүний ажлыг нь авах нэг ч хүн гарч ирэхгүй байгаа аж. Энэ нь эвслийн бүлгийн дотоод зөрчил хурцатаж, бүлгийн даргаа ч сонгож чадахгүй хэмжээнд хүрсний илрэл юм. Н.Энхбаяр ирсэн даруйдаа намынхаа гишүүдэд хандаж бүлгийн даргаа авахыг зөвлөсөн гэдэг. Тэрбээр, “Эвслийн олонхыг бүрдүүлж байж хоёрхон гишүүнтэй намд толгойгоо мэдүүллээ. Ойрын хугацаанд бүлгийн даргаа ав” гэж хэлсэн талаарх яриа гарч байсан.
Н.Батцэрэгийн оронд бүлгийн дарга болох хамгийн магадлалтай хүн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва юм. Гэвч Д.Тэрбишдагва гишүүн өөрөө бүлгээ удирдахыг хүсэхгүй байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох гэсэн боловч тэрбээр Төсвийн байнгын хороон даргаар томилогдчихсон. Бүлгийн даргад яригдаж байсан дараагийн хүн бол О.Баасанхүү гишүүн. МАХН-ын гишүүн О.Баасанхүүг Өршөөлийн хуулийн төлөө тууштай зүтгэж яваад нь талархаж бүлгийн дарга болгох нь гэсэн яриа өнгөрсөн наймдугаар сард саарал ордоор “нисч” байлаа. Гэвч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгджээ. О.Баасанхүү гишүүн намын даргатайгаа түнжин муутай байгаа бөгөөд дарга болох нь байтугай намдаа үлдэх үү, үгүй юу гэдгээ шийдэх дээрээ тулсан. Үүнийг нь нотлох мэт Н.Энхбаяр даргатайгаа таагүй харилцаатай байгаа талаарх мэдээлэл хэвлэлийн хуудсаар олонтаа хөвөрч байна.
Ингээд Шударга ёс бүлэгт гурав жил гаруй хугацаанд нэг ч удаа даргын албан тушаал хашиж үзээгүй УИХ-ын гишүүн Г.Уянга сүүлийн сонголт болон үлдсэн. Гэвч тэд УИХ-ын гишүүн Г.Уянгыг хэзээ ч бүлгийн даргаар сонгохгүй гэж тохирсон байна. Яагаад гэвэл хамтарсан Засгийн газраа огцруулах гэж явдаг бүлгийн дарга байх ёсгүй гэж үзэцгээсэн гэнэ. Оюунтолгойн гэрээнд хариуцлагагүй хандсан гэж Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл боловсруулж, хамтарсан Засгийн газрын хувь заяг үгүй хийхээр яваа үйлдлээсээ болж Г.Уянга гишүүн өнөөдөр хоосон хоцрох нь бололтой. Ингээд Шударга ёс эвсэл дэх “тамын тогооны үлгэр” тун ч сонирхолтой өрнөж байна. Уг нь өнөөдрийн байдлаар тус бүлэг саарал ордонд байгаа намуудын гол дүр нь. Тэдний ямар шийдвэр гаргахаас шалтгааж Өршөөлийн хууль батлагдана. Мөн засгийн хувь заяаг ч гэсэн эвслийнхэн л шийднэ. Тийм ч учраас өнгөрсөн наймдугаар сард АН-ынханыг шантаажилж байгаад сайдын орон тоо гурвыг авсан. Харамслатай эвслийнхэн өнөөдөр бүлгийн даргаа ч сонгож чадахгүй өрөвдөлтэй байдалтай байна.
Тэд бүлгийн даргаа нэн яаралтай сонгож Н.Батцэрэг сайдынхаа ажлыг хөнгөвчлөх хэрэгтэй. Харин хэн байх вэ гэдгээ шийдэх гэж нэлээдгүй мунгинах бололтой. Бодвол гурвын гурван давхар дээлтэй яваа Н.Батцэрэгт нь хэцүү л байгаа байлгүй дээ.
Г.Лхагваа
URL: